СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн 2014 оны төгсөгч, Хас банкны Загвар шинжилгээний хэлтсийн захирлаар ажилладаг Р.Сугархүү ахтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хувь хүнтэй холбоотой:

  • Яагаад эдийн засагч мэргэжлийг сонгосон бэ?
    Би уг нь барилгын инженер болох зорилгоор барилгын чиглэлээр МСҮТ-д сурч байсан юм. Барилгын инженер цалин сайтай болохоор ирээдүйн баталгаа гэж ойлгосон байсан. Харин 10-р ангид байхдаа хувь хүний хөгжлийн номнуудтай тааралдаж, тэр дундаа “Баян аав, ядуу аав” номыг уншаад нүд нээгдэх шиг болсон юм. Тэр номноос хүн зүгээр ажил хийх гэж төрсөн машин биш юм байна, хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байж, энэ дэлхийд бусдын зааж өгсөн дүрмээр биш өөрийнхөө хүсэл, дүрмийг тогтоох боломжтой байдаг юм байна гэж ойлгож авсан. Хүнд хязгаар гэж байдаггүй гэж ойлгосон гэх үү дээ. Тийнхүү өөрийн хувь заяаг гартаа авахын тулд өөрөө амжилттай бизнес эрхлэгч болох ёстой юм байна гэж ойлгоод тухайн үедээ бизнесийн чиглэлээр хамгийн сайн сургууль СЭЗДС гэдгийг сонсоод тус сургуульд бизнесээр сурна гэж
    шийдээд, МСҮТ-ээс дунд сургууль руугаа шилжиж байсан юм. Цаашид бизнесийн амжилтад хүрсэн хүмүүсийн намтрыг судалж байтал тухайн үед (2008 онд) дэлхийн хамгийн баян хүн байсан Warren Buffett бизнесээр биш “эдийн засаг”-аар сурсан байлаа. Тэгээд СЭЗДС-д эдийн засгийн анги байна уу гээд сонирхон судалтал “бизнесийн эдийн засаг” гэж анги үнэхээр байсан. СЭЗДС-д эдийн засгаар элссэн түүх нэг иймэрхүү. Гэхдээ их сургуулийн хуваариа аван автлаа эргэлзээд л байсан. Монгол улсад эдийн засагч, хуульч, сэтгүүлчийн мэргэжил илүүдэлтэй гэж 12 жилийн өмнө ч ярьж л байсан юм. Тэр үед үнэхээр эдийн засагчийн мэргэжил илүүдэлтэй байгаа эсэх нь миний сонирхлыг татаж байлаа. Хэрвээ эдийн засагч нар олон байгаа юм бол яагаад манай улс хөгжингүй орон биш юм бэ гэж гайхаж байсан. Ямар нэг асудал байж л таараа, үнэхээр хичээнгүй суралцан, асуудлын шийдлийг олж чадвал эдийн засагч хүнд боломж олдож л таарна гэж бодон сургуульдаа элссэн. Ер нь аль ч улсын ямар ч мэргэжил илүүдэлтэй байсан хүн өөрөө шилдэг нь байж чадвал тухайн салбартаа хүссэн ажлаа хийх боломж олдох нь эргэлзээгүй. Цаг хугацааны эрхээр олон юм үзээд ирэхээр улам тодорхой харагддаг юм билээ.

Та ямар төрлийн номд илүү дуртай вэ?

Анх хувь хүний хөгжлийн талаарх номнуудыг уншиж эхэлж байлаа. Дараа нь Орос, Францын сонгодог уран зохиолын номнууд их уншсан. Бүр жаахан байхдаа “Эрдэнийн сан субашид”-ыг уншиж байсан, харин оюутан цагаас буддын сургаалыг тайлбарласан номнууд, мөн цэвэр философийн номнууд уншиж байгаа.

