СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн 2010 оны төгсөгч, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын макро эдийн засгийн бодлогын хэлтэст эдийн засагчаар ажилладаг Л.Энх-Амгалан ахтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хувь хүнтэй холбоотой:

Та өөрийгөө товч танилцуулна уу.
Намайг Энх-Амгалан гэдэг. Би СЭЗИС-ийн эдийн засгийн ангийг 2010 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Сангийн яаманд ажилд ороод, 2016 онд Япон руу магистрт сурахаар явсан. Тэгээд одоо Сангийн яамандаа эргэж ажиллаад 2 жил болох гэж байна.

Яагаад эдийн засагч мэргэжлийг сонгож, СЭЗИС-д орсон бэ?
Би сүртэй юм бодож мэргэжлээ сонгоогүй. 10 жилд байхдаа математикт дуртай, математикийн олимпиадуудад их ордог байсан. Манай хамаатны математиктаа сайн ах маань 2, 3 жилийн өмнө СЭЗИС-д орсныг дуулаад мундаг хүүхдүүд л санхүүд ордог юм байна гэж бодож байсан. Тэгээд СЭЗИС-ийг сонгоод орсны дараа математиктаа сайн хүүхдүүд эдийн засгийн ангид ордгийг мэдээд л мэргэжлээ сонгосон доо. Анх эдийн засгийн ангид ороход манай анги 40 орчим хүүхэдтэй байсан. Гансүлд багшийн тавьдаг 60-н хэдтэй дүнг тоодоггүй нь эдийн засагчийн мэргэжлээрээ сурч үлдээд, дүнгээ муу гаргахыг хүсэхгүй байгаа нь ангиа солиод төгссөн дөө.

Нууц биш бол таны суралцах арга барил юу байсан бэ? Энэ талаар ярьж өгнө үү.
Онцгойрсон онцлог арга барилтай байгаагүй ээ. Би ерөнхийдөө номын санд сууж хичээлээ хийдэггүй, харин гэртээ ганцаараа л нухаад суудаг байсан юм. Тэгээд 3-р курсээсээ ЭШХ-д орж эхэлж, чухал хичээлүүдийнхээ хажуугаар судалгааны ажил л хийдэг болсон доо. Намайг оюутан байх үед Батсүх багшийн инфляцийн тухай
судалгааны ажил олон нийтэд хэвлэгдээд, би уг судалгааны ажлыг үг үсэггүй уншаад ханш дээр шинжилгээ хийж, ЭШХ-д оролцож байсан. Мэдэхгүй зүйл гарвал Батсүх багш дээр очоод “Та энэ судалгааны ажил дээрээ ингээд биччихсэн байна. Үүнийгээ тайлбарлаад өгөөч” гэж асууж байгаад л судалгааны ажлыг нь дуурайж хийж байлаа.

ЭШХ-д амжилттай ороход, мөн судалгаа хийхэд юу, юун дээр анхаарвал зохистой вэ?
Хичээл дээр үзээд байгаа аргачлалуудыг багшийн хажууд байгаа дээрээ асуугаад, бататгаад авчихсан нь дээр санагдаад байдаг юм. ЭШХ-д заримдаа амжилттай оролцоно, заримдаа алдана. Ерөнхийдөө судалгаа хийж, ЭШХ-д оролцоход өөрийнхөө хүсэл сонирхлыг л дагах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хичээлээ бататгах гэж ЭШХ-д оролцож
байгаа юу, эсвэл шинэ юм суръя гэж бодож байна уу гэдгээ тодорхойлох ёстой. Хэрвээ хичээлээ бататгах гэж ЭШХ-д оролцох гэж байгаа бол маш сайн бичигдсэн судалгааны ажлыг дагаж хийх нь их үр дүнтэй, их ч зүйл сурч авдаг. Мэдээж шууд хуулж болохгүй, харин өгөгдлийг нь өөрчлөөд ерөнхий бүтцийг нь дуурайх хэрэгтэй. Харин байр эзэлье гэсэн зорилготойгоор ЭШХ-д оролцож байвал маш сайн удирдагч багштай байх хэрэгтэй. Судалгаагаа хураалгах хугацаанаас нь өмнө дуусгаад удирдагч багшаараа хянуулаад явбал их хэрэгтэй.

Оюутан байх 4 жилийн хугацаандаа зайлшгүй эзэмших ёстой чадваруудын талаар дурдана уу.
Оюутан байхад мэдээлэл зүйн тэнхимийн өдөрлөгөөр манай найз 40 секундэд 200-300 тэмдэгт шивээд түрүүлж байсан юм. Би тэр найз шигээ болохын тулд Fast typing гээд сайт дээр хурдан бичих дадлага хийж сурч байсан. Хурдан шивж чаддаг байхын давуу тал нь хурал дээр хүний яриаг зэрэгцээд бичих боломжтой байдаг. Хүн бүрийн хэлж байгаа гол, гол санаануудыг тэр дор нь компьютер дээрээ шивээд авчихвал их хэрэг болдог. Хоёрдугаарт, мэргэжлийн хичээлүүдээ, тэр дундаа эконометрикийн ойлголтуудыг сайн сурах хэрэгтэй. Мөн R, Stata, Eviews, Matlab гээд програмууд дээр ажиллаж сурвал зүгээр. Код бичих алгоритмыг нэг л ойлгоод авчихвал бүх төрлийн програм дээр ажиллаж чадахуйц болчихдог. Гуравдугаарт, бичгийн чадварт суралцах хэрэгтэй. Батсүх багшийн судалгааны ажлууд маш ойлгомжтой байдаг учраас багшаасаа хэрхэн цэгцтэй бичих, найруулгыг яаж хийхийг лавлаж, суралцаарай.

Оюутан хүнд байх хамгийн чухал зарчим таны бодлоор юу вэ?
Оюутнууд дүн чухал биш, эсвэл чухал гээд 2 хуваагдаад байх шиг байдаг юм. Дүн яг чухал биш бол биш, гэхдээ хамгийн чухал зүйл бас биш. Дараа нь мэргэжил дээшлүүлэхээр гадаад, дотоодын их сургуульд явахад голчийн шаардлага тавигдаад зарим боломжууд алдагдах магадлалтай. Тийм болохоор дүн гарах үеэр хичээгээд, дүнгээ аль болох гайгүй гаргачихвал зүгээр. Бас оюутан хүний баримтлах ёстой нэг зарчим бол шууд хуулахгүй байх! Цаг нь тулсан байсан ч гэсэн нэг өгүүлбэрийг ч шууд хуулж болохгүй, харин үүний оронд өөрийнхөө үгээр найруулж бичвэл үр дүнтэй байдаг

Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Чөлөөт цаг гараад, хамт тоглох хүмүүс олдвол зааланд сагс тоглох дуртай. Ер нь чөлөөт цагаараа NBA их үздэг. Тэгээд ажлын стресс багатай байвал өглөөдөө гүйхийг хичээдэг.

Эдийн засагч мэргэжил нь өөр ямар мэргэжилтэй төгс хосолдог вэ? Энэхүү мэргэжлийн хөрвөх чадварын талаар ярьж өгнө үү.
Би сургуулиа төгсөөд шууд макро чиглэлээ бариад явчихсан болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний ажиглаж байгаагаар бол нягтлангийн сууриа зөв тавих хэрэгтэй санагдсан. Би их сургуульд сурч байхдаа нягтлангийн хичээлүүдийг ерөөсөө тоодоггүй байсан юм. “Т” үсэг зураад 2 талд нь тоо бичээд байхаар утгагүй санагддаг байсан гэх үү дээ. Одоо манай эхнэр банкны салбарт ажилладаг юм. Хэдийгээр эдийн засагч ч гэсэн нягтлангийн суурьтай ажлууд их хийгээд байх шиг байдаг. Тиймээс нягтлангийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн манай ангийн хүүхдүүд компаниудад бизнес төлөвлөгөө хийж өгдөг. Тэгэхээр төслийн менежментийн хичээлдээ хичээх хэрэгтэй санагддаг даа.

Оюутан хүн мэддэг байсан ч чимээгүй байсан нь дээр гэж боддог уу? Эсвэл мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг бусадтай нээлттэй байх нь дээр гэж боддог уу?
Би бол хичээл дээр мэдэхгүй юм гарвал шууд л асуудаг байсан. Хичээлээсээ хоцорчхож болох учраас тэр дор нь ойлгоогүй зүйлээ асуугаад явсан нь зөв санагддаг.

Оюутан байх хугацаанд ичих нүүр гэдэг зүйл хэр чухал байдаг гэж боддог вэ? Ичиж санаа зовоод дуугүй байгаад байх нь зөв юм уу, эсвэл нээлттэй байх нь зөв юм уу?
Яасан айхтар айхтар асуулт асууж байнаа (инээв). Ер нь нээлттэй байх нь зүгээр байх. Би таньдаг хүмүүстэйгээ байхдаа их нээлттэй байдаг ч танихгүй хүнтэй юм ярьдаггүй. Хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй гэж боддог доо.

Та хаана дадлага хийж байсан бэ? Сургуулиа төгсөөд ажилд ороход дадлага хийсэн байгууллага нөлөөлдөг үү?
Би Монгол банкинд дадлага хийж байсан. Тэгээд сургуулиа төгсөөд анх Монгол банкинд ажилд ороод 15 хоног л болсон байх. Тэр үед манай тэнхимийн багш байсан Авралт-Од багш намайг Сангийн яаманд ажиллахыг санал болгож байсан юм. Яагаад гэвэл Монголбанкинд манай мэргэжлийнхэн их байдаг, харин Сангийн яаманд тийм их байдаггүй. Тэгээд Сангийн яаманд ажилд орж байсан даа.
Сургуулиа төгсөөд ажилд ороход дадлага хийсэн байгууллага нөлөөлдөг гэж бодохгүй байна. Би Монгол банкинд дадлага хийсэн гээд өөр арилжааны банкин дээр очвол сүртэй авч хэлэлцэхгүй л байх л даа. Гэхдээ дадлагын удирдагч чинь чамд хэрэгтэй юм хийлгээд, чиний хийсэн зүйл тухайн хүндээ таалагдах юм бол “сургуулиа төгсөөд манай байгууллагад шалгалт өгөөд ороод ирээрэй” гэж хэлж болно л доо.

Таны хувьд амжилттай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Миний хувьд карьераа өөрийнхөөрөө залж чаддаг хүнийг их амжилттай хүн гэж боддог юм. Хүн бүрийн шалгуур өөр шүү дээ. Зарим хүн дарга болох хүсэлтэй байхад зарим хүн зүгээр л ажил хийхийг хүсдэг. Тиймээс зөвхөн албан тушаал ахиснаараа амжилттай яваа гэж дүгнэвэл өрөөсгөл болох байх. Тэр хүн юу хийхийг хүсч байна, түүнийгээ л хийж чадаж байвал амжилттай хүн гэж хардаг. Амжилтыг үзүүлэлтээр хэмжээд, тэрийгээ нийт хүмүүсийн дунд мөрдүүлэх гээд байж болохгүй л дээ.

Та сургуулиа төгссөнөөс хойш 11 дэх жилдээ хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа юм байна. Таны хувьд ажилд орох процесс ямар байсан бэ? Мөн ажлын ярилцлагад анхаарах ёстой зөвлөгөөг бидэнд өгнө үү.
Би их олон газар ярилцлагад орж, шалгалт өгч байсан. Мөн олон байгууллагын хүний нөөц рүү нь мэйл бичиж байсан. Яг ярилцлагад ороход чамаас маш их асуултыг асуудаг. Тэр бүгдэд өөрийнхөөрөө л хариулах нь зүгээр санагдсан юм. Жишээ нь, би Хаан банкинд ярилцлагад орж байсан. Тэр үед надаас “Яагаад Хаан банкыг сонгох болсон бэ?” гэж асууж байсан л даа. Би ингэж асуусан шалтгааныг нь ч бодолгүйгээр “Танайхыг яг сонгочихсон юм бишээ. Би бусад бүх арилжааны банк руу ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн мэйл бичсэн. Тэгээд одоо эхний банкныхаа ярилцлагад ороод л сууж байна” гээд хариулчихсан. Миний хариулт Хаан банкны хүний нөөцийн менежерт нь их таалагдсан байсан. Тиймээс өөрийнхөөрөө л хариулах нь дээр.

Ажлын байртай холбоотой:

Та өөрийнхөө ажлыг тайлбарлаж өгнө үү.
Би 2 зүйлийг хийдэг. Нэгдүгээрт, Сангийн яаманд ажилладаг хэн ч байсан хараад хийчмээр тайлан бэлтгэдэг. Гэхдээ түүнийг нийтэд зарлахгүй, зөвхөн дотооддоо л ашиглах юм. Бодит секторын үйлдвэрлэл ямар байна, эрэлт нийлүүлэлт нь хэр байна, төрийн зүгээс ямар дэмжлэгтэй оролцож байна, мөнгөний бодлого хатуу байна уу эсвэл зөөлөн байна уу, төлбөрийн тэнцэл ямархуу байна, Валютын сангаас эсвэл Монгол банкнаас гаргасан дүгнэлтүүдтэй Сангийн яамны дүгнэлт нийцэж байна уу гэх мэт зүйлсийг бичиж үлдээдэг тогтсон нэг тайлантай болох гээд сүүлийн 2 жил ажиллаж байна. Хоёрдугаарт, би загваруудыг их сонирхдог юм. DSGE загварыг өдөр бүр тасралтгүй оролдож үзэж байна. Уг загварыг ажил дээрээ энгийн байдлаар ашиглаж, бусад хүнд тайлбарлаж чадахуйц болохын тулд хичээж байгаа.

Та Сангийн яамны ямар, ямар газруудад ажиллаж байсан бэ?
Эхлээд би төрийн сангийн газарт ажиллаж байгаад 2 жилийн өмнөөс макро эдийн засгийн бодлогын хэлтэст орсон.

Ажлын байран дээр хэцүү үе тулгарвал түүнийгээ хэрхэн даван туулдаг талаараа ярина уу.
Ер нь гайгүй дээ. Анх Сангийн яаманд ажилд ороход ааш муутай эгч нар ихтэй байсан. Би нээлттэй биш, дотогшоо хүн болохоор тэдэнтэй харилцахад хэцүү санагдаад ажлаасаа гарч байсан. Гэхдээ удалгүй буцаад ажилдаа орсон л доо. Тэр үед хэцүү байснаасаа болоод ажлаас гарснаа зөв шийдвэр гэж боддоггүй.

Яагаад Сангийн яамны судалгаанууд олон нийтэд ил байхаар хэвлэгддэггүй юм бэ? Монгол банк шиг тогтмол товхимлууд гаргаад байж болдоггүй юм уу? Та энэ тал дээр хариулт өгнө үү.
Дэлхийн аль ч улсын хувьд Төв банкинд итгэх итгэл гэсэн ойлголт байдаг. Төв банк нь ард иргэдийнхээ итгэлийг олж байж ард иргэд нь инфляцийн зорилтод итгэдэг. Тиймээс улс болгон Төв банкны судалгааны алба гэж байгуулаад олон нийтэд зориулсан судалгааны ажлыг хэвлэх үүрэгтэй байдаг. Мөн Монгол банк бие даасан байгууллага гэж явдаг учраас судалгааны ажлуудыг тогтмол хийж гаргадаг.

