Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

ДНБ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой хугацаанд тухайн улсад үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн өртгийг хэлнэ. 

Тодорхой хугацаанд: ДНБ нь тодорхой хугацаан дахь, ихэвчлэн улирал, эсвэл жилийн үйлдвэрлэлийн өртгийг хэмждэг. 

Тухайн улсад үйлдвэрлэгдсэн: Улс дотроо үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээ л тухайн улсын ДНБ-д тооцогдоно.

Эцсийн бараа, үйлчилгээ: Тодорхой хугацааны туршид эцсийн хэрэглэгчийн худалдан авсан зүйл юм. 

ДНБ-ийг үйлдвэрлэлийн, зардлын (эцсийн ашиглалтын), орлогын гэсэн 3 аргаар тооцно.

Зардлын арга: Хэрэглээний зардал (C), хөрөнгө оруулалт (I), бараа, үйлчилгээнд зарцуулах засгийн газрын зардал (G), бараа үйлчилгээний цэвэр экспорт (NX) -ын нйилбэрээр ДНБ-г тодорхойлдог. 

GDP=C+I+G+NX

Орлогын арга: Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг ашигласныхаа төлөө пүүсүүд өрхүүдэд төлж буй орлогын нийлбэрээр ДНБ-ийг тооцдог. Ингэхдээ үндэсний орлого (TNI), шууд бус татвар (T), элэгдэл (D), эзэмшигчийн орлого (F) -ын нйилбэрээс татаас (S) -ыг хассанаар ДНБ-г тодорхойлдог. 

GDP=TNI + (T – S) + D + F

Үйлдвэрлэлийн арга: Үйлдвэрлэлийн арга нь үндсэндээ зардлын аргын эсрэг юм. Үйлдвэрлэлийн арга нь эдийн засгийн бүтээгдэхүүний нийт үнэ цэнийг тооцоолж, энэ явцад зарцуулсан завсрын бүтээгдэхүүний өртгийг хасдаг.

GDP=RGDP – (T – S)

Нэрлэсэн ДНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэсэн эцсийн бараа, үйлчилгээг тэр жилийнх нь үнээр тооцсон өртөг юм.

Бодит ДНБ гэдэг нь тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн эцсийн бараа, үйлчилгээний өртгийг тогтмол үнээр илэрхийлсэн дүн юм. 

Эх сурвалж

E-Paper. (2021). The Economic Times. Retrieved from https://economictimes.indiatimes.com/definition/gross-domestic-product

Fernando, J. (2021, 4 7). Investopedia. Retrieved from https://www.investopedia.com/terms/g/gdp.asp

Parkin, M. (2008). Macroeconomics. United States of America: Greg Tobin.