Та манай уншигч оюутан залууст ном зөвлөнө үү.
Миний хувьд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлж байсан гэдэг талаас нь хэлэх юм бол Л.Н.Толстойн “Дайн ба энх” гэдэг номыг санал болгоё. 10 жилд байхад уран зохиолын хичээл дээр дэлхийн сонгодог зохиолуудын тоймыг л уншуулдаг шүү дээ. Харин тухайн зохиолуудыг бүрэн эхээр нь унших нь асар өөр бөгөөд ач холбогдол хамаагүй илүү байдаг. Ялангуяа Л.Н.Толстой хүний бодол, мэдрэмжийг маш тодорхойгоор илэрхийлж чаддаг зохиолч шиг санагддаг. Зөвхөн надад мэдрэгддэг гэж боддог байсан зүйлсийг Толстой гэдэг хүн өмнө нь мэдэрч байсныг унших үнэхээр гайхмаар байдаг. Бусад хүмүүс ч гэсэн яг надтай адилхан бодол, мэдрэмж тээж болдог юм байна гэдгийг ойлгосон. Жаахан хүүхдэд бол онцгой нээлт байсан юм. Тэрнээс хойш хүнтэй ярихдаа энэ хүн дотроо юу бодож байгаа бол гэдгийг давхар бодож, өөрөө ч бас дотроо хэд хэдэн хувилбараар бодох гэх мэт сэтгэлгээний сонирхолтой дадалтай болсон. Тэгэхээр “Дайн ба энх”-ийг уншсанаар сэтгэлгээгээ илүү өргөн болгох боломжтой тул санал болгож байна.

Өсөлтийн экономикс их хэцүү хичээл шүү дээ. Та яагаад энэ хичээлд дурлаж, сонирхсон юм бэ?

Би challenging зүйлст илүү татагдаад байдаг юм. Хаана асуудал байна, түүнийг нь шийдчих гээд зүтгэдэг зантай. Энэ зөв, буруу эсэхийг мэдэхгүй юм. Хэтэрхий их challenging зүйлст дуртай болохоор тухайн асуудлыг шийдээд ард нь гарч кайф авдаг. Өсөлтийн экономикс маш их математик аргачлалууд ашигладаг, хамгийн хэцүү хичээл нь үнэн. Хичээлээ өөрөө нухсаар байгаад ойлгож эхлээд, том юмны ард гарчихсан юм шиг л баярладаг байсан. Extreme спортоор хичээллэдэг хүн шиг л гэсэн үг дээ.

Ажлын байран дээр хэрэг болох, оюутан байх хугацаандаа зайлшгүй эзэмших ёстой чадваруудыг дурдана уу.
Би хөдөлмөрийн зах зээл дээр гараад 7 жил болж байна. Жилийн өмнөөс л албан ёсоор менежерийн түвшний ажлын байранд очсон. Тэгэхээр миний зөвлөгөө буруу ч байж болно. Авах гээхийн ухаанаар хандаарай гэж юун түрүүнд хэлье. Эдийн засгаар сурсан хүний хувьд эдийн засгийн хичээлүүд дээр олж авсан мэдлэгүүд хэрэг болохоос гадна яг үндсэн мэргэжлийн биш дараах чадварууд их чухал буюу байнга хэрэглэгддэг суурь
чадвар болдог юм шиг санагддаг. Нэгдүгээрт, нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн зарчим, тайлангууд болон бусад бүхий л бүтээгдэхүүн, хэлцэл, үйлдлүүдийн бүртгэлийг мэддэг байх нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ажиллаж буй хүний хувьд зүгээр энгийн байх ёстой мэдлэг (давуу тал болохгүй ч мэдэхгүй байвал том асуудалд байна гэсэн үг). Мөн санхүү удирдлагын хувьд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолох, компанийн санхүүжилтийн бүтэц, өртөг, энгийн үнэлгээ хийх зэрэг мэдлэгүүдийг мэддэг байх нь бас л зүгээр энгийн байх ёстой мэдлэгүүд юм.
Хоёрдугаарт, маркетинг болон менежментийн хичээлүүд амьдралд их хэрэг болдог. Их сургуульд байхад онолын түвшинд л яриад байгаа болохоос биш бодит амьдрал дээр менежментийн хичээл дээр заадаг харилцааны чадвар, цагийн менежмент, хувь хүний амьдрал болон ажил дээрх зохион байгуулалт зэрэг нь эзэмших ёстой соёл юм.
Гуравдугаарт, өөртөө итгэлтэй, амбицтай мөн нээлттэй байх хэрэгтэй. Онц сурдаг хүүхдүүд даруухан, дуугүй байх нь элбэг байдаг. Гэтэл хүн хэчнээн супер, бусдын ойлгохгүй зүйлийг мэддэг байлаа гээд тэрийгээ бусдад ойлгуулж чаддаггүй, бусдыг зүгээр л “тэнэг” гэж боддог бол хэнд ч хэрэг болохгүй. Тэгэхээр өөрийгөө ойлгуулж, өөрийн орон зайгаа үүсгэхийн тулд бусдын дунд итгэлтэй байж, харилцаа сайн үүсгэх хэрэгтэй юм болов уу. Бодитой амбицтай байгаад түүндээ хүрэхийн тулд хүмүүстэй сайн ойлголцдог байхаас өөр аргагүй. Ойлголцоно гэдэг нь нөгөө хүнээ гомдоохгүйн тулд чимээгүй байна гэсэн үг биш, харин бодит үнэнийг ярьж, хүссэн үр дүнгээ хэн хэндээ гомдолгүйгээр гаргаж авах үйлдэл юм болов уу.

