СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн 2010 оны төгсөгч, Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газарт эдийн засагчаар ажилладаг Э.Бямбатогтох эгчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хувь хүнтэй холбоотой:

Яагаад эдийн засагч мэргэжлийг сонгох болсон бэ?
Нэгдүгээрт, challenging санагдаад эдийн засагч мэргэжлийг сонгосон. Эхэндээ манай анги олон хүүхэдтэй байсан ч эхний 2 хичээлээс эхлээд л цөөхөн хүн үлдсэн. Ялангуяа Сүлдээ багш эхний хичээлүүддээ англи хэл дээрх слайдууд ашиглаж, хэцүү судалгааны ажлууд уншуулж эхлэнгүүт манай анги 10-аадхан хүүхэдтэй болчихсон. Хоёрдугаарт, эдийн засгийн мэргэжил хөрвөх чадвар сайтай. Банканд ч ажилладаг, судалгааны байгууллагад ч ажилладаг болохоор их дажгүй мэргэжил санагдаад сонгосон доо.

Таны суралцах арга барил юу байв?
Миний хувьд гэвэл багшийн унш гэсэн судалгааны ажил, номнуудыг цаг тухайд нь уншаад явдаг байсан. Тэгээд мэдэхгүй зүйлээ дор дор нь асуугаад явах хэрэгтэй юм шиг л санагдсан даа. Жишээлбэл, би тэнхимийн үүдэнд зогсож байгаад багш нараас хичээлээ асуучихдаг байсан. Суралцах арга барилын тухайд сонгосон чиглэлээ гүнзгий судлаад, тэр талбар дээрээ мэргэших хэрэгтэй. Жишээлбэл, Г.Мөнх-Эрдэнэ 2-р курст байхдаа л хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийж, ЭШХ-уудад оролцоод явдаг байсан. Одоо хувьцааны чиглэлээрээ мэргэшээд, мундаг болчихсон байгааг харж байгаа байх. Тэгэхээр хамгийн шилдэг суралцах арга барил бол зорьсон зүйлээ л тууштай хийх юм уу даа.

Та ямар төрлийн ном унших дуртай вэ? Оюутан залууст хэрэг болохуйц ном санал болгоно уу.
Адам Смитийн “The theory of moral sentiments” гээд ном байдаг. Капитализмыг нарийн тодорхойлж бичсэн ном байгаа юм. Адам Смит чинь өөрөө чөлөөт зах зээлийн дэмжигч боловч капитализм, чөлөөт зах зээлийн бүх зүйл сайхан биш гэдэг талаар бичсэн байдаг. Гэхдээ бага зэрэг урт учир уйтгартай санагдаж магадгүй байх.

Оюутан насны гоё дурсамжаасаа хуваалцана уу. Манай анги цөөхөн хүүхэдтэй ч гэсэн урлагийн үзлэгтээ бэлдээд бүгдээрээ их сэтгэл гаргаж байсан. Өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд, ганц пирошки идээд л хамтдаа байдаг байсан нь хамгийн гоё дурсамж санагдаж байна. Бас ЭШХ-д оролцоод амжилт гаргаж байсан үе их дурсамжтай санагддаг.

Буцаад төгсөх курсдээ очвол та хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
Гадагшаа сургуульд явъя гэж оюутан залуус бүгд л боддог байх. Тэтгэлэгт тэнцэх хамгийн гол хүчин зүйл нь нийгмийн идэвх байдаг. Тиймээс одоо оюутан байх үеэсээ Ротаракт гэх мэт клубүүдэд харьяалагдаад, нийгмийн ажлуудад оролцоод явах хэрэгтэй. Миний хувьд нийгмийн ажлуудыг оройтож хийж эхэлсэндээ бага зэрэг харамсдаг юм.

