Улсын төсөв нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд Засгийн газраас улсын төсөв буюу мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг үүсгэж, түүнийг захиран зарцуулдаг. Улсын төсвийн тухай хуулийг өмнөх оны 11 сарын 15-ны дотор УИХ хэлэлцэн баталж, төсвийн гүйцэтгэлийг сар, улирал, хагас жил, жилээр тайлагнадаг байна. Дээрх тайлангуудаас бид төсвийн бүрдэл хэсэг, түүний ашиг алдагдлыг харж, хуримтлагдсан орлого хэрхэн хуваарилагдан хэр гүйцэтгэлтэй байгаа зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой.

Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдал, улсын өрийн дарамт, бонд, төсвийн алдагдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар нарийвчлан судлахад оршино.

Сэдвийн судлагдсан байдал:

Улсын төсвийн талаар олон тооны судалгаа гадаад болон дотоодод хийгдсэн байдаг. Монгол Улсад хийгдсэн судалгааны ажлуудад төсвийн орлого, зарлагын шинжилгээ, татварын болон татварын бус орлогыг нарийвчлан судалсан байдаг. Мөн төсвийн алдагдалын макро эдийн засгийн үзүүлэлтүүд дэх нөлөөг судалсан байна. Тухайлбал:

  • Б.Энхдалай (2005) судалгааны ажилд 1990-2004 оны татварын орлогын мэдээллийг ашиглан төсвийн орлого, зарлагын зохицуулалт, үр ашигт байдал, төсвийн алдагдлын гол шалтгааныг харуулахыг зорьжээ. Түүнчлэн төсөв алдагдалтай байж болно харин түүнийг тодорхой хэмжээнд барьж байх нь чухал гэсэн дүгнэлтийг өгчээ.
  • Л.Даваажаргал, О.Цолмон (2019) нар Монгол Улсын Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг VAR (vector autoregression) болон Threshold SVAR (Босго утгат бүтцийн VAR) загвар ашиглан судалсан бөгөөд төсвийн бодлогын шок эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг, төсвийн алдагдлыг ямар ч тохиолдолд бууруулах хэрэгтэй бөгөөд урт хугацаанд улсын нэгдсэн төсөвт бүтцийн реформ хийх хэрэгтэй гэсэн үр дүнд хүржээ.

Мөн гадаад судлаачдын төсвийн бодлогын макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийг судалсан дараах ажлууд байна.

  • Giordana болон бусад (2007) нарын судалгааны ажлаар төсвийн бодлогын макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх нөлөөг үнэлсэн байна. Үр дүнд нь засгийн газрын зардал нэмэгдэх нь Бодит ДНБ, ажил эрхлэлт, хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалт, инфляцыг нэмэгдүүлдэг бол төрийн албан хаагчийн цалин өсөх нь үйлдвэрлэлд нөлөөгүй, ажил эрхлэлтийг бууруулдаг. Харин цэвэр орлогын хувьд бүх макро хувьсагчдад нөлөөгүй байгааг онцолсон.
  • Halkawt ismail m-amin (2015) судалгааны ажилд Малайз улсын төсвийн алдагдалд үзүүлэх макро эдийн засгийн хувьсагчдын нөлөөг үнэлсэн. Энэхүү судалгааны ажилд хүүгийн түвшин, төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, үндэсний хадгаламжийн төсвийн алдагдалд үзүүлэх нөлөөг авч үзсэн бөгөөд ингэхдээ 1980-2013 оны хугацаан цуваан өгөгдөлд олон хүчин зүйлийг регрессийн шинжилгээ хийж, засварлан үнэлжээ.

Монгол Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдал

Монгол Улсын төсвийн орлого

Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжихийн хэрээр улсын төсвийн орлого тасралтгүй өссөөр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд улсын төсвийн орлого 31 дахин(жилд дунджаар 20.23 хувийн өсөлт) өсжээ. 2021 оны байдлаар улсын төсвийн орлого 12.7 их наяд төгрөг байв.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2020 онд улсын төсвийн орлого тасалдаж, 2019 онтой харьцуулахад 13.9 хувь буурч байв.Харин 2021 онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэснээр улсын төсвийн орлого хурдацтай өсжээ.