Таны үлгэр дуурайлал авдаг хүн (role model) хэн бэ?
Мэдээж шууд 100 хувь дагадаг хүн гэж байхгүй, бусад хүнд ч байдаггүй байлгүй дээ? Би хүн болгоноос давуу талыг нь харж, өөрт хэрэгтэй гэж үзвэл түүнээс нь суралцахыг хичээдэг. Steve Jobs-ийг ч сонирхоно, Бямбын Ренчин гуайг ч сонирхоно. Би хүмүүсийн намтар унших их дуртай. Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг унших бүрд тэд ном уншдаг, тасралтгүй хөдөлмөрлөдөг, огт зүгээр суудаггүй байсан нь анзаарагддаг. Тийм шаргуу хөдөлмөрч хүмүүсээс үлгэр дуурайлал авч, өөрөө ч бас байнгын хөдөлмөрлөх ёстой гэж боддог.

Амжилттай суралцахад анхаарал төвлөрөл их чухал шүү дээ. Та өөрийгөө хэр анхаарал төвлөрөх чадвартай гэж боддог вэ? Мөн уг чадварыг хэрхэн сайжруулах боломжтой вэ?
Хүмүүс намайг сайн төвлөрдөг гэж хэлээд байснаас одоо анзаарахад би багаасаа л хичээлдээ их төвлөрч чаддаг байсан шиг байгаа юм. Энэ нь өөрөө ухамсартайгаар хичээсэн зүйл байхгүй, байгалийн л миний зан байх. Төвлөрье гэж огт хичээгээгүй байхад л хийнэ гэсэн зүйлээ дунд нь амарч, зогсолгүйгээр шууд хийчихдэг байсан.
Харин сүүлийн үед цахим орчноос болоод миний анхаарал төвлөрөх чадвар муудаад байгаа юм шиг санагдаад байгаа. Ерөнхийдөө хүн ядарч сульдсан, нойр дутуу үедээ анхаарал муутай болчихдог юм болов уу гэж бага зэрэг анзаарч эхэлж байгаа. Тэгэхээр сайтар амраад, тайвширвал анхаарал төвлөрөл нэмэгдэнэ байх. Мөн санаа зовоосон олон ажил байсан ч тухайн нэг ажлыг хийж байхдаа яг төвлөрч дуусгаад, дараа дараагийн
ажлаа ээлж дараатайгаар хийх маягаар зохицуулалт хийвэл бүтээмж нэмэгдэнэ гэж боддог.