Ирээдүйн ажлын байранд хэрэг болох, оюутнууд 4 жил сурах хугацаандаа зайлшгүй эзэмших ёстой чадварууд юу вэ?
Нэгдүгээрт, програм хангамжуудтай маш сайн ажилладаг байх! Ялангуяа EXCEL-ийг бүрэн эзэмших хэрэгтэй. Зээлийн эрсдэл байна уу, хөрөнгө зохицуулалт байна уу хамаагүй бүх л ажлын байрны хувьд EXCEL дээр ажлаа хийдэг. Хоёрдугаарт, англи хэлтэй байх! Мэдээж одоо англи хэл давуу тал байхаа больчихсон, учир нь хүн бүр л
чөлөөтэй ярьдаг болчихлоо шүү дээ. Тиймээс англи хэлний мэдлэг тааруу бол оюутан байх хугацаандаа хэлээ сайжруулаад ажилд орох нь зөв байх. Гуравдугаарт, бичгийн соёлтой байх! Ажилд ороод хамгийн түрүүнд хийх зүйл чинь судалгааны ажил буюу тайлан бичих байдаг. Тиймээс ажлын байранд эхнээсээ л гологдохгүй байхыг хүсвэл оюутан байх хугацаандаа бичгийн чадвар эзэмшиж, бэлтгэлээ сайн базаагаарай гэж захих байна.

Таны бодлоор эдийн засагч мэргэжил өөр ямар мэргэжилтэй төгс хосолдог вэ?
Миний бодлоор хамгийн сайн зохицох нь актив-пассивын удирдлага. Яагаад гэвэл хүүний эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл гээд бүх төрлийн эрсдэлүүдийг хамардаг болохоор эдийн засагч мэргэжлээр төгссөн хүний хувьд маш сайн хийж чадах ажил болдог. Мөн хөрөнгө оруулалтын чиглэл эдийн засагтай хослох
байх. Манай төгсөгчид санхүүгийн анализ, санхүүгийн менежмент чиглэлээр их амжилттай ажилладаг шүү дээ.

Та төгсөөд ажиллаж эхэлснээсээ хойш өөрийн сонгосон мэргэжилдээ харамсаж байсан уу?
Байсан байсан. Банканд ажилд орсныхоо дараа “нэгэнт л банканд ажиллах байсан юм бол санхүүгийн удирдлагаар төгсдөг байж дээ” гэж харамсаж байсан удаа бий. Гэхдээ ажлаа хийх тусам эдийн засгийн мэргэжлийг сонгосондоо баярлаж, өөрийнхөө харамссан сэтгэлээ давж гарсан. Удирдлагуудаасаа судалгааны ажил хийх үүрэг даалгавар их авна. Сайн судалгааны ажил хийх үед захирлуудаасаа магтаалын үг
сонсоно. Хүнээс магтаалын үг сонсох сайхан байдаг болохоор өөрийн төгссөн мэргэжлээ миний давуу тал болж байна даа гэж бодоод баярладаг.

Өнөөдрийн таныг бий болгосон зүйл юу вэ?
Би хэцүү зүйлсэд дуртай, аль болох хэцүүг нь сонгодог зантай. Хүний доор орчихгүй юмсан гэдэг бодол маань өнөөдрийн намайг бүтээсэн байх. Энэ зан маань зөв, буруу эсэхийг хэлж мэдэхгүй юм. Хэцүүг нь сонгодог зантай учраас Худалдаа хөгжлийн банкны хамгийн ачаалалтай газарт ажилладаг.

Ажлын байртай холбоотой:

Та өөрийн ажлын байрыг товч танилцуулна уу.
Би Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө зохицуулалтын газрын харьяа актив-пассивын удирдлагын хэлтэст ажилладаг. Уг хэлтэс юу хийдэг талаар товч дурдах нь зөв байх. Ерөнхийдөө банкны ашгийг хамгийн их байлгахын тулд банкны пассивыг актив хөрөнгөд оновчтой хуваарилах, хүүний эрсдэлийг хэрхэн удирдах, банкны эх үүсвэрийн зардлыг хэрхэн хамгийн бага байлгах, дотоод хүүг ашиглаж банкны салбаруудыг актив,
пассивын зохистой бүтцэд хүргэх сэдлийг төрүүлэх зэрэг үүрэгтэй байдаг. Ерөнхий чиглэл ийм боловч өөр бусад ажлууд жишээлбэл, банкны бусад газар хэлтсүүдээс шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байгаа тохиолдолд хүүний түвшинг хэдээр тогтоох талаар санал өгөх, уг шинэ бүтээгдэхүүн нь банканд хэр зэрэг ашигтай байх, эрсдэлээр
засварлагдсан өгөөж нь банкны эх үүсвэрийн зардал болон бусад зардлуудыг нөхөж чадах эсэхийг тооцоолдог.