График 1. Монгол Улсын төсвийн орлого 2004-2023, их наяд.төг

* таамаглал
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Сангийн яам

Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг татварын орлого бүрдүүлдэг ба төсвийн орлогын хэлбэлзэл нь татварын орлогын хэлбэлзэлтэй холбоотой. 2021 онд татварын орлого нийт төсвийн орлогын 88.8 хувийг эзэлж, 11.3 их наяд төгрөгтэй тэнцэж байв.

Монгол Улсын төсвийн зардал

Монгол Улсын төсвийн зардал тасралтгүй өссөөр байгаа ба сүүлийн жилүүдэд өсөлт нь эрчимжиж байна. Сүүлийн 20 жилд Улсын төсвийн зарлага 30 дахин өсөж 2021 онд улсын төсвийн зардал 15.6 их наяд төгрөгт хүрээд байна. Харин 2009, 2015, 2017 онуудад эдийн засгийн өсөлт саарч байсантай холбоотойгоор төсвийн зарлага өмнөх онтой харьцуулахад буурч байв (График 2). 

Засгийн эрхийг Ардчилсан нам барьж байх онуудад төсвийн зардал өмнөх онуудаас 9.7 хувийн өсөлттэй байсан бол Монгол ардын нам эрх барьж байх хугацаанд буюу 2016 оноос хойш дунджаар 33.5 хувиар өссөн байна. Мөн сонгуулийн жилүүдэд төсвийн зардлын өсөлт хурдсаж байв. Тухайлбал, 2012 онд төсвийн зардал 20.4 хувь 2016 онд 33 хувь өссөн байна.

График 2. Монгол Улсын төсвийн зардал 2004-2023, их наяд.төг

* таамаглал
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Ковид-19 цар тахлаас үүдэн төсвийн зарлагын өсөлт хурдсав. 2019 онд төсвийн зардал 11.6 их наяд төгрөг байсан бол 2021 онд 15.6 их наяд болж өссөн бөгөөд үүнд урсгал зардлын өсөлт голлох нөлөөг үзүүлэв.

Сүүлийн хориод жилийн хугацаанд урсгал зардлын төсвийн зардалд эзлэх хувь дунджаар 75.9 хувь байсан бол өнгөрсөн 3 жилд энэхүү хувь хэмжээ өсөж 2021 оны байдлаар 81.8 хувьд хүржээ. 2021 онд улсын төсвийн урсгал зардал 12.7 их наяд төгрөгтэй тэнцэж байв.

Монгол Улсын төсвийн тэнцэл

Сүүлийн 20 жилд Монгол Улсын төсвийн зардалыг орлогоосоо давуулан төсөвлөснөөр улсын төсөв алдагдал хүлээж байсан ба алдагдалаа гол төлөв гадаад, дотоодын бондоор санхүүжүүлж байв. Ялангуяа сүүлийн 10 жилд төсвийн тэнцлийн алдагдал их наядаар хэмжигдэхүйц их байжээ.

2021 онд улсын төсвийн алдагдал 2.9 их наяд байсан ба эдийн засгийн өсөлт саарсан жилүүд болох 2016, 2020 онуудад төсвийн тэнцэлийн алдагдал 3.66 болон 4.48  их наяд төгрөгт хүрч байв. 2020 онд улсын төсвийн алдагдал огцом өссөн нь Ковид-19-өөс шалтгаалан төсвийн орлого тасалдаж, урсгал зардал өссөн нь гол шалтгаан нь байв.

Харин Монгол Улсын төсвийн тэнцэл 2010 болон 2018 онд эерэг тэнцэлтэй гарч байсан ба энэ нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн байсан.

