Инцляци гэж юу вэ ?

Инфляци нь хэрэглээний сагсыг бүрдүүлж буй бараа үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлэх ба энгийнээр бол Инфляци нь бараа, үйлчилгээний үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт гэж ойлгож болно (Санхүүгийн боловсрол).

Инфляцийн түвшин нь өмнөх үетэй харьцуулахад үнийн ерөнхий түвшин хэдэн хувиар өссөн бэ? гэдгээр хэмжигдэнэ.

Инфляци өндөр байх нь таны орлого, таны мөнгө төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин буурах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч жолоодлогогүй инфляцийн улмаас хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж үйлдвэрлэл буурах, улмаар үйлдвэрлэл буурах, татвар нэмэгдэх аюултай. Мөн цаашлаад санхүүгийн систем тогтворгүй болох, эдийн засаг тогтворгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Гэвч бид дифляци (үнэ буурах)-ийг зөв гэж ойлгож болохгүй. Үнэ буурах нь бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй байдаг, учир нь ирээдүйн зарах бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдэхгүй. Энэ нь ажиллагчдынхаа цалин өсөхгүй, эсвэл урамшуулал олгохгүй гэсэн үг юм. Ингэснээр ажиллагчид хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж, үйлдвэрлэл буурахад нөлөөлнө.

Нөгөө талаар бол инфляци нь сөрөг нөлөөтэй боловч инфляци өслөө гэдгийг зөвхөн барааны үнэ өслөө гэж ойлгож болохгүй юм. Бодит амьдрал дээр тухайн барааны чанар нь, үйлчилгээ нь сайжирсны улмаас үнэ нэмэгдэж байдаг. Иймээс инфляцийн түвшин өссөн тохиолдол бүрд эдийн засаг буруу ажиллаад байна гэж дүгнэж болохгүй юм.

Иймээс үнэ урт хугацаанд нам тогтвортой хэмжээнд өсөх нь хамгийн зохистой.

Бүх бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг улсын хэмжээгээр нэг бүрчлэн хэмжих боломжгүй. Иймээс хүн амын өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээг сонгон авч, тэдгээрийн үнийн дундаж өөрчлөлтийг тооцдог. Сонгон авсан эдгээр бараа, үйлчилгээг “Хэрэглээний Сагсны Бараа, Үйлчилгээ” гэнэ (Монгол банк).

Эх сурвалж:

  • Монгол банк. (n.d.). ҮНИЙН ТҮВШИН. Улаанбаатар хот. Retrieved from mongolbank.mn.
  • Санхүүгийн боловсрол. (n.d.). ИНФЛЯЦИ. Retrieved from Санхүүгийн боловсрол: https://sankhuugiinbolovsrol.mn/cdn/pdf/setguulch3.pdf