Өөрийн ажлын байрыг товчоор дүгнээд хэлвэл?
Манай газар бол банкны тархи, стратегийн хамгийн чухал газар нь

Таны одоо ажиллаж байгаа хэлтэс өмнөх ажилтай тань харьцуулахад хэр ачаалалтай вэ?
Өмнө нь би эрсдэлийн удирдлагын хэлтэст ажиллаж байсан. Эрсдэлийн удирдлагын хэлтэст судалгаа шинжилгээгээ аажуу тайван хийдэг. Харин хөрөнгө зохицуулалтын газарт ажлууд гэнэт орж ирдэг. Тэгэхээр өмнөх ажилтай харьцуулахад нэлээн ачаалалтай байдаг. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн би хэцүү зүйлд дуртай (инээв).

Яагаад та Худалдаа хөгжлийн банкийг сонгосон вэ? Бусад банкнаас ялгарах онцлог нь юу байсан вэ?
2010 онд намайг сургуулиа төгсөж байхад Худалдаа хөгжлийн банкны активын хэмжээ хамгийн их, бас хамгийн нэр хүндтэй байсан юм. Ажлын байрны танилцуулга болоход хамгийн олон оюутан Худалдаа хөгжлийн банк танхим орж суудаг байлаа. Тэр үед өөрийгөө хамгийн шилдэг банканд ажиллах ёстой гэж бодоод л Худалдаа хөгжлийн банкийг сонгосон доо.

Банканд ажилд орох үйл явцын талаар бидэнд ярьж өгнө үү.
Эхлээд мэдээж анкетаа өгнө. Үүний дараа IQ-ийн шалгалт өгөөд, эсээ бичнэ. Тэгээд хамгийн сүүлд ярилцлагад ороод, хэрэв тэнцэх юм бол ажилд орно доо. Намайг ажилд орох үед оюутан байхад бичиж байсан судалгааны ажлыг маань авч байсан.

Банканд ажиллахын тулд эхлээд заавал теллерийн ажлыг хийх ёстой гэж хүмүүс ярьдаг. Энэ хэр үнэний ортой ойлголт вэ?
Маш буруу ойлголт. Сургуулиа төгсчхөөд шууд эрсдэлийн удирдлагын газарт, эсвэл хөрөнгө зохицуулалтын газарт ажилд орсон хүмүүс байдаг болохоор энэ ойлголт бол төөрөгдөл шүү гэж хэлмээр байна. Хамгийн гол нь төгсөөд теллер бололгүйгээр шууд дээд албан тушаалд ажиллахыг хүсч байвал онц л сурах хэрэгтэй. Мөн эртхэн CFA шалгалт өгч байсан нь дээр. Хараад байхад CFA-ийн оноотой хүнийг теллер хийлгэдэггүй. Тэгэхээр анхнаасаа өндөр албан тушаалд ажиллая гэж бодож байвал санхүүгийн чиглэлийн шалгалтыг өгөх хэрэгтэй.

Эрсдэлийн удирдлагаар магистрт сурахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь юу байсан бэ?
Нэгдүгээрт, ЭЗО-г төгссөн учраас эрсдэлийн удирдлагаар магистр хамгаалахаар шийдсэн. ЭЗО чинь санхүүгийн удирдлага зэргийг бодвол эрсдэлтэй илүү ойр байдаг, тоон шинжилгээ ашигладаг мэргэжил шүү дээ. Хоёрдугаарт, эрсдэлийн удирдлагын газар ажиллаж байсан болохоор Австрали улсад магистраар сурах илүү боломжтой байсан юм. Учир нь Австралийн тэтгэлэг өмнө нь ямар ажил хийж байсан, ирээдүйд ямар ажил хийх вэ гэдэг дээр илүү анхаардаг болохоор эрсдэлээр магистр хамгаалахад илүү дөхөм байсан.

Магистрт сурсны дараа ажил дээр тань гарсан давуу тал юу байсан вэ?
Нэгдүгээрт, өмнө нь хийдэг байсан зүйлээ илүү сайн мэддэг болчихдог. Жишээлбэл, бакалавраа төгсөөд хийдэг байсан ажил маань зөвхөн зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг үнэлдэг зээлийн эрсдэлийн шинжээч байсан юм. Харин магистраа хамгаалаад ирсний дараа зээлийн эрсдэл гэдэг зүйл шал өөр юм байна, дэлхийн түвшинд тооцдог аргачлалууд ийм байдаг юм байна, уг аргачлалыг Монголд хэрхэн нутагшуулж болох вэ гэдэг тал дээр мэдлэгтэй болдог. Хоёрдугаарт, магистр хамгаалаад ирсний дараа бусдад нөлөөлөх чадвар нэмэгддэг. Удирдлагуудтайгаа ажлын талаар ярилцахад “энэ хүн чинь гадаадад сураад их зүйл сонсоод ирсэн хүн шүү” гэх маягаар яриаг маань илүү анхаарч сонсдог болчихсон байсан.