График 3. Монгол Улсын төсвийн тэнцэл 2004-2021, тэрбум.төг

* таамаглал
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эдийн засгийн уналттай, өсөлт саарсан жилүүдэд улсын төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдлаа санхүүжүүлэх зорилгоор ОУВС-ийн хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байв. ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байсан санхүүжилтийг Хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хийгдсэн санхүүжилт

ОнХөтөлбөрХэмжээ, сая ам.доллар
11991-1992Стэнд бай54
21993-1996ECF буюу хөнгөлөлттэй зээл29.7
31997-2000ECF45
42001-2005ECF37
52009-2010Стэнд бай229.2
62017-2020Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр5500
Эх сурвалж: imf.org

Хамгийн сүүлд 2017 онд тус хөтөлбөрт хамрагдсан ба ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг татсан. Мөн төсвийн сахилга батыг хангаж, улсын төсвийн зардлаа боломжит хэмжээгээр танаж байсны үр дүнд 2018 онд Монгол Улсын төсөв эерэг тэнцэлтэй гарсан байна. Гэвч уг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дууссанаар төсвийн сахилга бат алдагдаж улсын төсвийн алдагдал нэмэгдэж байна.

2022 болон 2023 оны төсвийн нөхцөл байдал

2022 онд төсвийн тэнцэл 2.4 их наяд, 2023 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлөн баталсан байна. Энэхүү төсөөлөлдөө хүрч чадвал 2023 оноос төсвийн алдагдлын хэмжээ тогтвортой буурах юм (График 3).

2022 оны төсвийн зардал 17.9 их наяд төгрөгийн төсөөлөтэй байгаа нь өмнөх оноос 14.8 хувь өссөн үзүүлэлт байна. Харин 2023 онд 20.5 их наяд төгрөгийн төсөв баталсны  74.5 хувийг урсгал зардал, 26 хувиaр хөрөнгийн зардал, үлдсэн хувийг эргэж төлөгдөх цэвэр зээл эзэлж байна (График 2).

Монгол Улсын өр, бонд

Монгол Улсын засгийн газрын өр

Улсын төсөв байнга алдагдал хүлээж ирсэн тул улсын нийт өр жилээс жилд улам өссөөр байна. 2021 оны байдлаар Монгол Улсын Засгийн газрын нийт өр 21.7 их наяд төгрөгт хүрж, өрийн ДНБ-д эзлэх хувь 62.3 хувьтай байлаа. Ковид-19-тэй холбоотойгоор улсын төсвийн орлого тасалдсанаар 2020 онд Монгол Улсын нийт өр 27.9 их наядад хүрч, өрийн ДНБ-д эзлэх хувь 74.5 хувь болж өрийн хязгаараа давж байв. Харин 2021 онд “Чингис” бондын эхний өр болох 500 сая ам.доллар болон Димсам бондын төлбөрийг Гэрэгэ бондоор санхүүжүүлснээр өрийн ДНБ-д эзлэх хувь буурч, өрийн хязгаарт багтав.

Засгийн газрын нийт өрийн дийлэнх хувийг гадаад өр бүрдүүлдэг. 2021 онд засгийн газрын өрийн 90.8 хувийг гадаад өр бүрдүүлж байв. Гадаад өрийн үлдэгдэл 2021 оны эцсийн байдлаар 8.5 тэрбум ам.доллар хүрснээс 34 хувийг гадаад үнэт цаас, 66 хувийг гадаад зээл эзэлж байна

Монгол Улсын гадаад өр

Гадаад өрийн хамгийн их хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг эзэлж байна. Монгол Улсын нийт гадаад өр 2020 онд 32.4 тэрбум ам.доллар байсан бол 2021 оны мөн үед 33.8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Харин 2022 онд 33.3 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байна. 2021 онд улсын нийт гадаад өрийн 40 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. 

График 6. Монгол Улсын гадаад өрийн бүтэц 2010-2022, тэрбум ам.доллар

* таамаглал
Эх сурвалж: Сангийн яам

Засгийн газрын гадаад бонд

Эх үүсвэр татан төвлөрүүлэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор сүүлийн 10 жилийн хугацаанд засгийн газар дараах үнэт цааснуудыг гаргажээ.

