Валютын ханш гэж юу вэ ?

Валютын ханш нь тухайн үндэстний мөнгөн тэмдэгтийг өөр үндэстэн эсвэл эдийн засгийн бүсийн мөнгөн тэмдэгттэй харьцуулсан ханш юм. Харьцуулсан ханш өсөх үйл явцыг ханш чангарах гэх бөгөөд эсрэг тохиолдолд ханш сулрах гэж нэрлэдэг. Уг ханшийн өөрчлөлт нь улс орны макро эдийн засгийн тогтвортой байдалд туйлын хүчтэй нөлөө үзүүлдэг учир эдийн засагт оролцогчид валютын ханшийг үргэлж ажиглалтдаа байлгадаг. Иймд хүмүүс валютын ханшийг эдийн засгийн хамгийн халуухан хувьсагч гэдэг.

Валютын зах зээл

Тухайн валют бусад валютаар арилжаалагддаг газрыг валютын зах зээл гэнэ. Уг зах зээлд нэг валют нь нөгөө валютаар солигддог учир нэг валютын эрэлт нь нөгөө валютын нийлүүлэлтийг үүсгэж байдаг. Жишээлбэл, танд АНУ-аас хөгжим худалдаж авахад ам.долларын хэрэгцээ гарсан гэж төсөөлбөл та арилжааны банканд тодорхой хэмжээний төгрөг тушаан (төгрөгийн нийлүүлэлт) ам.доллар (долларын эрэлт) авна. Эдгээр валютуудын солилцох ханш нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тодорхойлогддог.

Валютын ханш нь мөн олон улсын худалдаатай нягт холбогддог. Тухайлбал, ихэнх тохиолдолд валютын эрэлт нь тухайн улсын экспортоос үүсэх бол нийлүүлэлт нь гаднаас орж ирэх импортоос бий болдог. Харин манай орны хувьд бидний гаргаж буй экспорт нь төгрөгийн эрэлтийг бий болгодоггүй ч долларын орох урсгалыг үүсгэдэг. Экспортын дийлэнх хэсгийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тутамд манай улсад доллар орж ирэн үүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх (долларын нийлүүлэлтийг ихэсгэх) замаар гадаад валютын ханшны тогтвортой байдлыг хангадаг.

Эх сурвалж: (Монголбанк, 2022)

Монгол улсын нийт гадаад валютын албан нөөц Орос-Украины дайнаас үүдсэн олон улсын хямрал, ковидын хямрал гэх зэрэг олон шалтгаануудын улмаас сүүлийн 8 сарын хугацаанд тасралтгүй багассан байна.

Гадаад валютын ханшийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Гадаад валютын ханш сулрах нь олон сувгаар дамжин нийт макро эдийн засагт нөлөөлдөг бөгөөд манай улсын хувьд учирч болзошгүй цөөн эрсдэлийг авч үзье. Тухайлбал, валютын ханш сулрах нь экспортын бүтээгдэхүүнийг гадаад улсад илүү үнэтэй болгож, экспортыг бууруулах эрсдэлтэй. Харин эсрэгээрээ ханш сулрах нь гадаадаас орж ирэх бараа бүтээгдэхүүнийг илүү үнэтэй болгож, дотоодын хэрэглэгчдэд үнийн дарамтыг бий болгодог. Монгол Улсын хувьд хойд ба урд хөршөөс орж ирэх импортоос ихээхэн хараат байдаг тул ханш сулрах нь инфляцад хүчтэй сөрөг шок үзүүлдэг. Нөгөөтээгүүр ханш сулрах нь манай улсын нийт гадаад өрийн хэмжээг ихэсгэх аюултай. 2022 оны 6-р сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагаас засгийн газар болон монголбанкны өр тус тус 8.5 ба 2.6 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын ханш үргэлжлүүлэн сулрах нь манай улсын төлөх нийт өрийг ихэсгэж, макро эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлэх аюултай.

Валютын ханшийн бодлогууд

Валютын ханш нь тухайн улсын макро эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг хувьсагч учир засгийн газар ба төв банкнаас валютын ханшид чиглэсэн дараах бодлогуудыг хэрэгжүүлдэг.

  • Хөвөгч ханшийн бодлого: төв банк гадаад валютын зах зээлд шууд оролцохгүй бөгөөд тухайн валютын ханш маань зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тогтоогддог байна.
  • Тогтмол ханшийн бодлого: засгийн газар болон төв банкнаас гадаад валютын зах зээл дээр оролцох бөгөөд эрэлт, нийлүүлэлтийн нөлөөг хязгаарлаж тухайн валютын ханшийн тодорхой нэг утга дээр тогтмол барих бодлого юм.
  • Зохицуулалттай хөвөгч ханш: валютын ханшийн төлөвлөсөн замыг сонгож, тус замаа дагахын тулд гадаад валютын зах зээлд оролцдог бодлого юм 

Хүчтэй доллар

АНУ-ын төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ энэ онд гурав дахь удаагаа 0.75 хувиар нэмээд байна. Энэхүү мөнгөний бодлого нь ам.долларын нийлүүлэлтийг нэгдүгээрт багасгаж, хоёрдугаарт өндөр хүүний өгөөж хайсан хөрөнгө оруулагчдыг АНУ-д татах замаар ам.долларын чангарлыг дэлхий дахинд бий болгож байна.

Эх сурвалж: (Монголбанк, 2022)

Ам.доллар сүүлийн хорин жилийн турш байгаагүй өндөр түвшинд хүчтэй байна. 2022 оны есдүгээр сарын төгсгөлийн нөхцөл байдлаар Английн фунт ам.долларын эсрэг түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн байна. Манай улсын хувьд ч ердөө гурван улирлын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 17.4%-иар сулраад байна.

Ашигласан материал

Chen, J. (2021, 9 24). Exchange rate definition. Investopedia

Gura, D. (2022 оны September 28). The dollar is surging. This is who gets helped — and hurt — by its newfound strength.

Lyons, D. (2018, 07 28). 10 Fascinating facts about foreign currency. Retrieved from Babble Magazine

NSO. (2022, October 9). ГАДААД ВАЛЮТЫН ХАНШ, сараар.

NSO. (2022 оны October 9). МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, улирлаар.

Parkin, M. (2008). Macroeconomics. Boston: Greg Tobin.

Монголбанк, Санхүүгийн Боловсрол. (2020). Валютын ханш.