Австралид тэтгэлгээр сурахын тулд юу юун дээр анхаарах ёстой вэ?
Шалгуур үзүүлэлтүүдийг нь сайн хангах хэрэгтэй. Нэгдүгээрт, дүн чухал, хоёрдугаарт, түрүүн хэлсэнчлэн нийгмийн идэвх маш чухал. Мөн эрдэм шинжилгээний хурлуудад сайн оролцож байх хэрэгтэй. Австралийн авардс (Australia Awards) жил болгон хэрхэн тэтгэлэгт тэнцэх вэ гэдэг хурал зохион байгуулдаг шүү дээ. Уг хурлуудад идэвхтэй сайн
оролцоорой.

Монгол улсын хувьд боловсрол өсөхөд цалин нэмэгддэг гэсэн эдийн засгийн суурь зарчим биелдэг үү? Таны хувьд боловсрол тань өсөхөд цалин тань дагаад нэмэгдсэн үү?
Миний хувьд боловсролын түвшин нэмэгдэхэд цалин өсөөгүй. Чиний боловсролын түвшин магистр байна уу, бакалавр байна уу хамаагүй адилхан л цалин олгоно. Магистрийн зэрэгтэй болохын гол давуу тал нь ажлын байраа солих боломжтой болчихдог. Ер нь магистрийн зэргийг заавал хамгаалах шаардлагагүй гэж боддог.
Гадаадад сурахгүйгээр өндөр орлоготой болох боломж их байдаг шүү дээ. Миний мэддэг ихэнх захирлууд гадаадад сураагүй хэрнээ ажлынхаа талаар маш сайн мэдлэгтэй байдаг.

Академик мэдлэгээс гадна ажлын байранд амжилттай явахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлийг юу гэж боддог вэ?
Маш хурдтай байх ёстой. Мөн захирлуудынхаа юу хүсээд байгааг нь мэддэг байх хэрэгтэй.

Банкны салбарт эконометрикийн мэдлэг хэр их хэрэг болдог вэ?
Миний хувьд бол эконометрикийн мэдлэгээрээ л хөрөнгө зохицуулалтын газарт ажилд орсон. Ажлын маань тодорхойлолт дээр “валютын ханш, банкны секторын зээл, хадгаламжийн өсөлт, бодлогын хүү зэрэг нь зээл болон хадгаламжид хэрхэн нөлөөлөх тал дээр макро эдийн засгийн судалгаа хийнэ” гэсэн заалт байдаг. Тэгэхээр эконометрик маш том давуу тал болдог доо.

Банкны салбарын хувьд аль ч газар, хэлтэст эконометрик хэрэг болдог уу?
Санхүү удирдлагын газар бол хэрэг болохгүй. Бусад газруудад эконометрикийн мэдлэг хэрэг болно. Жишээлбэл, эрсдэлийн удирдлагын газарт удирдлагуудыг макро эдийн засгийн судалгаагаар хангаж байх ёстой, харин хөрөнгө зохицуулалтын газарт ирээдүйгээ таамагласан буюу forward looking үйлдлүүдийг хийх хэрэгтэй байдаг.