Хүснэгт 2.Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээлэл

НэрГаргасан огнооХэмжээ /гадаад валют, саяаар/Купон /хувь/Хугацаа /жил/Төлбөрийн мэдээлэл
1Чингис-5002012.12.05500 ам.доллар4.1255Төлөгдсөн: Гэрэгэ бонд
2Чингис-10002012.12.051000 ам. доллар5.12510Эргэн төлөлт: 2022 оны 12-р сарын 05
3Димсам2015.06.301000 юань7.53Төлөгдсөн: Гэрэгэ бонд
4Мазаалай2016.04.06500 ам.долл10.8755Төлөгдсөн: Номад бонд
5Хуралдай2017.03.09600 ам.доллар8.757Төлөгдсөн: Номад бонд
6Гэрэгэ2017.10.26800 ам.доллар5.6255Эргэн төлөлт: 2023 оны 05-р сарын 01
7Номад2020.09.28600 ам.доллар5.1255.5Эргэн төлөлт: 2026 оны 04-р 07
8Сенчири2021.06.28500 ам.доллар3.56Эргэн төлөлт: 2027 он
9Сенчири2021.06.28500 ам.доллар4.4510Эргэн төлөлт: 2031 он
Эх сурвалж: Сангийн яам
 

Ойрын жилүүдэд Чингис болон Гэрэгэ бондуудын эргэн төлөлт хийгдэхээр хүлээгдэж байгаа ба энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт болохоор байна. Тухайлбал, 2022 оны 12-р сарын 05-нд 5.125 хувийн купонтой 1 тэрбум ам.долларын Чингис бондын, 2023 оны 05-р сарын 01-нд 800 сая ам.долларын Гэрэгэ зэрэг бондуудын төлбөр эргэн төлөгдөх хуваарьтай байна. Хамгийн сүүлд гарсан бонд болох Сенчири бондыг 2022 онд төлөгдөх Чингис-1000 болон 2023 онд төлөгдөх Гэрэгэ зэрэг бондын 1.6 тэрбум ам.долларын өр төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан бөгөөд уг бондыг түүхэн дэх хамгийн бага хүүгийн түвшинд гаргасан билээ. Сенчири бондын хөрөнгөөр 2022-2023 онуудад манай улсаас гарах валютын төлбөрийг 1 тэрбум ам.доллароор бууруулсан болно.

Төсвийн алдагдалд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ

Үнэлгээний аргазүй

VAR загварVAR загвар нь системт загварын нэг төрөл бөгөөд гол зорилго нь эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судлахад оршдог. Хамаарлыг судлахдаа хариу үйлдлийн функц болон вариацийн задаргаагаар тодорхойлно. VAR загварыг үнэлэхэд хугацаан цуваа стационарь байх тул түүнийг “Нэгж язгуурын тест” –ийг ашиглан шалгана. Түүнчлэн хувьсагчдын эндоген болон экзоген эсэхийг харахдаа “Гранжерийн учир шалтгааны тест”-ыг ашиглах боломжтой.

Үнэлгээний тоон мэдээлэл

Монгол Улсын төсвийн алдагдалд нөлөөлөгч хүчин зүйлсийг үнэлэхдээ 2004 оны I улирлаас 2021 оны  IV улирал хүртэлх төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь (budget), ДНБ-ын өсөлтийн хувь (gdp), гадаад худалдааны нийт эргэлтийн ДНБ-д эзлэх хувь(trade), зэс нүүрсний экспортын жинлэсэн дундаж үнэ (comm) болон төв банкны бодлогын хүү(r) гэсэн таван хувьсагчдыг авч судалсан болно. Гранжерийн учир шалтгааны тестийн шалгуураар хамгийн экзоген хувьсагч бол зэс нүүрсний экспортын үнэ, эндоген хувьсагч нь төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь зэрэг байв. VAR загварт хувьсагчдын дарааллын хувьд дараах байдлаар байршуулсан. Үүнд, түүхий эдийн үнэ, гадаад худалдааны нийт эргэлтийн ДНБ-д эзлэх хувь, ДНБ-ын өсөлийн хувь, бодлогын хүү болон төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь. Хожимдлын шалгуураар VAR(2) загварыг үнэлэн, зэс болон нүүрсний экспортын үнийн өсөлтөд үзүүлэх нөлөөг үнэлэв.

