СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн 2018 оны төгсөгч, улсын хэмжээнд зохион байгуулагддаг бизнесийн олимпиадуудын 3 удаагийн аварга, Netcapital financial corporation-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байгаа Х.Энхболд ахтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хувь хүнтэй холбоотой:

Та өөрийгөө товч танилцуулна уу.

Юуны өмнө намайг урьж ярилцлага хийж байгаад баярлалаа. Миний хувьд их сургуулиа төгсчхөөд Худалдаа хөгжлийн банкинд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан менежерээр ажилд орж, 2 жил ажилласан. Түүний дараа Аэросити хэмээх шинэ дагуул хотын бүтээн байгуулалтад оролцож буй компанид төслийн эдийн засагчаар ажилд орж, 6 сарын хугацаанд ажилласан. Тэгээд сая 2 сард Net capital санхүүгийн группд санхүүгийн шинжээчээр ажилд орсон. Ажиллахын хажуугаар СЭЗИС-д бизнесийн удирдлагаар магистрт сурч байгаа.

Яагаад эдийн засагч мэргэжлийг сонгосон бэ? Мөн яагаад заавал СЭЗИС-ийг сонгох болов?

Намайг бага байхад үеэл эгч маань эдийн засагч мэргэжлээр төгсөөд, Монголбанкинд ажилладаг байсан юм. Арван жилийн 3-р ангид байхаасаа хойш хүсч байгаа мэргэжлээ “эдийн засагч” гэж тодорхойлдог байлаа. Тухайн үед юу хийдэг ажил болохыг мэдэхгүй ч их л гоё санагддаг байсан даа.

Миний хувьд 10-р ангиасаа МУИС-ийн лицей сургуульд суралцсан. Байгаль эх лицейг төгссөн хүүхдүүд ихэвчлэн шууд МУИС руу ордог байхад би СЭЗИС руу орж байсан. Ерөнхийдөө найзуудтайгаа ярилцаад бөөндөө СЭЗИС руу оръё гэж шийдсэн дээ. ЭЕШ-ын оноо гарсны дараа СЭЗИС дээр очсон чинь шууд мэргэжил сонгуулж байсан юм. Би мэргэжил сонгоно гэдгийг ч мэдэхгүй оччихсон болохоор тулгамдаад тухайн үед хамгийн ойр санагдаж байснаар нь эдийн засагчийн мэргэжлийг сонгочихсон. Бас мэргэжил сонгох үедээ эдийн засгийн мэргэжлийг хамгийн өрсөлдөөнтэй мэргэжил гэдгийг сонсоод сонирхол төрөөд сонгосон доо.

Та суралцах арга барилынхаа талаар бидэнтэй хуваалцана уу.

Бусдаас суралцах! Ерөнхийдөө эдийн засгийн тэнхимийнхэн хоорондоо их дотно байдгийг мэднэ байх. Манай ангийнхан бие даалт, шалгалтуудын өмнө ангиараа хоноод бэлддэг байж билээ. Хувиараа бэлдэхээс илүүтэйгээр бусдыгаа зааж байхад сонсдог, эсвэл өөрөө заах маягаар бүх хичээлээ давтдаг байсан. Бусдын яриан дундаас сэдвийн агуулгаа ойлгоод авчхаар амархан тогтоогдчихдог юм шиг санагдаад байдаг юм.

Ирээдүйд ажлын байранд хэрэг болох, оюутан байх хугацаандаа эзэмшсэн байх ёстой ур чадваруудын талаар дурдана уу.

Чиний сайн гэж боддог ур чадвар, ажил олгогчийн талаас хүсч байгаа ур чадвар 2 зөрөх магадлалтай байдаг. Юуны түрүүнд хэрэглээний програмууд дээрээ маш сайн ажилладаг байвал давуу тал болно. Санхүү болон эдийн засгийн ангийнхны хувьд ажлын байранд дата дээр ажилладаг. EXCEL дээр сайн ажиллаж, өгөгдлөө цэгцтэй өрж чаддаг байвал ажлынхаа 50 хувийг гүйцэтгэчихлээ л гэсэн үг. Мөн макро бичиж чаддаг байвал ажлаа хөнгөвчилж чадна. EXCEL-ийн нэг илүү функцийг мэдэж авснаар сар болгоны нэг өдрийн, эсвэл 7 хоног бүрийн нэг өдрийн ажлыг чөлөөлөх ач холбогдолтой. Нэмэлтээр функцүүд сурчихвал бүтээмж ч нэмэгдэнэ. Хажуугаар нь мэргэжлийн програм хангамжуудыг эзэмшсэн байвал дата дээр ажиллахад амархан байх болно.

Мөн soft skill-ээ сайтар хөгжүүлэх нь дээр санагдсан. Дотны хүнтэйгээ байхдаа нээлттэй хэрнээ өөр хүмүүстэй хамт байхдаа биеэ барьдаг хүн их байдаг. Ажлын байран дээр нэг байгууллага хэрнээ бие биенээ танихгүй маш олон хүн гарч ирнэ. Өөр газар, хэлтсийн хүнтэй анх танилцаад нүүр хагарах, ярилцах чадвартай байх нь чухал. Ирээдүйн 10 жилд ажил олгогч талаас үнэлэх ур чадварууд дунд харилцааны ур чадвар байдаг. Тиймээс уг чадвараа оюутан байхдаа л хөгжүүлж, бусад тэнхимийн хүүхдүүдтэй чөлөөтэй харилцдаг байвал дээр байх.

Эдийн засагч мэргэжлийн хувьд бусад санхүүгийн салбар дахь мэргэжлүүдээс
ялгарах давуу тал нь юу гэж та боддог вэ?

Hard skill юм болов уу. Манай мэргэжлийнхэн судалгааны үр дүнд үндэслэж, дүгнэлт гаргадаг зуршилтай болчихсон байдаг. Хүмүүс “ихэнх хүн ингэж ярьдаг” гэдэг байхад бид нар олон улсад хийгдсэн судалгааны үр дүнг ярьж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Өөрөөр хэлбэл, илүү шинжлэх ухаанч байдлаар аливаа зүйлд ханддаг гэсэн үг.

Дийлэнх оюутнууд бакалаврын зэрэгтэй болчхоод үргэлжлүүлээд магистртаа сурна гэсэн бодолтой болсон байна. Таны хувьд эдийн засагч мэргэжилтэй хослох мэргэжлийг юу гэж боддог вэ? Мөн манай мэргэжлийн хөрвөх чадварын талаар ярина уу.

Магистрын зэрэг хийе гэвэл мэргэжлийн хувьд их өргөн сонголт бий. Миний хувьд эдийн засгийн мэргэжил бол манай сургуулийн хамгийн хөрвөх чадвартай мэргэжил гэж боддог. Эдийн засгийн мэргэжлээр төгсчхөөд нягтлан, санхүү, банк, бизнес гээд боломжит бүх салбар луу хөрвөх боломжтой.

Цаашид бодлого тодорхойлъё, эсвэл олон улсад ажиллая гэсэн бодолтой байгаа бол эдийн засгаараа магистр хамгаалсан нь дээр. Энэ нь чиний өрсөлдөх чадвартай болохыг батална гэсэн үг. Харин хувиараа ямар нэгэн зүйл хийе, эсвэл байгууллагуудад ажиллая гэж бодож байвал заавал магистрт сураад байх шаардлагагүй. Сүүлийн үед магистрт маш олон хүн сураад, нийтлэг болчихсон учраас тухайн мэргэжилдээ хэр мэргэшсэн бэ гэдэг нь чухал болчихсон. Ер нь магистртаа сурахаас илүүтэйгээр мэргэжлийн чиглэлийн шалгалтын оноогоор өрсөлддөг болсон. Санхүүгийн хувьд CFA, төслийн хувьд PMP зэрэг шалгалтын оноо чухал байдаг. Миний хувьд CFA, PMP шалгалтуудын аль алиныг өгөх гээд бэлдэж байгаа. Надад ийм чадвар байгаа гэдгээ харуулах олон улсын зэрэг, сертификат байх хэрэгтэй

Би өөрөө СЭЗИС-д бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалаад дипломоо бичиж байгаа. Одоогийн өнцгөөс харахад заавал магистраар сурах хэрэг байсан ч юм уу гэсэн бодол төрж байна. Яагаад гэвэл манай ажлын газрынхан, дээд удирдлагууд гээд ерөнхийдөө ур чадвартай ах, эгч нар ерөөсөө магистрт сураагүй, зүгээр л хийж байгаа ажлаа маш сайн мэддэг, бараг зүүдэндээ шийдвэр гаргахаар түвшинд очтолоо мэргэшсэн хүмүүс байдаг. Тэгэхээр бусад хүнийг дуурайхаас илүүтэйгээр өөрийнхөө ажиллах талбарт тохирсон, өөртөө таалагдсан шийдвэрийг гаргах хэрэгтэй.

Яагаад бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар шийдсэн бэ?

Төгссөний дараа СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын тэнхимээс багшлах санал ирсэн. Тэгээд багшлахын тулд магистрын зэрэгтэй байх хэрэгтэй учраас богино хугацаанд зэрэг авахын тулд сургуульдаа шууд сурсан. Суралцаж байх хугацаандаа өөрийгөө багшилж чадахгүй гэж бодоод саналаас нь татгалзаад, нэгэнт сурчихсан юм чинь төгсчихье гэж бодоод явж байна даа.

Таныг улсын хэмжээнд зохион байгуулдаг бизнесийн олимпиадуудад олон удаа түрүүлж байсан гэж сонссон. Уг амжилтыг гаргахад нөлөөлсөн хүчин зүйл нь юу байсан бэ?

Би 4-р курст байхдаа л бизнесийн чиглэлийн олимпиадуудад орж байсан. 3-р курст байхдаа “Шилдэг оюутны” тэмцээнд ороод шилдэг 15-д үлдэж байсан юм. Тэгээд л өөрийгөө иймэрхүү уралдаан тэмцээнүүдэд орвол болох юм биш үү гэсэн бодолтой болсон доо. 4-р курсийнхээ намар нь менежментийн олимпиадад оролцоод сургуульд 2-р байранд ороод, улсын олимпиадад сургуулиа төлөөлж эхний 10 байр оролцож, 2 багт хуваагдахад би багаа ахлаад орж байсан. Улсын олимпиадны 2-р шатанд 4 хичээлийн хүрээнд бодлого бодуулахад би хүний нөөц, менежментийн хичээлүүдийг үзээгүй болохоор номыг нь хальт уншаад л орж байсан. Дараагийн шатанд хамгийн өндөр оноотой 15 оюутан үлдээд судалгаа хийх даалгавар авах ёстой байхад би 15-р байранд орж үлдэж байлаа. Уг шатанд “Төрийн байгууллагын ажилтны цалинд нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр судалгаа хийхэд би нийлбэр оноогоороо 1-р байраар шалгарч байсан. Сэдвийг нь сонсоход л угаасаа манай мэргэжлийн хийх ёстой ажил байсан. EXCEL, тайлан, PPT-гээ хураалгаад илтгэлээ танилцуулсны дараа дүн гарах болоход шүүгчид “магистрын ангийн хүүхэд оруулчихсан юм биш үү” гэж ярьж байсан гэсэн.
Дараа нь хаврын семестрт маркетингийн олимпиадад ороод түрүүлж байсан. 2-р шатанд хийх ажил нь SPSS дээр шинжилгээ хийх байсан нь бас л манай мэргэжлийн нэг хичээлийн бие даалт шиг ажил байсан даа. Тухайн үед багаараа 1-р байранд ороход 2-т орсон багийнхаа онооноос 2 дахин өндөр оноо авсан байсан. Сүүлийн шатанд хамгийн муу оноог авсан ч түрүүлэх нь тодорхой болсон байсан учраас өмнө нь хийсэн ажлаа “баастахааргүй” л оролцъё гэж бодож оролцсон.
Сүүлд нь хүний нөөцийн олимпиадад надад мэргэжлийн хувьд сүртэй давуу тал байгаагүй. Хамгийн чухал нь багийн хамтын ажиллагаа л юм байна лээ. 14 хоногийн хугацаанд 10 ном унших даалгавар өгөхөд бид нар хувааж авч уншаад, бие биедээ яриад өгчихдөг байсан нь давуу тал болсон байх.
Хүмүүсийн харж байгаа өнцгөөр ЭЗО-гийн оюутан бизнесийн бүх олимпиадуудад түрүүллээ гэж харагдаж байгаа боловч яг үнэндээ олимпиадны агуулга нь манай мэргэжлийн хийх ёстой ажлууд байсантай холбоотойгоор л түрүүлсэн юм. Би өмнө нь эконометрикийн олимпиадад 2 удаа оролцоод бүтэлгүйтсэн. Төгсөх курст байхдаа шинэ боломжийг олж харсан нь “эдийн засгийн мэдлэггүй оюутнуудын дунд орж өөрийнхөө мэдлэгээр аархах” байсан юм болов уу (инээв). Хэрвээ бизнесийн олимпиадуудад манай ангийнхан орсон бол бид нар бүгдээрээ 1-р байрны төлөө өрсөлдөх байсан байх. Азаар манай ангийнхан бизнесийн олимпиадуудад ороогүй болохоор л би түрүүлсэн гэж боддог доо.