Монгол улсын хувьд цөөн хэдэн том банкууд зээлийн хүүг тодорхойлдог шинж ажиглагддаг. Банкны салбарт ажилладаг хүний хувьд зээлийн хүүг хэрхэн тогтоодог талаар тайлбар өгнө үү.
Энэ талаар хийгдсэн Монголбанкны судалгаанууд байдаг. Банкны зээлийн хүү дунджаар 15 хувь байдаг шүү дээ. Үүнээс эх үүсвэрийн зардал, эрсдэлийн шимтгэл, үйл ажиллагааны зардлуудыг хасвал ашгийн маржин маш бага болдог. Хүмүүсийн нийтлэг ойлголт бол банкыг маш их хэмжээний ашигтай ажилладаг гэж буруу бодох явдал
байдаг юм. Банкны хувьд эх үүсвэрийн зардал маш өндөр. Уг нь эх үүсвэрийн зардлыг багасгачихвал зээлийн хүүг бууруулах боломжтой. Гэвч манай орны хувьд нийт эх үүсвэрийн 90 гаруй хувь нь цөөн хэдэн хүний гарт төвлөрдгийг бүгд мэднэ байх. Хэрэв эх үүсвэрийн зардлаа танахыг хүсвэл тэдгээр цөөн хүмүүсийг алдахад хүрэх учраас банкны эх үүсвэрийн зардал багасахгүй, улмаар зээлийн хүү буурах боломжгүй. Хэрэв зээлийн хүүг бууруулъя гэж хүсвэл хадгаламжийн хүүг бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн эрсдэлийн шимтгэлийг бууруулж болно. Нэг жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Япон улсын чанаргүй зээлийн түвшин маш өндөр байсан юм. Тэр үед Төв банк нь бүх эрсдэлтэй зээлүүдийг цуцалж, эрсдэлийн шимтгэлийг бууруулах арга хэмжээ авч байсан. Монгол улсын хувьд барилга болон уул уурхайн салбарууд маш өндөр эрсдэлтэй шүү дээ. Уг эрсдэлийг нөхөх хэмжээний зээлийн хүүг санал болгож байж л банк ашигтай ажиллана. Тиймээс Монголбанкнаас эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч чадвал зээлийн хүү их хэмжээгээр буурах боломжтой.

Банкны салбарт хувь хүн талаасаа хөгжих боломж хэр их байдаг вэ?
Хөгжих боломж маш их байдаг. Миний хувьд хөрөнгө зохицуулалтын газарт орсноороо өмнөх эрсдэлийн удирдлагын газраасаа илүү их зүйл сурсан гэж боддог. Өмнө нь зөвхөн эрсдэл тооцдог байсан бол одоо өгөөж хэрхэн тооцох талаар маш их зүйл сурч авсан. Үүнээс гадна хөрөнгө зохицуулалтын газар арилжааны хэлтэстэйгээ нягт ажилладаг. Тиймээс арилжааны талаар ч мэдлэгтэй болдог. Тэгэхээр оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд банканд ажилд орохоор бол нэг номерын, хамгийн хүсэмжит газар чинь хөрөнгө
зохицуулалтын газар байх ёстой. Чамайг маш их хөгжүүлнэ.

Орлогын өөр эх сурвалж байдаг бол тэр тухайгаа ярьж өгнө үү.
Байлгүй л яахав (инээв). Миний хувьд хувьцаа, койн гэх мэт зүйлс дээр тулгуурлаж, ажлаас гадуур орлого олдог. Хөрөнгө зохицуулалтын газар ажиллаж байгаагийн давуу тал нь иймэрхүү зүйлс дээр орлого олох бүрэн боломжтой байдагт оршдог.

Хэрэв та санхүүгийн удирдлагаар төгссөн бол одоо ажиллаж байгаа ажлын байрандаа орж чадах байсан болов уу?
Чадах байсан байх. Яагаад гэвэл банканд эконометрикээс илүүтэй санхүүгийн мэдлэг шаардлагатай байдаг. Манай ажлын удирдлагууд болон ажилтнууд ихэнх нь МУИС-ийн банкны ангийг төгссөн хүмүүс байдаг.

Төгсгөлд нь:

Таны ирээдүйн 10 жилийн зорилго юу байна вэ?
Банканд 7 жил ажиллачихсан учраас хөрөнгийн зах зээл дээр ч юм уу, ерөнхийдөө өөр салбарт ажиллахыг хүсч байна. Нэг ажил хийгээд л байвал хугацаа өнгөрөхөд хөгжихөө болино. Хөгжихөө больсон цагтаа би өөр салбарт ажиллаж үзнэ гэсэн зорилготой байна.

Оюутан дүү нартаа захих зүйл байна уу? Миний яриаг анхааран уншсан та бүхэнд баярлалаа. ЭЗО-гийн мэргэжил оюутнуудад маш өргөн мэдлэг олгодог. Оюутан байхдаа олон төрлийн судалгаа хийдэг тул ажилд орсны дараа удирдлагын зүгээс өгч байгаа үүрэг, даалгавруудыг хийхэд ямар ч байсан наад захын дөртэй байдаг. Мөн өсөх боломж өндөртэй, карьертай байх боломжтой мэргэжил шүү. Тиймээс сонгосон мэргэжилдээ хэзээ ч битгий харамсаарай.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье!