Монгол Улсын инфляцын нөхцөл байдал, 2022 оны 10-р сард
Монголын инфляц өндөр байна.
Манай улсын инфляц 2021 оны II-р улирлаас
хурдацтай өсөж эхэлсэн бөгөөд 2022 оны 6-р сарын байдлаар 16.1%-д хүрсэн.
Сүүлийн улиралд үнийн өсөлт бага зэрэг саарч 9-р сард 13.8% болов.
Хүнсний барааны үнийн өсөлт инфляцад хамгийн их нөлөө үзүүлж байна. 9-р сард хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт инфляцын 32%-ийг тайлбарлаж байгаа бол тээвэр болон хүнсний бус барааны үнийн өсөлт инфляцын 12% болон 15%-ийг тус тус бүрдүүлэв (Зураг 1).
Зураг 1. Инфляц, голлох хэрэглээний барааны бүлгээр,%, сараар

2022 оны 7-р сараас үнийн өсөлт саарч эхэлжээ. 7-р сараас хүнсний бараа, ундаа, ус болон тээврийн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарснаар инфляц ялимгүй буурав (Зураг 1).
Инфляцын өсөлтөд Ковид-19 болон Орос – Украйны дайн голлох нөлөө үзүүлэв. Сүүлийн 3 жилд дэлхий нийтийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ удааширч, бараа бүтээгдэхүүн, шатахуун болон тээврийн үнэ өссөн. 2019-2021 онд Ковид-19-өөс шалтгаалан улс орнууд хилийн хориг тавьснаар нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан. Харин 2022 он гарснаар Орос–Украйны дайн дэгдэж улмаар Европ тивийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ доголдсон.
Импортын барааны үнийн өсөлт инфляцад түлхүү нөлөөлж байна. 2022 оны 9 сард импортын барааны үнийн өсөлт инфляцын 56%-ийг тайлбарлаж байна (Зураг 2). Ялангуяа импортын хүнсний бус барааны үнийн өсөлт нөлөө ихтэй байв. Сүүлийн саруудад инфляц бага зэрэг буурч байгаа нь импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт саарсантай холбоотой.
Зураг 2. Импортын барааны инфляцад үзүүлэх нөлөө, %, сараар

Импортын 14.5%-ийг эзэлж буй шатахууны үнэ 2021 оны 6 сараас хойш огцом өсөв. Бүх төрлийн шатахууны үнэ 2021 оны 7-р сараас хурдацтай өсөж эхэлсэн бөгөөд 2022 оны 6-р сар хүртэл жилд дунджаар 60 орчим хувиар өсжээ. Сүүлийн саруудад шатахууны үнийн өсөлт саарч 9-р сарын байдлаар А-80 болон А-92 авто бензиний үнийн жилийн өсөлт 17%-д хүрэв (Зураг 3).
Зураг 3. Монгол Улсын шатахууны үнийн жилийн өсөлт, %

2021 оны 5 сараас чингэлэгт тээврийн үнэ огцом өсөж эхэлсэн нь импортын барааны үнийн өсөлтөд нөлөөлөв. Ковид-19 цар тахал эхэлж улс орнууд хилийн хориг хязгаарлалт хийснээр тээвэрлэлтийн сүлжээнд доголдол үүссэн. Улмаар тээврийн үнэ хурдацтай өсөж 2021 оны 9-р сард нэг чингэлгийн тээврийн үнэ 10.4 мянган ам.долларт хүржээ. Түүнээс хойш аажим буурч, 2022 оны 9-р сард 4 мянган ам.долларт хүрээд байна (Зураг 4).
Зураг 4. Дэлхийн чингэлэгт тээврийн үнэ, мянган $, 40

Импортын хүнсний үнэ өсөлттэй байна. 2016 оны суурь үнээрх Дэлхийн хүнсний үнийн индексийг Зураг 5-д дүрслэв. Дэлхийн хүнсний үнэ 2020 оны 9 сараас 2022 оны 4 сар хүртэл эрчимтэй өсөж 162-д хүрээд, буурч эхэлжээ. 2022 оны 8 сард тус индексийн утга 139-д хүрч, 4-р сартай харьцуулахад 14.2% буурав. байсан бол бөгөөд 4 сараас хойш буурч эхэлжээ. Дэлхийн хүнсний үнэ хугацааны хожимдолтойгоор инфляцад нөлөөлж байгаа ба цаашид Монгол Улсын хүнсний үнийн өсөлт бага зэрэг буурах төлөвтэй байна (Зураг 5).
Зураг 5. Дэлхийн хүнсий үнийн индекс (Global price of food index), сараар

Дотоодын хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ инфляцад нөлөөлж байна. Голлон хэрэглэгддэг дотоодын бараа бүтээгдэхүүний төлөөлөл болох мах, талх, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ нь 2020 оны 10 сараас хойш эрчимтэй өсөж байна. Тухайлбал, үхрийн ястай махны үнэ 2020 оны 10 сараас огцом өсөж эхэлсэн ба 2021 оны 12-р сард үнийн өсөлт 25.4%-д хүрч байв. Үүнээс хойш үхрийн махны үнийн өсөлт саарчээ. Харин сүү болон талхны үнэ 2021 оны 9-р сараас өсөж эхэлсэн ба 2022 оны 8-р сарын байдлаар сүү болон талхны жилийн өсөлт харгалзан 28.2% болон 33.4%-д хүрэв. (Зураг 6).
Зураг 6. Дотоодын үхрийн мах, гурил(зүүн) болон төмсний(баруун) үнийн өсөлт,
%, сараар

Монгол Улсын инфляц олон улсын түвшнээс харьцангуй өндөр байна. Манай улсын инфляцын түвшин Ковид-19 цар тахлын өмнөх үе буюу эдийн засаг тогтвортой байхад 2019 онд 7.3% байсан. 2022 оны байдлаар манай улсын инфляцын түвшин Зүүн Өмнөд Азийн хөгжиж буй улсуудтай харьцуулахад харьцангуй өндөр буюу 14.8% хүрсэн байна. Гэвч Лаос болон Мьянмар зэрэг улсуудтай харьцуулахад инфляцын өсөлт харьцангуй бага байна (Зураг 7).
Зураг 7. Монгол болон Зүүн Өмнөд Азийн хөгжөж буй улсуудын инфляцын
түвшин, %

НОМ ЗҮЙ
Drewry. (2022). World Container Index:
https://infogram.com/world-container-index1h17493095xl4zj
Economic Research. Economic Research. Economic Research:
https://fred.stlouisfed.org/series/PFOODINDEXM#0
The World bank. Inflation, consumer prices. The World bank:
https://data.worldbank.org/indicator/FP.CPI.TOTL.ZG
Үндэсний статистикийн хороо. Үндэсний статистикийн хороо:
https://1212.mn/BookLibrary.aspx?category=0042
Үндэсний статистикийн хороо. Статистик мэдээллийн нэгдсэн сан.
Гол нэрийн зарим барааны дундаж үнэ:
https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0600_019V1