Голч дүн ажилд ороход хэр нөлөөтэй вэ?

Миний хувьд нөлөө гараагүй ч нийт массын хувьд яривал голч дүн ажилд ороход нөлөөтэй. Тухайн ажил олгогч ажлын зар тавилаа гэхэд маш олон хүний анкет орж ирдэг. Тэр бүх анкеттай нэг бүрчлэн танилцахаас илүүтэйгээр хэдэн гол шалгууруудыг тавиад сонгон шалгаруулалт хийдэг. Тэрхүү гол шалгуурын нэг нь голч дүн учраас ажилд ороход нөлөөтэй гэсэн үг. Тиймээс дүнгээ аль болох өндөр байлгахын тулд хичээгээрэй.

Ажлын байртай холбоотой:

Одоо хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу. Эдийн засагч мэргэжлээс юугаараа онцлог вэ?

Би ажлаа хүлээж аваад яг нэг сар л болж байна. Эдийн засагч мэргэжилтэй харьцуулахад харьцангуй микро түвшинд ажилладаг. Компанийн хүрээнд, эсвэл нэг ажилтны хүрээнд бүтээмжийг үнэлдэг. Ямар нэгэн байдлаар үр өгөөж өгөхгүй байгаа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эсвэл хүнийг олж, үйл ажиллагааны схем дундаас авч хаях үүргийг хүлээж ажилладаг. Тухайн бүтээгдэхүүний орлого буурсныг олж илрүүлэхээс гадна яагаад буурч байгаа шалтгааныг тогтоож, засч залруулах боломжтой шийдвэрүүдийг гаргана. Ажлын байр маань надаас гярхай байхыг шаарддаг. Эдийн засагчаар төгссөн хүн бүхэн л санхүүгийн шинжээчээр ажиллаж чадна. Эдийн засагчийн хувьд өмнө нь тогтоочихсон
байгаа загваруудыг ашигладаг бол санхүүгийн шинжээчийн хувьд мөн ялгаагүй өмнө нь
гаргачихсан томьёонуудыг ашиглаж тооцоолол хийдэг.

Бид нар эдийн засагч мэргэжлээр төгсөж байгаа. Төгссөн хойноо санхүүгийн салбар луу хөрвөж ажиллавал амжилт олно гэж ойлгож болох уу?

Болно. Эдийн засагч мэргэжлээр төгсчихсөн юм чинь би санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер хийж чадахгүй гэж ойлгож болохгүй. Санхүүгийн мэдлэггүй ч гэсэн эдийн засгийн загваруудтай ажиллаж байсан юм чинь хэдэн томьёон дунд ажиллачхаж чадна.

Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?

Шинэ хотын бүтээн байгуулалттай холбоотой барилгын салбарт ажиллаж байсан учраас улс төрийн нөлөө их байсан. Тиймээс ойрын 2, 3 жилдээ надад үр өгөөж өгөхгүй юм шиг, мөн барилгын салбарын өсөлт удаан байх юм шиг санагдаад ажлаасаа гарсан.

Санхүүгийн салбарт ажиллахад ямар чадварууд хэрэг болдог вэ?

Харилцааны чадвар л хамгийн чухал. Санхүүгийн салбар бол зохицуулалт өндөртэй салбар. Жишээлбэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос бүх дүрэм журам, шаардлага, зохицуулалтуудыг батлаад өгчихсөн байдаг. Тиймээс ажлын явцад хүндрэл гарлаа гэхэд зохицуулалтуудыг уншаад шийдэх бүрэн боломжтой. Гол нь санхүүгийн салбарт харилцагчидтайгаа маш ойр байх хэрэгтэй байдаг. Өөрийгөө болон байгууллагын зорилгоо сайтар ойлгуулах, мөн тухайн харилцагч юуг хүсч байгааг мэдэхийн тулд харилцааны ур чадвартай байх хэрэгтэй. Санхүүгийн салбар бол нэг хүнээс мөнгө татан төвлөрүүлээд нөгөө хүнд зээлдүүлэх маягаар ажилладаг салбар шүү дээ. Мөнгөний илүүдэлтэй хүнийг ихэнхдээ банкнаас олох боломжтой байдаг тул банкны ажилтнаас тухайн хүний мэдээллийг олж авахын
тулд харилцааны ур чадвартай л байх хэрэгтэй болдог. Тухайн хүний мэдээллийг чандлан нууцална, буруу замаар ашиглахгүй гэдгээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй болдог гэх юм уу даа. Харилцаж байгаа хүнтэйгээ ямар өнгө аясаар ярих уу, яаж сэнхрүүлэх үү, тойруу замаар яаж өөрийгөө ойлгуулах уу гэхчлэн харилцааны чадвартай, мөн харилцааны мэдрэмжтэй байх нь чухал.

Ажилд орохын тулд ажлын ярилцлагын шатыг заавал давдаг шүү дээ. Ярилцлагын үеэр ажил олгогчийн зүгээс шаардаж байсан нийтлэг шаардлага юу, юу байсан талаар бидэнтэй хуваалцана уу.

Эхний ажлаа хийж байхдаа ажлын бус цагаар төсөл бичиж, 2 дахь байгууллагатайгаа харилцаж байсан учраас барилгын компанид шууд урилгаар ажилд орж байсан. Тэгэхээр 2 удаа ажил олгогчийн ярилцлагад орж байсан гэсэн үг. Худалдаа хөгжлийн банкинд интернэт банк хариуцаж ажилд орж байсан. Тухайн үед олон улсын жишгээр дижитал банкийг шинэчил гэж шаардаж байсан бол Net capital-д ажилд ороход дан ганц санхүүгийн шинжилгээ хийгээд байлгүй нэг томьёог ч болтугай олон улсын стандартад нийцэхээр шинэчил гэсэн шаардлагыг тавьж байсан. Ерөнхийдөө ажил олгогч нар англи хэлтэй юу, шинийг санаачилж чадах уу, ажлын ачаалал даах уу гэдэг 3 шалгуурыг л харж байсан даа. Миний хувьд олимпиадад бэлдэж байхдаа өглөө 9-өөс орой 9 хүртэл цагийн хуваарьтай байсан болохоор ажлын ачааллыг бол даачихдаг.

Таны ажлын хамгийн их таашаал өгдөг зүйл, мөн хамгийн их стресстүүлдэг зүйл юу вэ?

Одоогийн ажлын хувьд, нэг ажил хийж байгаа ч гэсэн дараагийн ажил тодорхой болчихсон, хүлээж байдаг нь таалагддаг. Өмнө нь барилгын компанид ажиллаж байхад хийх ажил тодорхой бус, зарим үед өдөржин хийх ажилгүй суудаг, зарим үед бүх ажил нь давхцчихсан байдаг байсан.
Стресстүүлдэг зүйлийн тухайд нэг их сүртэй зүйл байдаггүй. Хааяа удирдлагын талаас сөрөг сэтгэгдэл үүсэх нь бий. Жишээлбэл, надад хэлээгүй мартчихсан ажлаа нэхэх, их ажилтай сууж байхад ач холбогдол багатай ажлыг яаралтай хийхийг даалгах зэрэгт сөрөг сэтгэгдэлтэй үлддэг дээ. Бусдаар бол хийж байгаа ажилдаа стресстээд байдаггүй.

Сүүлийн үед орлогын нэмэлт эх үүсвэртэй байх хэрэгтэй болж байна. Эдийн засагч мэргэжлийн хувьд нэмэлт орлоготой болох боломж хэр байдаг вэ?

Мэдээж хувиараа бизнес эрхэлж болно. Гэхдээ ажлын хажуугаар өөрийн бизнесээ төдийлөн хөгжүүлж чаддаггүйгээс болоод амжилтад хүрэхгүй байх магадлалтай. СЭЗИС-ийн багш нарын хувьд багшлахын хажуугаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, нэмэлт орлоготой болдгийг мэднэ байх. Тэгэхээр санхүү, эдийн засгийн чиглэлээр төгсөж байгаа хүний хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь хамгийн энгийн орлогын нэмэлт эх үүсвэр болдог гэсэн үг. Миний хувьд санхүүгийн CFA, төслийн PMP зэрэг авъя гэсэн зорилготой байгаа нь зөвлөх үйлчилгээ үзүүлье гэж боддогтой холбоотой. Тэрнээс биш би нэг байгууллага дээр очоод “Би санхүүгийн чиглэлээр 2 жил ажилласан. Тиймээс танай байгууллагад санхүүгийн зөвлөгөө өгье” гэвэл хүлээн зөвшөөрөх байгууллага төдийлөн олдохгүй шүү дээ. Харин миний ур чадварыг нотлох олон улсын зэрэгтэй байвал орлогын нэмэлт эх үүсвэртэй байх бүрэн боломжтой гэж харж байна.
Ер нь дөнгөж сургуулиа төгссөн хүний хувьд орлогын нэмэлт эх үүсвэртэй байх их хэцүү
байдаг. Гэхдээ ажиллах тусам шинэ боломжууд үргэлж гарч ирсээр байдаг шүү.

Төгсгөлд нь:

Ирээдүйн төлөвлөгөө, алсын харааныхаа талаар бидэнтэй хуваалцана уу.

Сая нэгээхэн хэсгээс нь дурдчихлаа. Одоохондоо бол өөрийн гэсэн старт ап байгуулж, Монголын зах зээлээс 1 сая долларын хөрөнгө оруулалт босгоё, GOOGLE-д ажиллая гэсэн амбицлаг зорилго алга. Харин ижил төрлийн ажил хийж байгаа хүмүүстэй харьцуулахад ур чадварын хувьд топ түвшинд очъё, тийм чадвар дутагдаж байгаа хүмүүст зөвлөгөө өгье, өөрийнхөө хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрье л гэж зорьж байна. Гэхдээ цаашид амбицлаг зорилготой болж ч магадгүй юм. Бага багаар зорилгоо тодорхойлж, цааш ахихыг хүсдэг дээ.

Таны хувьд өөрөө алдаж байсан, мэргэжил нэгт дүү нарыгаа битгий алдаасай гэж боддог зүйл байдаг уу?

Олон зүйл туршиж үзээгүй болохоор алдсан зүйл харьцангуй бага байж магадгүй. Миний хувьд 4-р курсээсээ эхлээд л шинэ боломжийг олж харсан учраас үргэлж шинийг эрэлхийлээрэй гэж хэлье. Бас багш нартайгаа ойр дотно байж, эргээд уулзахад яриа хөөрөөтэй байх хэрэгтэй гэж бодсон. Яагаад гэвэл би одоо багш нараасаа маш их зүйлийг асуумаар байгаа. Гэхдээ холбоогүй байж байснаа гэнэт юм асуух эвгүй санагдаад байгаа болохоор та нарт багш нартайгаа байнгын холбоотой байгаарай гэж зөвлөе. Мэргэжлийн хувьд ямар нэгэн зүйлийг чөлөөтэй асууж болох хүмүүс нь багш нар маань л байдаг шүү.

Та бидэнд ном санал болгоно уу.
“Буйд газрын кафе: Яагаад” буюу “Why are you here: Cafe” гэдэг нэртэй, B4 хэмжээтэй 100 орчим хуудастай, 2 цагт уншаад дуусах номыг санал болгоё. Өөрийнхөө зорилгын талаар, эсвэл цаашид юу хийх вэ гэдгээ бодож байгаа хүмүүс уншвал арга замыг нь зааж өгөх их хэрэгтэй ном байгаа юм. Хэтэрхий философилог биш, зүгээр л энгийнээр бичигдсэн, нэг хүн хоол идэж байхдаа кафены эзэнтэй ярилцаж байгаагаар үйл явдал нь
өрнөдөг сонирхолтой ном шүү.

Эцэст нь хэлэх үг?

Итгэл хүлээлгэж намайг урьсанд баярлалаа. Дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье!

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье!