Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 1

📣📣🔎 “Үхлийн сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгддэг байсан алдарт Алфред Нобел гэж хэн байв? 🤔🤓

Бид Нобел гэх нэрийг дэлхийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог хамгийн нэр хүндтэй шагналаар төсөөлдөг хэдий ч Алфред Нобелийг амьдарч байх хугацаанд хэвлэлийнхэн “үхлийн сахиусан тэнгэр” хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь Алфред Нобел нь 19-р зуунд тэсрэх бодис (динамит)-ыг бүтээсэн бөгөөд уг бүтээл нь олон сая хүний аминд хүрсэн билээ. Тиймээс Нобел өөрийн хийсэн үйлдэлдээ харамсан дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг бүтээжээ. Тэрээр 1896 онд нас барахдаа тухайн үеийн 31 сая швед кроноор үнэлэгдэх хөрөнгөө хүн төрөлхтний түүхэнд хамгийн их ач тус хүргэсэн хүмүүст үлдээхээр гэрээсэлсэн байдаг.

Нобелийн шагналыг физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайван гэсэн 5 бие даасан салбарт олгодог. Мөн Нобелийн санаачилсан анхдагч шагналуудын нэг биш боловч 1968 онд Шведийн төв банкны 300 жилийн ойгоор Нобелийн санд үлэмж хэмжээний мөнгийг хандивласны дараа 1969 оноос эхлэн эдийн засгийн салбарт уг хүндтэй шагналыг олгосон байна. Уг үйл явдлаас хойш дахин шинэ салбарт Нобелийн шагналыг өгөхгүй гэж Нобелийн сангийн удирдах зөвлөл шийдвэрлэсэн юм. Эдийн засгийн Нобелийн шагналыг Шведийн шинжлэх ухааны академи шалгаруулдаг бөгөөд хамгийн анхны шагналыг Голландын эдийн засагч Ян Тинберген, Норвегийн эдийн засагч Рагнаф Фриш нарт “Эдийн засгийн процессын дүн шинжилгээ хийх динамик загвар боловсруулж, хэрэглэсний төлөө” шагнал олгож байжээ. Өдгөө 52 удаагийн эдийн засгийн Нобелийн шагналыг нийт 86 эдийн засагчдад гардуулсан байна.