Үнэлгээний үр дүн

Зурагт түүхий эдийн үнийн эерэг шок буюу зэс нүүрсний экспортын үнэ өсөхөд бидний сонгож авсан макро эдийн засгийн хувьсагчид хэрхэн өөрчлөгдөхийг харууллаа. Зэс болон нүүрсний экспортын үнэ 12 хувиар өсөхөд гадаад худалдааны нийт эргэлт буурах, бодлогын хүү буураад өсөх байна. Тухайлбал, экспортын үнийн өсөлтийн хариуд ДНБ-д эзлэх гадаад худалдааны нийт эргэлт 0.2 орчим хувиар унаж, энэ нөлөө 5-р улирлаас дуусна. Харин төв банкны бодлогын хүү эхний 2-р улиралд буураад, сүүлийн улирлуудад өсөөд буурах нөлөөтэй байна. Түүнчлэн ДНБ-ын өсөлтийн хувь өсөхөд түүнд эзлэх төсвийн тэнцэл дагаад өсч байгаа нь төсвийн алдагдал буурч тэнцвэрт дөхөх, буурхад дагаад буурах хариу үйлдлийг харуулж байна.

График 7. Түүхий эдийн үнийн өсөлтийн макро хувьсагчдад үзүүлэх нөлөө

Зэс нүүрсний экспортын өсөлтөд үзүүлэх хариу үйлдлийн функцууд

Төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийн хариу үйлдэл

Бодлогын хүүгийн өсөлтийн хариу үйлдэл

ДНБ-ний өсөлтийн хувийн хариу үйлдэл

Гадаад худалдааны нийт эргэлтийн ДНБ-д эзлэх хувийн хариу үйлдэл

Дүгнэлт

Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон зардал өссөөр байгаа бөгөөд ОУВС-аас өгсөн санхүүжилтийн нөлөөтэй төсвийн тэнцэл 2018 онд эерэг гарсан ч түүнээс хойш эдийн засгийн өсөлт удааширч, төсөв алдагдалтай батлагдсаар байна. Нөгөөтээгүүр, ирэх жилүүдэд бондууд эргэн төлөгдөхөөр хүлээгдэж байгаа нь улсын төсөвт дарамт учруулж, өрийн ДНБ-д эзлэх хувь өрийн хязгаарыг давж болзошгүй байна. Түүнчлэн зэс болон нүүрсний экспортын үнийн өсөлтийн эерэг шокийн хариуд гадаад худалдааны нийт эргэлтийн ДНБ-д эзлэх хувь буурч, бодлогын хүү буурч өсөөд тогтворжих бөгөөд төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь ДНБ-ний өсөлтийн хувиас шалтгаалан эхлээд өсч, хэдэн улирлын дараагаар буурахаар байна. Энэхүү үр дүнг 2004 оны I улирлаас 2021 оны IV улирлын өгөгдөл дээр VAR загвар үнэлэн харлаа.

Ашигласан материалын жагсаалт:

iltod.mn. Retrieved from Монгол Улсын нэгдсэн төсөв:
http://iltod.mof.gov.mn/budget/debt?year=2021&category=APPROVED

img.org. Retrieved from 2021:
https://www.imf.org/external/lang/mongolian/np/faq/032117.pdf

Б.Болд. montsame.mn. Retrieved from Л.Сонор: “Century” бонд гаргаснаар бусад бондын гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулсан:
https://montsame.mn/mn/read/268666

Б.Энхдалай. Төсвийн орлого зардлыг судлан үнэлэлт дүгнэлт өгч, зарим асуудлыг боловсронгуй болгох нь. Улаанбаатар: СЭЗДС.

Г.ЗАНДАНШАТАР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ. Retrieved from Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай: https://www.parliament.mn/files/9a61345b59b647698a6eefbc7f535775/?d=0

Монгол банк. Retrieved from “CENTURY” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ӨРИЙН ДАХИН САНХҮҮЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ:
https://www.mongolbank.mn/news.aspx?id=2909&tid=1

Э.Болорхажид. zindaa.mn. Retrieved from С-гийн зургаа дахь хөтөлбөр ДУУСГАВАР боллоо:
https://news.zindaa.mn/38wq

Л.Даваажаргал, О.Цолмон. Монгол Улсын төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл. Улаанбаатар: Монгол банк.

Giordana. The Effects of Discretionary Fiscal Policy on Macroeconomic Aggregates: A Reappraisal. Germany: Goethe University Frankfurt.

Halkawt Ismail M-Amin. The Impact of Macroeconomic variables on the Budget deficit in Malaysia. Malaysia: NICOSIA.