Харин Сангийн яамны хувьд 2 шалтгааны улмаас олон нийтэд судалгааны ажлаа танилцуулдаггүй. Нэгдүгээрт, Сангийн яам бол төрийн байгууллага шүү дээ. Төрийн албаны хуулийн дагуу Сангийн яамнаас гарч байгаа судалгаа нь “хэвлэлийн төлөөлөгч” гэх хүнээр дамжиж байж нийтэд ил болох ёстой байдаг. Тэрнээс биш би нэг судалгаа хийгээд энэ Энх-Амгалан гэдэг хүний хийсэн судалгааны ажил гээд Сангийн яамнаас хэвлэж болохгүй. Хоёрдугаарт, хүний нөөцтэй холбоотой асуудал үүсдэг. Судалгаа хийхдээ үнэхээр сайн хүн цөөн, харин зүгээр л сууж байдаг хүн цөөнгүй байдаг. Нэгулирлын тайланг 4-6 хүн нийлж бичдэг юм. Тэгээд зарим хүн нь сэтгэлд нийцтэл гоё бичиж чадаагүйгээс болоод олон нийтэд ил болгож чаддаггүй. Гэхдээ энэ жилээс эхлээд улирлын тайлангуудаа нийтэд ил болгоё гэсэн санаа яригдаж байгаа. Удахгүй уг ажил маань хэрэгжих байх.

Бид нарын хувьд сургуулиа төгсөөд шууд Сангийн яаманд мэргэжлээрээ ажилд орох магадлал хэр их байгаа бол? Мөн макро эдийн засгийн бодлогын хэлтэст ажилд ороход ямар, ямар ур чадвартай байх хэрэгтэй вэ?
Сангийн яаманд ажилд ороход хуулийн зохицуулалтууд байж магадгүй. Жишээлбэл, 2 жилийн ажлын туршлагатай байх, эсвэл цэргийн албаа хаасан байх ч юм уу. Ерөнхийдөө Сангийн яаманд 2 замаар л ажилд ордог. Нэгдүгээрт, төрийн албаны шалгалт өгөөд, хүний нөөцөд бүртгүүлээд, Сангийн яамны шаардлагад нийцвэл ажилд орох боломжтой. Гэхдээ энэ аргаар ажилд орох магадлал багатай. Хоёр дахь арга зам нь Дэлхийн банкны эсвэл Азийн хөгжлийн банкны төсөл дээр ажиллах боломжтой. Сангийн яамнаас уг төслүүд дээр ажиллах “зөвлөх” гэдэг хүнийг хайж байдаг. Мэдээж англи хэлний түвшин маш сайн байх хэрэгтэй л дээ. Хэрвээ зөвлөх болчихвол 6 сараас 1 жилийн хугацаанд төсөл дээр ажиллаад, хэрвээ сайн гүйцэтгэлтэй ажиллаж чадах юм бол Сангийн яамнаас шууд ажилд авчихдаг.
Харин макро эдийн засгийн бодлогын хэлтэст ажилд орохын тулд эконометрикээ ойлгодог, ойлголтуудаа хэрэглэж чаддаг байх нь чухал. Мөн R дээр код сайн бичдэг, кодоо автоматаар ажиллуулж чадах хэмжээний хөгжүүлдэг байвал давуу талтай. Түүнчлэн бичгийн чадвартай байх хэрэгтэй.

Сангийн яамны хувьд эконометрикийн мэдлэг шаарддаг газрууд юу, юу байдаг вэ?
Төрийн сангийн газар бол эконометрикийн мэдлэг шаардана. Би төрийн сангийн газарт ажилладаг байхдаа Монгол банкинд байршдаг төрийн сангийн данс руу орж ирэх орлогын төсөөлөл хийгээд, түүндээ тохирсон зардлын хязгааруудыг тавьж удирдлагууддаа танилцуулдаг байсан. Орлогын төсөөллийг эхлээд жилээр хийгээд,
дараа нь сараар, 7 хоногоор, өдрөөр гэх мэтчилэн хийдэг тул хугацаан цувааны эконометрикийн мэдлэг маш их хэрэг болдог. Мөн төсвийн бодлогын газар, санхүүгийн бодлогын газруудад эконометрикийн мэдлэгийг шаардана. Төсвийн бодлогын газарт ихэвчлэн сараар төсөөлөл хийдэг бол санхүүгийн бодлогын газарт жилийн төсөөллийг хийдэг.

Таны бодлоор төрийн албан хаагч байхын давуу болон сул тал юу вэ?
Төрийн албан хаагчийн тангараг гэж байдаг. Тэгэхээр төрийн албан хаагч мөн, бишийн хооронд тангаргийн л зөрүү байдаг гэж ойлгож болно. Сангийн яамны төрийн албан хаагч байхын давуу тал нь гадаад руу жилдээ 1-3 удаа явах боломжтой. Валютын сангийн сургалт руу Төв банк, Засгийн газарт ажилладаг хүмүүс хүсэлтээ явуулж, хэрэв сонгогдвол гадаад руу сургалтад суух бүрэн боломжтой байдаг. 1-3 долоо хоногийн хугацаанд тус сургалтад суудаг. Маш хэрэгтэй мэдээллүүдийг өгдөг, дээрээс нь сургалтын дундуур чөлөөт цаг их гарах учраас ийш тийшээ яваад газар үзэж болдог нь давуу тал болно. Харин төрийн албан хаагч байхын сул тал гэвэл цалин багатай. Гэхдээ англи хэлний түвшин сайтай байвал Сангийн яам дотроо төсөл хариуцаад, өндөр цалинтайгаар ажиллаж болно.

Сангийн яаманд ажилласнаар магистрт сурахад давуу тал үүсэх үү?
Би Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан. Уг тэтгэлэг нь зөвхөн төрийн албан хаагч нарт зориулагддаг. Тиймээс Сангийн яаманд ажилласнаар магистрт сурахад давуу тал болно.

Төрийн албанд халаа, сэлгээ их байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд танд уг үзэгдэл хэр ажиглагддаг вэ?
Сангийн яам дотор халж, сэлгээд байгаа зүйл сүртэй их харагддаггүй. Яахав нам өөрчлөгдвөл төрийн нарийн бичгийн дарга, төрийн захиргааны дарга, төрийн сангийн дарга гээд чухал 4, 5 дарга нар бол солигддог. Бусад ажлын байрны хувьд халаа, сэлгээ байдаггүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр энэ намраас Эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулна гэсэн. Гэтэл Япон улсын туршлагаас харахад хөгжлийн бодлого төлөвлөлтийн институцтай байдаг. Таны хувьд яам шинээр байгуулах нь зөв үү?
Хэрэв хөгжлийн яам гэж байгуулвал тэр яам маань нэг сайдтай байна. Харин институцтай болвол тэр газар зүгээр нэг даргатай байна. Тэр дарга нь бусад сайд нарын түвшинд очиж ярьж чадахгүй байх. Тиймээс ямар ч байсан яамтай болох нь зөв. Үүнд нэг шалтгаан байгаа. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бол яамны 1-р хүн.
Энэ хүн ажил дээрээ хамгийн дээд талдаа 10-12 цаг л ажиллах боломжтой шүү дээ. Гэтэлнарийн бичгийн дарга яаралтай гэсэн уулзалтуудаасаа эхлээд цаг олгодог. Хамгийн түрүүнд төрийн сангийн газар 2 цаг, дараа нь хөрөнгө оруулалтын газар 2 цаг, төсвийн бодлогын газар 2 цаг, хуулийн газар 2 цаг ажлаа танилцуулаад, сүүлд нь сайдтайгаа 2 цаг ярилцлаа гэхэд л өдрийн 10 цаг дуусч байгаа юм. Эдийн засгийн бодлогын газар жилийн төсөөлөл хийдэг учраас төрийн нарийн бичгийн даргын яаралтай ажилд тооцогдохгүй. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулчихвал ажлын 8 цагтаа багтаад хийх ёстой ажлаа бүрэн гүйцэд, цаг алдалгүйгээр хийх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр миний хувьд яам байгуулсан нь зөв гэж бодож байна.

Монгол улсын хувьд сангийн бодлогууд хэр үр дүнтэй байна гэж та бодож байна вэ?
Би ажил дээрээ сангийн бодлого зөв явж байна уу, буруу явж байна уу, сангийн бодлого болон мөнгөний бодлого хоорондоо 100 хувь уялдаж чадаж байна уу гэдгийг судалдаг юм. Миний харж байгаагаар сүүлийн үед хэрэгжүүлсэн сангийн бодлогууд их үр дүнтэй байгаа. Сүүлийн 4, 5 жилийн хувьд сангийн бодлого мөчлөг сөрж байгаа нь оновчтой байгаа даа.

Эдийн засгийг бүхэлд нь тооцдог загвар гэж байдаг уу?
Бүгдийг нь тооцох загвар гэж мэдээж байхгүй. DSGE буюу ерөнхий тэнцвэрийн загварын хувьд эхлээд өрхүүдийг авч үзээд, дараа нь пүүсүүд, засгийн газар, мөнгөний бодлого боловсруулагчид, гадаад сектор гэсэн 5 хүчин зүйлийг холбож үздэгээрээ хамгийн өргөн хүрээний аргачлал болж байдаг. CGE загварын хувьд бодит секторыг
эдийн засгийн салбаруудаар ангилан авч үздэг нь эдийн засгийг бүхэлд нь харж байна гэж ойлгогдож болно. Мөн төсөөлөл хийдэг GAP загвар нь DSGE загварыг илүү хялбарчилсан загвар болдог.

Төгсгөлд нь:

Монгол улсыг хөгжихөд юу хойш татаж байна гэж та боддог вэ?
Монгол улс хөгжөөд л байгаа. Хөгжлийн экономикс дээр заадаг хөгжлийн үе шатаар бол Монгол улс хөгжлийнхөө эхний үе шат дээр явж байгаа гэж боддог юм. Энэ хөгжлийн үе шат бүр дээр хүмүүс ялгаатай ажлуудыг хийж байдаг. Нэг жишээ авъя л даа. Би 5 хүүхэдтэй, хүүхэд бүрээ байшинтай болгохын төлөө ажилладаг гэж бодъё. Тэгвэл миний хүүхдүүд нэгэнт л байшинтай болчихсон юм чинь надаас ялгаатай зүйлийн төлөө ламьдарна шүү дээ. Хиймэл оюун ухаан хөгжүүлье, докторын зэргээ хамгаалъя гэх мэтчилэн хөгжлийн үе шат нь өөр болно. Надаас 10 ах хүмүүс бол Монгол улсад байшинг барьсан үеийнхэн, харин манай үеийнхэн тэр байшингийн төлбөрийг төлөх хүмүүс. Тэгээд бид нараас 10 насаар дүү үеийнхэн бол байшингаас өөр зүйлийн төлөө хичээж амьдрах хүмүүс юм. Тиймээс Монгол улс хөгжсөөр л байна.

Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөвийн талаар та юу гэж бодож байна вэ?
Монгол улс дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрс, ноолуур зардаг, харин гадны улс орнуудаас хувцас хунарыг, хоол хүнсийг, технологийг худалдаж авдаг. Ойрын 30 жилдээ Монгол улс гадаадын зах зээлд зарах бүтээгдэхүүнтэй байна. Харин энэ үед олсон орлогоо хэрхэн удирдах вэ гэдгээс цаашдын хэтийн төлөв хамаарна.

Та алсын харааныхаа талаар ярина уу.
Би саяхан эдийн засгийн чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан. Манай удирдагч багш намайг үргэлжлүүлэн сургах хүсэлтэй байсан юм. Тиймээс би цаашдаа DSGE чиглэлээр гүнзгийрэн сурна гэж бодож байгаа.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.