Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 2

Хамгийн анхны Нобелийн шагналт эдийн засагч болох “Рагнер Фриш” гэж хэн байв?

Нэр: Рагнер Фриш /Ragnar Frisch/
Төрсөн огноо: 1895.03.03
Нас барсан огноо: 1973.01.31
Нобелийн шагнал авсан он : 1969 он

Судалгааны талбар: Эконометрик
Эдийн засгийн сургууль: Неоклассик сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн үйл явцад дүн шинжилгээ хийх динамик загваруудыг боловсруулж, ашигласан явдалд хамгийн анхны эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг Иан Тинберген-тэй хамт авсан байна.

“Би эконометрик нь бодит байдалтай уялдаатай байх ёстой хэмээн шаардаж байна. Эс тэгвээс энэ нь эконометрик гэх нэрэнд зохимжгүй зүйл болон хувирдаг бөгөөд үүний оронд плэйметрик (playmetrics) гэж нэрлэвэл зүйтэй.”

Рагнер Фриш

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Рагнер Фриш нь Иан Тинбергентэй хамт эдийн засгийн математик томьёоллыг анх боловсруулсан билээ. Тухайлбал, эдийн засгийн тогтолцоог дүрслэхдээ ашигласан статистикийн судалгаандаа эконометрик гэдэг нэр томьёо гаргажээ. Түүнчлэн динамик эдийн засгийн загварчлалд оруулсан хувь нэмрээрээ алдартай бөгөөд 1933 онд бизнесийн мөчлөгийн хэлбэлзлийг тодорхойлж чадах анхны математик эдийн засгийн загварыг танилцуулсан байна.

Туршлага: Норвегийн эдийн засагч Рагнер Фриш нь эдийн засгийн нэр томьёоллын эзэн байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь бидний дунд хэдийн танил болсон олон нэршлийг хэрэглээнд оруулсан байна. Тухайлбал, эконометрик, макроэкономикс, импульс болон тархалт гэх мэт. Фришийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр үүгээр дуусахааргүй их байв. Түүний эконометрикийн чиглэлээр хийсэн ажил, ялангуяа хугацааны цуваа болон шугаман регрессийн дүн шинжилгээ зэрэг нь хожим нь Коулезын эконометрикийн амжилтад хүрэх үндэс суурь болж өгсөн юм. Мөн Фришийн 1933 онд хийж байсан бизнесийн мөчлөгийн импульсийн талаарх ажил нь Шинэ сонгодог сургуулийн бодит бизнесийн мөчлөгийн онолын үндсэн зарчмуудын ихээхэн хэсгийн баталгаа болж байв. Тэрээр их сургуульд багшлахын сацуу 1933-1955 оны хооронд Econometrica сэтгүүлд ахлах редакторын үүргийг гүйцэтгэж байсан байна. Фриш олон жилийн турш дэлхийд танигдсан, нэр хүндтэй Норвегийн эдийн засагч байсан бөгөөд Норвегийн эдийн засгийн эцэг хэмээн нэрлэгддэг болжээ.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Рагнер Фриш нь Осло хотод алтны дархны хүү болж төрсөн бөгөөд дархны дагалдангаар суралцаж байжээ. Гэсэн хэдий ч ээж нь түүнийг их сургуульд сурах ёстой гэж боддог байсан тул эдийн засгийн хичээлийг сонгон суралцах болсон байна. 1919 онд сургуулиа төгсөөд эдийн засаг, математикийн чиглэлээр хэдэн жилийг гадаадад суралцаж өнгөрөөв. Тэрээр 1926 онд Осло хотод математик статистикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, дараа нь профессор болжээ. Фриш хоёр удаа гэрлэж, нэг охинтой болсон ба түүний хобби нь зөгий үржүүлэх байв.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Ослогийн их сургуулийн дэргэд Фришийн нэрэмжит төв байгуулагдсан байна.

Эх сурвалж:
Fonseca, G. (2021). Ragnar Anton Kittil Frisch, 1895-1973. Retrieved from The History of Economic Thought: https://www.hetwebsite.net/
Lindbeck, A. (2021). Ragnar Frisch. Retrieved from Nobel Lectures: https://www.nobelprize.org/
Wikipedia. (2020). Ragnar Frisch. Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/