СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн 2011 оны төгсөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Б.Дуламзаяа эгчтэй хийсэн ярилцлага

Хувь хүнтэй холбоотой

Ярилцлагаа таны товч танилцуулгаар эхлүүлье.

Юуны өмнө ярилцлагадаа урьж оролцуулж байгаад, мөн оюутан байх үеийн болон ажил дээрх туршлагыг минь цаг заваа гарган сонсох гэж байгаад баярлалаа. Намайг Дуламзаяа гэдэг. Би Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагчаар ажилладаг. Санхүү эдийн засгийн их сургуулийг 2011 онд “Бизнесийн эдийн засагч” мэргэжлээр төгссөн. 2016 онд Колумбын их сургуулийг төрийн удирдлагын магистраар хамгаалсан. Монголбанканд ажиллаад 10 жил болж байна.

Яагаад СЭЗИС-д эдийн засагч мэргэжлээр сурах болсон бэ?

Арван жилд байхаасаа л математикт сонирхолтой хүүхэд байсан. Бусад өөр чиглэлийг гүнзгийрүүлж судлаагүй болохоор математикаараа явъя гээд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд СЭЗИС-д тэнцсэн. Намайг сурч байхад 2-р курсээсээ мэргэжлээ сонгох боломжтой, эхний жилдээ үндсэн хичээлүүдээ үзээд явдаг байсан. Тэгэхээр нэг давуу тал нь, сайн судалж чадаагүй ороод ирчихсэн бол эхний 1 жил суралцах явцдаа санхүү, эдийн засгийн чиглэлийн хичээлүүд дотроос хамгийн оновчтой нь аль нь байна гэж судалж үзээд мэргэжлээ сонгох боломж байсан. Эдийн засгийн хичээлүүд илүү сорилттой бас судлах зүйлс нь сонирхолтой санагдсан учраас эдийн засагч мэргэжлийг сонгосон.

Таны суралцах арга барил юу байв?

Өөрийн хийх ажлуудыг төлөвлөөд тэрэндээ сахилга баттай хандахыг хичээдэг. Жишээ нь, хичээл дээр цагаа аль болох үр бүтээлтэй ашиглаад тэндээс ойлгож авах зүйлсүүд юу байна гэдгийг тухайн цагт нь ойлгож аваад, дараа нь тэр хичээлийг давтах цагаа хэмнэдэг байсан. Мөн даалгавруудыг хугацаанаас нь өмнө өөртөө эцсийн хугацаа тавьж, жинхэнэ хураалгах хугацаа болохоос өмнө хийсэн зүйлээ дахин сайжруулдаг байсан. Шалгалтууд болон бие даалт давхцсан, олон хийх зүйлтэй үед эхнээс нь төлөвлөөд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Цагаа төлөвлөхдөө аль болох өөртөө бодитой зорилго тавих юм бол илүү үр ашигтай юм шиг санагддаг. Нэг долоо хоногийн хугацаанд их юм хийнэ гээд төлөвлөчих юм бол түүндээ хүрч чадахгүй, улмаар сэтгэлээр унах асуудал гарч болно. Тэгэхээр аль болох хийх боломжтой зүйлсийг төлөвлөөд, түүн дээр цагаа аль болох бүтээмжтэйгээр, сайн төвлөрч ажиллах юм бол тавьсан зорилгодоо хүрээд, ачааллаа тэнцүүлэх боломжтой болно гэж боддог.

Оюутан насны тань хамгийн дурсамжтай, хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?

10 жилийн өмнө төгссөн болохоор сайн санахгүй байна. Гэхдээ эргээд бодоход ангийнхантайгаа хамтдаа өнгөрүүлсэн мөчүүд хөгжилтэй санагддаг. 1-р курсэд байхад тэнхимийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болсон. 1-р шатанд тэнцсэн оюутнууд багуудад хуваагдаад 2-р шатандаа бараг урлагийн үзлэг шиг эдийн засгийн агуулгатай жүжигчилсэн тоглолт хийдэг. Дараа нь асуулт, хариултын тэмцээнд оролцдог байсан. Энэхүү ЭШХ-д оролцож байсан дурсамж үнэхээр хөгжилтэй санагддаг. Дараа нь дээд курсэд ороод өөрсдөө зохион байгуулаад доод курсийн оюутнуудаа оролцуулдаг байсан. Мөн бид нарыг сурч байх үед тэнхимийн зугаалга хийгддэг болж, бүх курсийнхэн зугаалгадаа явдаг байсан. Ингэснээр дээд, доод курсийнхээ хүүхдүүдийг илүү дотно таньж, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөдөг болсон гэж боддог.

Сурч байх үедээ чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

Би 3-р курсээсээ эхлээд балетаар хичээллэж эхэлсэн. Багаасаа их сонирхдог байсан болохоор балетаар хичээллэж эхлэх их гоё байсан. Тэрнээс хойш тасралтгүй бараг 10 гаруй жил хичээллэж байна. Хэрвээ сургуульд сурсан бол зэрэг авахаар түвшинд хүрч байна. Би ямар ч зүйлээр тууштай хичээллэвэл үр дүн гарна гэж боддог. Тэр утгаараа оюутан байх хугацаандаа эхлүүлсэн хоббигоороо өдийг хүртэл хичээллээд явж байна. Мөн манай ээж гар урлал эрхэлдэг. Амралтын өдрүүдээр ээждээ их тусалдаг байсан. Түүнчлэн чөлөөт цагаараа ном уншина, хөгжим сонсоно бас нийгмийн үйл ажиллагаануудад оролцдог байсан. Ажилд орсноосоо хойш спортоор хичээллэж эхэлсэн. Яагаад гэвэл байгууллага хоорондын олон төрлийн спортын тэмцээнүүд болдог. Тэр болгонд залуу хүн гэдэг утгаараа бүх тэмцээнд нь оролцсон. Тэр дундаас хамгийн их таалагдсан нь сагсан бөмбөг байсан учраас сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Одоо Монголбанкны сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог, долоо хоногт 2 удаа бэлтгэл хийдэг.

Колумбын их сургуульд сурахад эсээ, шалгалтын оноо зэргээс гадна хамгийн их нөлөөлсөн зүйл тань юу вэ?

Гадаадын их сургуульд сурахын тулд тодорхойлох захидал бичүүлэх ёстой. Би гурван хүнээр тодорхойлох захидал бичүүлсэн. Эхний захидлыг Батсүх багшаар бичүүлсэн бөгөөд надад маш олон хичээл заасан тул намайг сайн мэддэг байсан. Харин хоёр болон гурав дахь захиаг өөрийнхөө ажлын байрны туршлагын тухай болон хувь хүний хөгжлийн талаасаа харуулахыг хичээсэн. Энэ утгаараа Монголбанкны ерөнхийлөгч болон Монголбанктай хамтарч ажилласан олон улсын төслийн ахлагчаар бичүүлсэн. Би тодорхойлох захидлуудаа аль болох олон талаас нь бичүүлэх гэж зорьсон.

Колумбын их сургуульд хэрхэн тэнцсэн бэ? Хэрхэн тэтгэлэг авсан талаараа ярьж өгнө үү.

Монголбанканд ажиллаж байгаа нь олон улсад магистраа хамгаалахад илүү давуу талтай байдаг. Гадны сургуулиуд төрийн байгууллагын ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байдаг болохоор төрийн албан хаагчид гадаадын их дээд сургуульд суралцах боломж илүү өндөртэй. Тэр нь надад давуу тал болсон. Миний Колумбад сурсан хөтөлбөр бол эдийн засгийн бодлогын удирдлага гэдэг хөтөлбөр. Тэр хөтөлбөрийн онцлог нь бусад улсуудын Төв банк, Сангийн яаманд ажилладаг тодорхой хэмжээний ажлын туршлагатай хүмүүсийг магистрт сургадаг. Гэхдээ шалгуур нэлээн өндөртэй. Хөгжиж байгаа орны хүмүүсийг илүү авдаг, дээрээс нь ажлын туршлага, TOEFL, IELTS-ийн өндөр оноотой байх шаардлагатай. Бакалаврын дүнгүүд чинь сайн байх юм бол тэнцэх магадлал нэмэгдэнэ. Мөн CV, эсээгээ сайн бичсэн байх гээд олон шалгууртай. Гэхдээ ямар сургуульд явах гэж байна гэдгээ судлаад, энэ сургуульд явахын тулд ямар тэтгэлэг авч болох талаар хослуулан судалж үзвэл надад зүгээр санагдсан. Мэдээж АНУ-ын сургуулиудын сургалтын төлбөр өндөр болохоор тэтгэлгээр явахаас өөр боломж надад байгаагүй. Тэтгэлгийн хувьд Дэлхийн банкны Японы засгийн газартай хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр байсан. Эхлээд 12 сард сургууль руугаа материалаа явуулаад хэрвээ сургуульдаа тэнцчихсэн байх юм бол Дэлхийн банкны хөтөлбөртөө материалаа явуулдаг. Би эхний жилдээ материалаа явуулаад сургуульдаа тэнцчихээд тэтгэлэгтээ тэнцээгүй учраас явах боломжгүй болсон. Хоёр дахь жилдээ дахин материалаа явуулсан бөгөөд энэ удаа яагаад намайг заавал тэтгэлэгт хамруулах ёстой вэ гэдгээ батлахын тулд чамгүй их зүйлийг хийсэн. Ажлынхаа хажуугаар давхар онлайн сургалтуудад хамрагдаж, нэмэлт зүйлс сурч, хэлний оноогоо сайжруулж, эсээнүүдээ дахин эхнээс нь хэдэн сарын турш бичиж хүчин чармайлт гаргасны үр дүнд тэнцсэн гэж боддог. Тэгэхээр ажлын байрны давуу тал мөн миний өөрийн хүчин чармайлт нөлөөлсөн гэж үзэж болно.

Колумбын их сургууль болон Санхүү эдийн засгийн их сургуульд суралцахдаа олж авсан хамгийн чухал чадвар, эсвэл өөртөө суулгасан үзэл баримтлалаасаа хуваалцаач.

Их сургуульд сурснаар суралцах арга барилаа хөгжүүлсэн гэж боддог. Арван жилд байхад багшийн заасан зүйлийг л олж мэдэх ёстой юм байна, өгсөн даалгаврыг л хийхэд болох юм байна гэж боддог байсан бол их сургуульд яаж илүү их зүйлийг сурч мэдэх вэ, энэ зүйлийг яаж богино хугацаанд илүү үр өгөөжтэйгээр сурч авах вэ гэх мэтчилэн туршлага дээр суурилж, бага багаар суралцах арга барилаа хөгжүүлсэн гэж хэлж болно. Мөн их сургуулийн ангийн хамт олон болох Өнөр, Мөнх-Эрдэнэ, Бархас, Эрдэнэтунгалаг гэх мэт олон чадварлаг оюутнууд надад эерэгээр нөлөөлсөн. Өөрийгөө яаж илүү хөгжүүлэх вэ гэдэг тал дээр суралцсан гэж боддог. Энэ нь цаашдаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг хүн болоход нөлөөлсөн.

Та ямар төрлийн ном унших дуртай вэ? Оюутнуудад ном санал болгооч.

Оюутан байх хугацаандаа уран зохиолын ном болон намтар зохиолууд унших дуртай байсан. Харин сүүлийн үед философи, сэтгэлзүйн чиглэлийн номнуудыг сонирхож эхэлж байна. Өнгөрсөн жилээс эхлээд “Философийн клуб”-д нэгдэж орсон. Ажлын хажуугаар өөр зүйлс сонирхож үзэхээр шийдээд клубийн хүрээнд номнууд уншиж байгаа. Хамгийн сүүлд таалагдсан ном гэвэл, бестселлэр болоод байгаа “Ад үзэгдэх зориг”. Уг номыг санал болгомоор байна. Энэхүү ном дээр Адлерын хувь хүний хөгжлийг сэтгэлзүйн талаас нь тайлбарладаг. Сэтгэлгээний хувьд өөрийн болон бусдын асуудлыг яаж оновчтойгоор ангилж сурах уу, бусад хүмүүстэй хэрхэн эвтэй найртай харилцах уу, өөрийгөө сэтгэлзүйн хувьд яаж аз жаргалтай байлгах уу гэх мэт асуултуудад хариулт өгч чадах ном байгаа юм. Дараагийн санал болгох ном бол Ганзориг багшийн “Менежментийн физиологи” гэдэг ном. Энэ ном дээр Ганзориг багш өөрийнхөө бодит амьдрал дээрх бизнесүүдийн амжилттай кейсүүдийг бичсэн нь их сонирхолтой байсан. Мөн хэрхэн удирдагч хүн болох уу гэдгийг зааж өгнө. Хажуугаар нь амьдралын мөн чанар, утга учир гэдэг чинь юу юм бэ, яаж авагч биш өгөгч хүн байх вэ, хэрхэн бүтээмжтэй ажиллах уу зэрэг философийн зарим агуулгыг тусгасан байдаг.

Оюутан байх хугацаандаа сэтгэлзүйн асуудалд өртөж байсан уу? Тийм асуудлуудыг хэрхэн шийддэг вэ?

Миний сэтгэлзүйн асуудалд орж байсан үе харьцангуй гайгүй юм шиг санагддаг. Хичээл болон амьдрал дээрх стрессийг аль болох бага байлгахыг хичээдэг бөгөөд өөрт тохиолдсон таагүй үйл явдлуудыг тэр дор нь мартчихдаг. Мөн би өөртөө их цаг гаргадаг. Найз нөхөдтэйгөө цагийг цуг өнгөрөөж, ууланд гарах зэрэг идэвхтэй хөдөлгөөн их хийдэг болохоор тиймэрхүү асуудлууд тулгардаггүй.

Таны хувьд биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг тогтвортой, эрүүл байлгахад өдөр тутамдаа хийдэг болон хийгээсэй гэж боддог хамгийн чухал зүйлс юу вэ?

Надад бол ажил, амьдралын тэнцвэрээ тохируулах нь маш чухал санагддаг. Үүний тулд ажлын цагтаа багтааж бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Ажлаа бүтээмжтэй, цагтаа дуусгаж чадсанаар ажлын стресс хувийн амьдралд тань нөлөөлөхгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд би балет, сагсаар давхар хичээллэж биеийн эрүүл мэндийн формоо хадгалдаг. Балетаар хичээллэснээр тэнцвэр, сунгалт сайтай болдог бол сагсаар хичээллэснээр хурд, хүч, тэсвэр сайжирдаг. Мөн дасгал, хөдөлгөөн хийх нь сэтгэлзүйг тайвшруулдаг. Үүнээс гадна эрүүл амьдралын хамгийн чухал зүйл бол бүтэн нойр авч сурах гэж боддог. Миний өөр нэгэн хэрэгжүүлдэг дадал нь унтахынхаа өмнө зөвхөн эерэг зүйлсийн талаар боддог. Ингэснээр унтах үед ялгарах ёстой гормонууд гарч байдаг.

Та бясалгалын талаар юу гэж боддог вэ?

Би бясалгалыг сонирхож үзнэ гэж боддог. Бясалгалын гол давуу тал нь төвлөрч сурахад нэмэртэй, стрессээ тайлахад тусалдаг гэж боддог. Бясалгалын талаар номнууд бас уншиж байгаа. Би хамгийн сүүлд “The Attention revolution” гэх номыг уншсан бөгөөд энэхүү ном нь бясалгалын үе шатууд хэрхэн явагддаг, аливаа зүйлд төвлөрөх, хэрхэн анхаарах талаар гардаг. Гэхдээ би хараахан хичээллэж эхлээгүй байна.

Оюутан байх 4 жилийн хугацаандаа эзэмших ёстой, ажлын байран дээр гараад хэрэг
болох ямар чадварууд байдаг вэ?

Оюутан байх үедээ өөрсдийн гэсэн суралцах арга барилаа эзэмшиж олж аваасай гэж бодож байна. Бие дааж суралцах, мэргэжлийн чиглэлээр номнуудаа уншиж судлах, лекцэн дээр гол санааг нь барьж аваад оновчтой, товч тэмдэглэл хөтлөх зэрэг чадваруудад суралцах нь чухал. Хичээлээс гадуур гэвэл, эдийн засагч хүний хувьд судалгааны ажил бичиж сурах хэрэгтэй. Судалгаа хийхийн тулд эхлээд ямар санаа гаргах уу гэдгээ бодно. Тэгээд тухайн сэдвээр судлагдсан ажлууд юу байгааг шүүж, хайж үзнэ. Колумбд сурсан туршлагаасаа харахад судлагдсан байдлыг маш нарийн хийх ёстой. Нэг сэдвийн судлагдсан байдлыг хийхийн тулд хэдэн сарыг зарцуулдаг. Тухайн судалгааны сэдэв дэх судлагдаагүй зүйл юу байна гэдгийг олж, өөрийн судалгааны ажлынхаа давуу талыг гаргадаг. Судалгааны сэдвээ олчихсон, хэрхэн судлагдсан байна гэдгээ тодорхойлчихсон бол үнэлгээ хийхэд эконометрикийг ашиглах нь сайн туршлага болно. Судалгааны ажлаа бичих явц 3 янзын процессоор явагддаг. Уншаад мэдэх, толгойдоо бодох, тэгээд түүнийгээ хүнд ойлгогдохоор бичих! Бичиж бүтээл гаргана гэдэг бүх хийсэн зүйлээ нэгтгэж байгаа нэг хэлбэр. Тиймээс энэ чадварууд нь та бүхний хувьд хамгийн хэрэгтэй гэж бодож байна.

ЭЗО-д суралцаж байхад хамгийн хүнд хичээл ямар хичээл байсан бэ?, Хэрхэн түүнийгээ даван туулсан бэ? Мөн таны хувьд хамгийн сонирхолтой хичээл юу байсан бэ? Амьдралд тань нөлөөлсөн хичээл байгаа юу?

Хамгийн хэцүү гэвэл Гансүлд багшийн хичээл. Бидэнд “Эдийн засгийн сэтгэлгээний түүх” гэдэг хичээл орж байсан. Түүх маягаар бичигдсэн учраас эхлээд сонирхол татахгүй, шалгалт нь бичгээр хэрнээ нээлттэй, түүндээ богинохон цаг өгдөг, тиймээс яаж оновчтой хариулах уу гэдэг нь их хэцүү байсан. Тэр хичээлийг даван туулахын тулд зузаан номоо уншиж дуусгасан. Уншихдаа оновчтой товчлол хийж, гол санааг нь ойлгож аваад бичиж авсан тэмдэглэл дээрээ үндэслэж эргэж санах нь суралцах арга барилаа олоход маш зөв туршлага болж байсан. Харин хамгийн гоё, ажил дээр хэрэг болсон хичээл гэвэл “Мөнгөний эдийн засаг” гэдэг хичээл байсан. Монголбанканд эдийн засагчаар ажилладаг Авралт-Од багш бидэнд Бямба гарагт хичээл ордог байсан. Тэр хичээлд сууснаар Төв банкны мөнгөний бодлого хэрхэн явагддаг талаарх анхны үндсэн ойлголтуудыг авсан, мөн багш маань их мундаг хүн байсан учраас 4-р курсэд эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо удирдуулж байсан. Нэгдүгээрт, профессор нь нөлөөлсөн, хоёрт, хичээл нь Монголбанканд орох сонирхлыг маань ихэд татаж нөлөөлсөн.

Ажлын байртай холбоотой:

Монголбанканд ажиллахад нөлөөлсөн өөр хүчин зүйлс юу байна вэ?

Би 3,4-р курсэд байхдаа Монголбанканд дадлага хийсэн. Дадлага хийх хугацаандаа тэнд ямархуу ажил хийдэг талаарх ойлголтуудыг маш сайн олж авсан. Би эдийн засагчаар төгсөж байгаа учраас мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байсан. Тухайн үед эдийн засгийн мэргэжлийн ажлын байр маш хязгаарлагдмал, жишээ нь, банкны секторт зээлийн эдийн засагчаар ажиллах нь цэвэр эдийн засагч биш юм шиг миний хувьд санагддаг байсан. Монголбанканд сектор секторуудаар нь хариуцаж аваад тэдгээрийн эдийн засгийн өсөлт, инфляци, хөдөлмөрийн зах зээл, гадаад сектор гэхчилэн тус тусад нь судалгаа шинжилгээ, эдийн засгийн анализ хийдэг хүн байдаг ба тэр болгон дээр маш нарийн эконометрикийн аргачлалыг ашигласан үнэлгээ, судалгааны ажил бичдэг. Өөрөө сурах юм их, мөн хийж байгаа ажил маань улс орны хөгжилд хувь нэмэр оруулах юм байна гэж бодоод сонирхолдоо хөтлөгдөн ажилд орсон.

Таны хувьд ажлын байран дээр гарсны дараах ачаалал хэр их байсан бэ? Ажлынхаа хажуугаар сурч боловсрох, өөр зүйл хийх боломж хэр их олддог вэ?

Оюутан байх үетэй харьцуулахад ачаалал их нэмэгддэг. Оюутан байхын давуу тал нь шалгалтаа өгчхөөд цаг завтай болно, өөртөө тааруулж ачааллаа тохируулах боломж ихтэй байдаг. Ажил дээр 9-18 цагийн хооронд миний ажил баригдана, хэрвээ ажлын цагтаа амжихгүй бол оройн цаг, амралтын өдрүүдээр илүү цагаар сууж ажиллах үе эхний 1-2 жилд их байсан. Дөнгөж ажилд ороод шинээр ажлаа сурах шаардлага, шинэ хүмүүстэй учраа олох асуудал гарч ирнэ. Энэ бол хүн болгоны давах ёстой нэг шат учраас хүлээлтээ ийм л байдаг гээд тавьчих юм бол эхний жилдээ ажлаа сураад, дараа дараа жилд нь бүтээмж илүү нэмэгдээд, ажлаа цагт нь амжуулаад, цагаасаа ч богино хугацаанд амжуулдаг болно. Үлдсэн хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа оновчтой өнгөрүүлэх, ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг боддог.

Та хийх ажлаа цагаасаа өмнө дуусгасан бол ажлаасаа шууд тараад явах боломжтой юу?

Тэгж болохгүй. Одоохондоо яг уян хатан системтэй болоогүй байгаа. Би ажлын байран дээрээ байгаа ч гэсэн ажлаа хийгээд дуусчих юм бол хэлээ сурах, шалгалтандаа бэлдэх, онлайнаар сурах гээд зөндөө боломжууд байгаа.

Таны бодлоор эдийн засагч хүний баримтлах ёстой зарчим болон шаардлага юу вэ?
Та өөртөө ямар зарчимтай ажилладаг вэ?

Миний бодлоор энэ сэдэв нь эдийн засагч хүний мэргэжлийн ёс зүйтэй илүү холбогдоно. Америкт сурч байх хугацаандаа юуг илүү анзаарсан бэ гэвэл plagiarism /хүний хийсэн бүтээлийг хуулбарлах/ хийх нь буруу, ёс зүйгүй асуудалд тооцогддог. Бусдын хийсэн ажлыг шууд хуулж болохгүй, тийм асуудалд орох юм бол маш том санхүүгийн хүндрэл, мөн хуулийн хүрээнд гэмт хэрэгт тооцогдох том эрсдэл хүлээнэ. Гэрийн даалгавраа хийхдээ хүртэл интернэтээс google-дээд тавих зэрэг жижиг үйлдлийг хийхгүй байхын тулд анхаарах хэрэгтэй. Анхнаасаа өөртөө тэрхүү ёс зүйг суулгаад, би өөрөө олж мэдэж, өөрийнхөө олж мэдсэн зүйлийг бичих ёстой гэдэг ойлголттой болох хэрэгтэй. Интернэтээс мэдээлэл олж авсан бол заавал эх сурвалжаа дурдах гэх мэтчилэн plagiarism хийхгүй байж сурах нь маш чухал. Дараагийн зүйл нь, эдийн засагч хүн бол шинжээч учраас аливаа зүйлийг ярихдаа, шийдвэр гаргахдаа заавал тоон шинжилгээнд суурилах хэрэгтэй. Жишээ нь, улс төрчид тоо баримтгүй эдийн засгийн талаар ярьдаг. Харин эдийн засагч хүн статистик үзүүлэлт, энгийн графикуудаар нөхцөл байдлаа зурж судалж үзээд тодорхойлох нь зөв. Мөн эдийн засагч мэргэжлийн гол зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө учраас түүнийгээ ухамсарлаад алтан гадас од мэт би бусдын төлөө ажиллах ёстой шүү гэсэн бодлоо дотроо хадгалж явах нь зөв гэж боддог.

Мөнгөний бодлогын газрын хувьд өргөн хэрэглэгддэг ямар программын хэлүүдбайдаг вэ?

Манай газрын хувьд хамгийн их ашиглагддаг анхан шатны программ нь Microsoft Excel. Оюутан байхад график дүрслэлүүдийг янз бүрээр нь зурах чадвар эзэмшсэн байх хамгийн эхний шаардлага. Дараагийн зүйл нь эконометрикийн шинжилгээг хийнэ, тиймээс Eviews, Stata дээр ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Цаашлаад Matlab, R программыг ашигладаг. Оюутан байхад бүгдийг нь сурах боломжгүй учраас миний бодлоор программын хэлний анхан шатны мэдлэгтэй болох нь чухал. Жишээ нь, Eviews дээр зөвхөн mouse click хийх биш, бусад код бичдэг программууд дээр эконометрик үнэлгээ хийхдээ кодыг нь яаж бичихийг өөрөө дуурайлгаж бичээд сурчих юм бол дараа нь бусад программ руу хөрвөхөд зөвхөн тэмдэглэгээнүүд нь өөр болохоос биш цаад агуулга нь ижилхэн учир илүү хялбар байдаг.

Ажлын байранд шаардлагатай hard skill болон soft skill таны бодлоор юу вэ?

Hard skill дээр нэмэх юм бол программын хэлээс гадна хэлний чадвар орно. Ажил дээр гарахад Англи болон Монгол хэлний бичгийн чадвар чухал байдаг. Монгол хэлийг 10 жилд үздэг ч их сургуульд дахиж сайн үздэггүй, тиймээс найруулгазүйн чадварууд алдагдчихсан байдаг. Манай ажил дээр тогтмол танилцуулга, судалгааны үр дүн, шинжилгээгээ тайлбарлах гэхчилэн бүх ажил бичгээр явдаг. Тиймээс өөрийнхөө олж мэдсэн зүйлээ товч тодорхой тайлбарлах нь маш чухал болдог. Дээрээс нь гадаад эх сурвалжуудаас их хэмжээний мэдээллүүд уншиж судлах шаардлагатай учраас Англи хэлний ур чадвар зайлшгүй шаардлагатай. Soft skill-ийн хувьд цагаа зөв зохистой хуваарилах, оюутан байх хугацаандаа багаар ажиллах чадварт суралцах буюу нэг удаадаа багийн ахлагч нөгөөд нь гишүүн болох гэхчилэн бусад хүмүүстэй таарч тохирч сурах нь чухал. Дандаа багийн ахлагч болоод байвал тэр багийн ажиллагаа биш, тиймээс бусдыг сонсож, хүлээж авах, өөрийнхөө санааг бусдад ойлгуулж хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Мөн дэлхийн топ 10 ур чадварын нэгт анализ хийх чадвар ордог. Энэ нь ямар асуудал байгааг ухаж ойлгоод, тоон өгөгдлөөр шинжилгээ хийгээд, тоон өгөгдөлдөө суурилаж тестлээд, шийдлийг нь олох буюу мэдээлэлд суурилан оновчтой шийдвэр гаргах чадварыг хэлдэг. Энэ чадвар маш чухалд тооцогдож байна.

Хамт ажиллаж байгаа болон доод албан тушаалтнууддаа ямар шаардлага тавьдаг вэ?

Би хамт ажиллаж буй хүмүүстэйгээ босоо биш хөндлөн харилцаа үүсгэхийг зорьдог. Захирах зарчмаар бус найрсаг эрх тэгш харилцаа үүсгэж, түүнд тулгуурлан итгэлцлийг бий болгохыг эрмэлздэг. Миний хувьд тавьдаг шаардлага нь хариуцаж буй ажлаа өндөр чанартай, цагт нь гүйцэтгэх юм. Хамт ажиллаж буй хүмүүс маань надаас оновчтой чиглүүлэг өгөхийг хүсдэг. Менежерийн түвшний удирдлагын хувьд хийх зүйлийг нь тодорхой болгосноор тухайн хүнийг үр ашиггүй цаг өнгөрөөхөөс сэргийлдэг. Ажилчиддаа ямар зорилгод хүрэх талаар нэгдсэн ойлголтыг өгснөөр ажлыг хийж гүйцэтгэхэд илүү үр өгөөжтэй болдог.

Таны хувьд Монголбанканд дадлага хийсэн. Мэдээж ажлын байрны тодорхойхэмжээний хүлээлт үүссэн байх. Монголбанканд ажиллахад бодит байдал болон хүлээлт хэр ялгаатай байсан бэ?

Миний хувьд бараг зөрүү гараагүй. Дадлага хийж байх хугацаандаа хамт олонтойгоо танилцсан байсан учраас зөрүү гараагүй байх. Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа аль болох ажилд орохоор зорьж буй газраа хийснээр хүлээлтээ бодитой болгоход илүү нэмэртэй болдог.

Ажилд орох ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? Ажлын ярилцлагын хамгийн сүүлчийн “Бидэнд хэлэх зүйл байна уу?” гэсэн асуултад юу гэж хариулсан вэ?

Монголбанкны хувьд эхлээд хүмүүсээс шалгалт авдаг. Намайг ажилд орох үед 70, 80 хүн хамт шалгалт өгсөн. Шалгалтын хүрээнд англи хэл, эдийн засаг, эконометрик, Төв банкны хууль зэрэг маш олон зүйлийг асуудаг. Үүний дараа ажлын байрны ярилцлага авдаг. Ярилцлаган дээр хувь хүний талаас илүүтэй асуудаг бөгөөд ажил олгогчийн зүгээс аль болох тогтвортой ажиллах хүнийг хайж байдаг. Ярилцлагын хамгийн сүүлд нь надаас “Бидэнд хэлэх зүйл байна уу?” гэж асуугаагүй тул би энэ тал дээр зөвлөгөө өгч чадахгүй.

Монголбанкнаас өөр ажлын байр сонирхож байсан уу?

Хувийн албан байгууллагад ажиллах сонирхол ерөөсөө байгаагүй. Учир нь Монголд судалгаа шинжилгээний хувьд өндөр хөгжсөн хувийн сектор бараг байгаагүй. Би нэг бол Монголбанк, эсвэл сургуульд багшаар үлдэх сонирхолтой байсан.

Оюутан болон ажиллаж байх үеийн цаг төлөвлөлтийн ялгааг юу гэж бодож байна вэ?

Америкт сурч байх хугацаандаа үндсэн хичээл, гэрийн даалгаврыг ажлын өдөрт багтааж дуусгах зорилттой байсан. Тэгснээр амралтын өдөр хүссэн зүйлээ хийх боломжтой болдог байсан. Ажлын хувьд ажлын цаг уян хатан биш байдаг нь надад хэцүү санагддаг. Ажил хийхийн хажуугаар бусад зүйлсээ амжуулахын тулд өглөө эрт босдог болсон.

Хэрэв багш болсон бол ямар багш байх байсан бэ?

Зөөлөн багш надад гоё санагддаг. Гэхдээ би өөрөө зарчимч хүн болохоор хатуу багш болох байх. Өнгөрсөн жил эконометрикийн олимпиадыг шүүсэн. Тэр үед бусад шүүгч нартай харьцуулахад доогуур үнэлгээ өгчихсөн байсан.

Яагаад багш болъё гэж бодож байсан бэ?

Би цаашдаа багш болох сонирхолтой байгаа. Үүний учир нь бусдад оруулж байгаа хувь нэмэр надад маш гоё санагддаг. Өөрийгөө илүү хөгжүүлж, докторт сурсныхаа дараа багш болвол дээр гэж боддог.

Та бие даан шийдвэр гаргахдаа юун дээр илүү анхаардаг вэ? Оюутнуудад шийдвэр гаргах тал дээр өгөх зөвлөгөө байгаа юу?

Миний хувьд удаан шийдвэр гаргадаг. Сэтгэлзүйн хөөрлөөр бус, бүх боломжит хувилбаруудыг харьцуулж үзэж шийдвэр гаргадаг. Хэдий сайн судлах нь зөв боловч хэр зэрэг цаг зарцуулахаа бодох хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа зарцуулах цагаа тэнцвэртэй байлгах нь чухал гэж боддог.

Гадаадад сурч байх хугацаандаа мэдэж авсан зүйлсээсээ хуваалцаач.

Гадаадад сурч байх явцад миний анзаараагүй нэг зүйл нь соёлын ялгаатай байдал байсан. Жишээлбэл, АНУ-д сурч байгаа бол олон хүнтэй танилцаж, бусдад сэтгэгдэл үлдээх нь чухалд тооцогддог. Харин Монголд сурах ёстой зүйлээ сураад яваад байхад бусад хүнд өөрийгөө таниулах шаардлагагүй санагддаг байсан. Хэрэв та бүхэн гадаадад сурах бодолтой байгаа бол сурах, ажиллахад нөлөөлдөг чухал зүйлсийг анхаарч явах нь зөв гэж бодож байна.

Цалингаас гадна орлогын өөр эх үүсвэр байдаг уу?

Үндсэн ажлаас гадна албан бус журмаар судалгааны болон орчуулгын нэмэлт ажлууд хийдэг. Судалгааны ажлын хувьд микро түвшний судалгааны ажлуудын өгөгдөл цэгцлэх ажил хийнэ.

Монголбанкны Мөнгөний бодлогын ахлагч эдийн засагчийн хувьд криптовалютын талаар ямар бодолтой байгаа вэ?

Криптовалют сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн түвшинд маш хурдацтай тэлж байна. Криптовалютын зах зээл тэлэхийн хэрээр эдийн засагт нөлөөлөх нөлөөллүүд илүү нэмэгдэнэ. Бизнесүүд, хөрөнгө оруулалтын сангууд энэ чиглэлд хөрөнгө оруулах хандлагатай болсон. Зөвхөн Монголд гэлтгүй, дэлхий нийтээр криптовалютыг хэрхэн зохицуулах талаар асуудлууд яригдаж байгаа. Нэг талаасаа криптовалют нь маш савлагаатай, нөгөө талаасаа эрсдэл өндөр хөрөнгө оруулалт гэж тооцогдож байна. Хэдий зохицуулалт бий болоход найдвартай байдал нэмэгдэх ч, зарим зүйлд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Төгсгөлд нь:

Ирэх арван жилд өөртөө тавьсан хийж гүйцэтгэх ажил, зорилго, зорилт тань юу вэ?

Хүн хэзээ ч сурахаа зогсоож болохгүй. Сургуулиа төгссөн ч цаашид үргэлжлүүлж сурах хэрэгтэй. Ирээдүйд хүний дундаж наслалт 100-120 болох боломжтой. Дөнгөж 20, 30 настай гэдэг бол амьдралынхаа дөрөвний нэгийг ч туулаагүй байна гэсэн үг. Тиймээс би ирэх 10 жилд докторт сурч, олон улсад ажиллаж туршлага хуримтлуулах бодолтой байгаа. Мөн бусдад өгөх гэдэг талаасаа ном бичнэ гэж боддог.

Эдийн засгийн ямар чиглэл хамгийн их эрэлттэй байгаа вэ?

Биг дата аналист хамгийн их эрэлттэй байгаа. Технологийн дэвшлийг ашиглаж, бодит цагийн горимд байгаа маш их өгөгдөл дотроос хэрэгтэй тоон мэдээллээр анализ хийж, түүн дээрээ тулгуурлаж шийдвэр гаргах процесс бол бизнесийн түвшинд гэлтгүй, Төв банк, бусад шийдвэр гаргагчдын хэмжээнд хүртэл ашиглагдахуйц чухал зүйл болоод байна. Тиймээс биг дата аналистаар сурвал зүгээр гэж бодож байна.

Өнөөдрийн та дөнгөж их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарах гэж байгаа өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?

Анх ажилд орж байгаа хүний хувьд амьдралын дараагийн шат руу орж байгаа болохоор олон төрлийн сорилттой тулгарна. Гэхдээ энэ бол амьдралын нэг процесс учраас ажлаа гартаа оруулаад авчих юм бол жигдрэх болно. Тиймээс санаа зовох хэрэггүй. Мөн сургуулиа төгсөөд ажил хийх, сурах талаар эргэлзэж байгаа хүнд хэлэхэд эхлээд ажил хийж, туршлага хуримтлуулсны дараагаар сурах нь дээр гэж бодож байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.

2022 он