Та сурч буй мэргэжилдээ шантарч өөр мэргэжилтэй болдог байж дээ гэж харамсаж байсан уу? Хэрвээ байсан бол тэр үеэ хэрхэн даван туулж, мэргэжилдээ дурлаж эхэлсэн бэ?
Мэргэжилдээ бол шантарч байгаагүй. Гэхдээ 1-р курст байхдаа олон төрлийн номнууд уншаад философич болъё гэж шийдэж байсан юм. Харин сургуулиас гарна гээд хувийн материалуудаа сургуулиас буцааж авчхаад явахын даваан дээр нэг найз маань материалуудыг минь авч зугтаан хичээлийн эрхлэгчид буцааж өгсний ачаар эдийн
засгаараа үргэлжлүүлэн сурсан даа. “Хүсэл мөрөөдлөө дага. Тэгвэл мөнгө аяндаа чамайг дагана” гэсэн үг их яригддаг. Нэг удаа “хүн passion-тай төрдөггүй юм, хүн аливаа зүйлийг удаан хийсээр байгаад тэр нь аяндаа passion болдог юм” гэж Ted talk-оос сонсож байв. Эндээс хүн нэг зүйлээ олон дахин хийж байгаад заримд нь аяндаа дасч, дурлаж эхэлдэг юм байна гэдгийг ойлгосон. Өөр дээрээ ч тийм юм ажигласан. Арван жилд үздэг байсан уламжлал, интеграл зэрэг ойлголтууд эдийн засагт бодит байдлаар ашиглагдаж байгаа нь их сонирхол татсан юм. Арван жилд уламжлал, уламжлал гээд байнгын яриад байдаг хэрнээ яаж ашиглагддаг нь тодорхойгүй байдаг шүү дээ. Харин оюутан болоод микроэкономиксийн хичээлийг судлахад тэр яриад байсан уламжлал маань ахиу гэх ойлголт байсныг мэдээд мэргэжилдээ дурлаж эхэлсэн. Хийх ёстой зүйлээ хийх ёстой цагт нь хийгээд явж байхад
сонирхлыг чинь татаад эхэлдэг байх.
Эдийн засгаар сурахдаа эргэлзэж байгаа бол төгсөөд санхүүгийн зах зээлд бусад чиглэлээр ажиллаж болно гэдгийг мартаж бас болохгүй. Хөрвөх чадвартай мэргэжил учраас эдийн засгийн мэргэжилдээ дурлаарай. Ер нь хүн боловсролын байгууллагаас зохион байгуулалт, хариуцлага, ёс суртахуун гэдэг хүн болоод мэргэжилтэн байх суурь зүйлсийг сайн сурч авах нь хамгийн чухал байх. Нарийн мэргэжлийн зүйлс дээр мөн сайн суралцаж авах нь цаашдын ажлын амжилт, бүтээмжид эерэг нөлөөтэй боловч ажил дээр тэр талаар маш ихийг сурч болно. Харин зохион байгуулалт, хариуцлага зэрэг гарт баригдаж, нүдэнд шууд харагдахгүй зүйлсийг аль болох бага наснаасаа сурч байхгүй бол сүүлд зуршлаа өөрчлөх хэцүү.

Эдийн засагч мэргэжил өөр ямар мэргэжилтэй зохицдог гэж боддог вэ?
Миний хувьд эдийн засагчийн мэргэжлийг програмтай хослуулаад явж байна.

Яагаад Чех улсад магистраар сурахаар шийдсэн бэ? Тэнд суралцаж байсан үеийнхээ талаар ярина уу.
Хүн бүрийн л мөрөөдөл АНУ-д сурах байдаг байх. Надад мөнгө, зээлд тавих барьцаа хөрөнгө байхгүй тул АНУ-д сурахын тулд тэтгэлгээс өөр замгүй гэж ойлгож байсан. Харин АНУ-ын Засгийн газрын Fullbright тэтгэлгийг авч буй хүмүүсийг харахад тодорхой хугацааны жилийн ажлын туршлагатай, мөн англи хэлний өндөр түвшний
чадвартай байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Миний хувьд АНУ-д сурахын тулд дахиад олон жил хүлээх шаардлагатай болох юм шиг санагдаад байсан юм. Тиймээс тус тэтгэлэгт анкетаа бүрэн бүрдүүлж өгч байгаагүй. Намайг оюутан байх үед манай Экономиксийн тэнхимийн багш Оюу-Эрдэнэ 2012-2014 онд нөхөртэйгээ хамт Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр магистрт сураад ирж байсан. 10 жилд байхдаа энэ тэтгэлгийн талаар мэдээлэл олон харж байсан ч бодитоор, таньдаг хүн маань явж болж байгааг хараад үнэхээр бодитой юм байна гэж ойлгосон. Сургуулиа төгссөний дараа 2 жил ажиллаад, материалаа бүрдүүлж өгч, тэтгэлгийн сонгон шалгаруулалт бүтэн жил үргэлжилсний эцэст 2017 оноос Чех улсын тэтгэлгээр магистрт сурахаар болсон доо.
Монголтой харьцуулахад сургалтын материаллаг хангамж хамаагүй илүү санагдсан. Чех улсад Монголд олддоггүй, номын санд ч байдаггүй номнууд их байдаг. Тэдгээрийг хүссэн үедээ аваад ашиглаж болно. Мөн сургуулийн коридорт хүртэл компьютер, принтер байна. Үнэ төлбөртэй програмууд компьютеруудад нь бүгд үнэгүй, албан ёсны эрхтэйгээ суучихсан байдаг. Хувийн компьютертаа бас програмуудын лицензийг нь
ашиглан суулгаж болно. Анги танхимын камер, дэлгэц, электрон самбар, сургуулийн онлайн систем зэрэг нь дараагийн түвшинд байдаг шиг санагдсан. Монгол мэдээж тэр зүг рүү явж байгаа бөгөөд зарим зүйлс аль хэдийн Монголд байгаа боловч тэнд яалт ч үгүй дэлхийн түвшинд, дараагийн шатанд байгаа санагддаг байсан. Энэ нь гэхдээ Монголд оюутны сурсан зүйл чанарын хувьд Чехээс дор байна гэсэн үг биш. Хичээвэл Монголд ч боломж бий бөгөөд Монголдоо сурч байгаа сайн оюутнуудыг харахад тэд лав дэлхийтэй хөл нийлүүлж чадаж байгаа. Сураад ажил дээр гараад бас л дэлхийгээс хоцрогдсон орчин гээд. Монголд ер нь дэлхийн түвшинд байхын эсрэг буюу доош татах зүйл их бий.
Ерөнхийдөө хөгжингүй орны нөхцөл байдал Монголоос шал өөр байсан. Хичээлийн бие даалтыг хүртэл програм ашиглуулж хийлгэдэг. Чех улсын хувьд асар эрх чөлөөтэй. Оюутнууд заавал лекцдээ суух шаардлагагүй, өөрсдөө бие дааж сураад шалгалтаа өгч болдог. Багш нар хичээлийн материал, самбар дээр бичсэн зүйлс, бичлэг зэргээ цахим платформд оруулчихдаг. Ихэнх оюутнууд ажил хийдэг учраас олон тохиолдолд хичээлдээ суулгүйгээр бие даагаад буюу онлайнаар багш нарынхаа тавьсан лекц, материалуудтай танилцан сурчих тохиолдол элбэг байсан.

Чех улсын тэтгэлгээр сурахын тулд ямар үйл явцыг дамжих ёстой байдаг вэ?
Чех улсын тэтгэлэг жил бүрийн 7-8 сарын хооронд зарлагдаад, 9 сарын 30 хүртэл материал хүлээж авдаг. Дараа нь ярилцлага зэрэг үе шатаа даваад, ирэх жилийн 5 сард хариугаа мэддэг. Хүмүүс тэтгэлэг арын хаалгаар хүн сонгон шалгаруулдаг гэж боддог шүү дээ. Чех улсын хувьд арын хаалга, хахууль мэтээр шийдвэр гаргадаггүй, шударга шүүлттэй байдаг юм билээ.

Оюутан байх үедээ ямар ажлын байран дээр гарах бодолтой байсан бэ?
Анх хичээлдээ дурлаад, уншаад, судлаад ирэх үедээ Монголбанканд ажилд орно доо гэж боддог байсан. 2013 онд Хадгаламж банканд дадлага хийж байхдаа арилжааны банканд хэзээ ч ажилллахгүй гэж боддог болсон юм. Тэгээд их сургуулиа төгсөөд 7 сард Монголбанканд apply хийгээд, хүлээсээр байгаад 11 сард ажилд орсон доо. Тэр үед арилжааны банкуудад анкетаа огт өгөөгүй.\

Ажлын байртай холбоотой:

Одоо хийж байгаа ажлынхаа талаар бидэнд товч танилцуулна уу..
Хас банканд Загвар шинжилгээний хэлтэс гэж байдаг. Загвар шинжилгээний хэлтэс нь захирал, 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй. Би энэхүү хэлтсийн захирлын албан тушаалыг хашдаг. Загвар шинжилгээний мэргэжилтэн нь бусад банкуудтай зүйрлэвэл зээлийн багцын эрсдэл болон зах зээлийн эрсдэлийг хариуцан ажилладаг гэж хэлж
болно. Голчлон зээлийн багцын чанар яагаад муудаж, эсвэл сайжирч байна, ямар харилцагч болон ямар сектор дээр муудаж, сайжирч байна гэх зэрэг багцын шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөгөө гаргадаг. Мөн зээлийн болон зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээ хийдэг загваруудыг хариуцаж хөгжүүлдэг гэсэн үг. Зах зээлийн эрсдэлийн хувьд
хамгийн түрүүнд гадаад валютын ханшийн эрсдэл, хөрвөх чадвар, хүүний эрсдэлийн талаар ярьдаг. Хөрвөх чадварын эрсдэлийг тооцохын тулд тайлан бэлтгээд банканд байгаа хөрвөх чадвар өндөртэй актив юу байна, Монголбанкнаас тавьж байгаа харьцаануудыг хангаж байна уу зэргийг шинжилдэг. Онцолж хэлэхэд, зарим банкууд эрсдэлийн нэгждээ зориулж өгөгдлийг нь бэлдэж өгдөг. Өөрөөр хэлбэл, чи эрсдэлийн нэгжид ажиллаж байгаа бол хүний бэлдэж өгсөн датан дээр ажиллана гэсэн үг. Харин манай банкны хувьд бид өөрсдөө өгөгдлөө бэлдэж, шинжилгээгээ хийдэг. Өгөгдлийн баазтай байснаар илүү уян хатан нөхцөлтэй болно. Тухайн өгөгдлийг ухаж төнхөөд олон янзаар дүгнэлт гаргах боломжтой. Энэ нь манай хэлтсийн онцлог юм уу даа.

Та яагаад Монголбанк дахь ажлаасаа гарсан бэ? Би Монголбанкны Валют, эдийн засгийн газар эдийн засагчаар ажиллаж байсан. Уг ажлынхаа хүрээнд Монгол улсын валютын зах зээл, валютын гадаад урсгал, валютын ханш тогтох үйл явц, Засгийн газар болон Төв банкны үнэт цаасны арилжаа, банк хоорондын валютын болон мөнгөний зах, арилжааны банкуудын хөрөнгө удирдлага,
санхүүгийн зах зээлийн талаар судалж, маш сонирхолтой хэсэгт 1 жилийн хугацаанд ажиллаж их юм сурсан. Мөн зөвхөн өөрөө сурах бус ажлаа чанарын хувьд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хийж, авсан цалиндаа дүйцэх хөдөлмөрөө хийсэн гэж боддог. Аль болох хурдан суралцаж, ажил маань сонирхолтой байсан тул би орой болон
амралтын өдрүүдэд илүү ажиллах дуртай байсан. Тиймээс би тэнд нэг жил ажилласан ч жирийн хүний хурдаар яривал магадгүй аль хэдийн 2 жил ажилласан дайны мэдлэг хуримтлуулсан байх гэж боддог. Тийм болохоор дараагийн адал явдал болон мэдлэгт суралцах хүсэлдээ хөтлөгдөн, тухайн үед боломж гарч ирсэн тул Голомт банканд ажиллаж арилжааны банк болон арилжааны банкны хөрөнгө, актив, пассивын удирдлага, арилжаа хэрхэн явагддагийг бодитоор үзэхийн тулд Монголбанкны ажлаасаа гарсан.

Хувийн байгууллагад хөгжих боломж их байдаг уу, эсвэл төрийн байгууллагад хөгжих боломж их байдаг уу?
Би Монгол улсад Монголбанк, Голомт банк, Хас банк гэсэн 3 газар ажиллаж үзсэн. Монголбанканд ажилласнаар ерөнхийдөө гадагшаа явж сургалтад суух боломж нь арай өндөр бөгөөд тогтмол байх. Бас төрийн байгууллага нь хувийн байгууллагуудтай харьцуулахад олон жилийн туршлагатай болохоор ажлууд нь илүү стандартчлагдсан
байдаг. Харин хувийн байгууллагын тухайд бол хурдацтай өөрчлөгдөж чаддаг. Хурдтай болохоор ажиллаж буй хүндээ илүү challenging байдаг. Гэхдээ хурдан зүйл чанар муутай байх талтай юм шиг санагддаг. Тэгэхээр төрийн болон хувийн байгууллагын хувьд аль алинд нь давуу болон сул тал байгаа байх.

Чех улсад ажиллаж байх үедээ макро эдийн засгийн төсөөлөл хийдэг байсан гэж сонссон. Төсөөллийг хэрхэн, яаж хийдэг вэ?
Оюутан байх үед макро эдийн засгийн төсөөллийг бодит амьдрал дээр яг яаж хийдгийг мэдэхийг их хүсдэг байлаа. Азтай нь би Чехд очоод эдийн засгийн төсөөлөл хийдэг компанид ажилд орсон. Том зургаар нь харвал оюутнууд VAR загвараар төсөөлөл хийхтэй төстэй үйл явц юм шиг боловч нарийн ажиллагаануудыг нь яриад эхэлбэл үнэндээ маш нарийн, магадгүй шал өөр үйл явц байдаг. Тэр загвараараа VAR-тай адил ирээдүйн үнэлгээ хийх бөгөөд бидний оюутан байхад үнэлдэг байсан VAR-аас ялгарах чухал зүйл нь үнэлсэн загварынхаа коэффициентууд дээр нь асар их ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл, үнэлсэн коэффицентууд маань одоогийн эдийн засагтай хэр уялдаатай байгаагаас хамаарч бид тэрийг засварлах уу, хэвээр нь байлгах уу гэдгээ шийддэг гэсэн үг. Хэрэв засварлах шаардлагатай бол, энэ үйл явц нь гараар биш автоматаар хийгддэг болохоор надад засвар хийхэд урамтай санагдаад байдаг. Ерөнхийдөө эдийн засгийн төсөөллийг GAP (жижиг DSGE) загвар ашиглан тооцдог байсан. Энэ загварт хамгийн түгээмэл ашиглагддаг хувьсагчид нь ДНБ, инфляци, бодлогын хүү, ханш. Эдгээр хувьсагчдын өгөгдөл чухал ч гэлээ өгөгдөлтэй маш болгоомжтой ажилладаг. Аль болох коэффициентийн засвар хийдэг онол болон тухайн судалж буй улсын онцлогоос хамааруулан хувьсагчдын харгалзах коэффициентуудыг хүчээр тавихыг эрмэлздэг гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг хаа хамаагүй тоо тавихгүй шүү дээ. Олон улсад ажигласан мэдлэг, туршлага зэрэг дээрээ тулгуурлаж үнэлгээн дэх хувьсагчдын утгыг таадаг.
Эдийн засгийн загваруудын хамгийн гол зүйл нь тренд байдаг. Жишээлбэл, би GAP загвар ашиглаж төсөөлөл хийдэг байсан. Үүнийг Монголбанк мөнгөний бодлогын төсөөлөл хийхдээ ашигладаг. Уг загвараар Монголын эдийн засгийн өсөлтийг үнэлэхээр болвол аль болох дундаж дээр нь трендийг байгуулаад, түүнийхээ ойр орчимд тоглолт хийх байдлаар үнэлгээ хийнэ гэсэн үг.
Ер нь аливаа техникийн мэдлэгийг шууд харахад амархан санагддаг. Гэтэл тийм амархан харагдаж буй зүйлсийн хамаг нууц нь бүр далд буюу яг бодит эдийн засагт тохируулан өөрчлөхдөө оршиж байдаг. Эдгээр зүйлд туршлага асар ач холбогдолтой болж ирдэг. Нэмж хэлэхэд бид зөвхөн макро эдийн засгийн төсөөлөл хийхээс гадна тэрхүү төсөөллийн үр дүнгээ ашиглан гадаад валютын свопын хүү, улс орнуудын өгөөжийн муруй байгуулахад буюу санхүүгийн зах зээлийн чухал бүтээгдэхүүний үнэ цэнийг тооцоход ашиглах үр дүн гаргадаг байснаараа илүү үнэ цэнийг бий болгож чаддаг байсан.

Та хэрхэн Чех улсад ажилд орсон бэ?
Би Чехийн Брно (Brno) хотод сурдаг байсан. Миний сурсан сургуульд Олон улсын валютын сангийн загварчлалын гол үндэслэгчдийн нэг Douglas Laxton хэмээх гоц авьяастай хүний шавь нь цагийн багш хийдэг байсан юм. Тэр хүн макро эдийн засгийн төсөөллийн чиглэлээр хичээл заадаг байлаа. Би тэр багшийг мэддэггүй байхдаа
сургуулийнхаа системд “macroeconomics” гэсэн түлхүүр үгээр курсууд хайж байгаад “Applied macroeconomic modelling” гэж курс олж элссэн юм. Тэр хичээлийг эхний жилийнхээ 2 дахь семестр сонгож үзсэн. Хичээл дуусах үед багш бид нар луу “Хүүхдүүдээ баяртай. Цаашид макро эдийн засгийн төсөөлөл, санхүүгийн математикийн чиглэлээр хөгжих сонирхолтой хүн байвал надтай холбогдоорой” гэсэн утгатай майл бичсэн юм. Би түүнийг уншчихаад дадлага хийлгүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ дотроо бол ажлын байр санал болгоосой гэж бодож байлаа. Тэгээд багш руу “Би сонирхож байна” гэсэн майл бичээд, CV-гээ явуулсан. Дараа нь
багштайгаа өдрийн хоол идэж, тэр үеэр ямар шалтгаанаар уулзсан зорилгоо ярилцаж байсан. Ажилд орохын тулд эхлээд шалгалт өгсөн юм. Шалгалт нь Matlab дээр дата хэрхэн янзлах тухай мөн ДНБ, инфляци зэрэг датаг ихэвчлэн хаанаас олж болох тухай, уг өгөгдлүүдийн давтамж ямар байдаг болон EXCEL дээр өгөгдөл цэгцлэх талаарх мэдлэг сорьж байсан. Мөн TOEFL-ийнх шиг эсээ бичүүлж байсан. Үүний дараа тухайн ажилд орох гэж байсан газрынхаа захирлуудтай нь ярилцлага хийсний эцэст ажилд орсон доо.

Академик мэдлэгээс гадна ажлын байран дээр амжилттай явахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс юу вэ?
Монгол улсад ажиллаж байсан үеэ гадаадад ажиллаж байсан үетэйгээ харьцуулахад Монголчууд бид нар тийм ч академик мэдлэгтэй хүмүүс биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг судалгааны ажлыг ч гэсэн уншихдаа гол санааг нь маш сайн мэдэрч, ойлгох хэрэгтэй юм билээ. Харин академик мэдлэгээс гадна хамгийн чухал зүйл бол өмнө нь хэлсэнчлэн хүн хоорондын харилцаа. Бас сэргэлэн байх хэрэгтэй. Чойном гуай “Залуусаа сэргэлэн байцгаа” гэж хэлдэг байсан гэсэн. Би сэргэлэн байх гэдгийг ойлгохдоо өөрийгөө чадна гэдэгт итгэх, мөн амбицтай байх 2-ын нийлбэр гэж боддог. Ажлын байранд хүн өөртөө итгэлтэй байж, удирдан чиглүүлж манлайлах ажилд
амбицтайгаар хандаж, чадна хийнэ гэсэн байдлаар үйлдэл хийж байвал зүгээр юм шиг санагддаг.

Таны бичсэн зүйлсийг ажихад та их сайн бичдэг санагдсан. Бичих чадвар хэр чухал вэ? Уг чадварыг хэрхэн сайжруулж болох вэ?
Бичих чадварыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд бичиж эхлэх хэрэгтэй. Өөрийн жишээн дээр хэлэхэд, би 1-р курст байхаасаа л facebook дээрээ янз бүрийн юм биччихдэг байсан. Тэр үед бичиж байсан зүйлсээ одоо харахад их сонин санагдаад байдаг юм. Гэхдээ хугацаа өнгөрөх тусам миний бичсэн постууд сайжирч байгаа нь надад
ажиглагдсан. Одоо та нарын хичээл дээрээ бичдэг бие даалт гэх мэт зүйлс бол маш чухал. Их сургуульд байхдаа бие даалтын тайлан бичдэг байсан хүүхэд болон бичдэггүй байсан хүүхдийн хооронд асар том зөрүү байдаг. Тайлан бичдэг хүүхэд нь илүү системтэйгээр бичээд сурчихсан байдаг. Тэгэхээр бичээд л бай, бичээд л бай. Тэгж байж чиний бичгийн чадвар сайжирна. Бичгийн чадвар маш чухал чадвар шүү!

Таны бичих чадвар уран зохиолын ном уншдаг байсантай тань холбоотой юу?
Магадгүй. Ном уншихаар хүний тархи цэгцтэй сэтгэж эхэлдэг. Юу ч уншдаггүй хүн болон уншдаг хүн хоёрын хооронд их ялгаа байдаг. Ном уншдаггүй хүний яриа их ойлгомжгүй, найруулга муутай байдаг шүү дээ. Харин уншдаг хүнийх эсрэгээрээ байдаг.

Таны хувьд програмчлал, кодчлол гэдэг зүйлийг хэзээнээс сонирхож судалж эхэлсэн бэ? Мөн код бичихийн ач тусыг хэлж өгнө үү.
Дээр үед “хэлтэй бол хөлтэй” байсан бол одоо үед “програмын хэлтэй бол хөлтэй” болсон шүү дээ. Дэлхийн улс орнуудад 2012 оноос эхлээд өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан гэдэг зүйл огцом хүчтэй хөгжиж эхэлсэн. Тиймээс ч ихэнх ажлуудаа автоматжуулчихсан, одоо бол амьдрал нь тэр чигтээ програмтай холбоотой болчихсон байгаа. Чехд ажиллаж байх үед манай компани бүх зүйлээ автоматжуулсан байсан. Жишээлбэл, дэлхийн улс орнуудын датаг Төв банкнаас нь татах шаардлагатай боллоо гэхэд python дээр код бичээд л автоматаар татчихдаг байлаа. Харин Монгол улсын хувьд програмчлал, өгөгдлийн шинжилгээ гэдэг зүйл 2016 оноос эхлэн IT-ийн салбараас бусад хүмүүст танигдаж эхэлсэн. Одоогоор хангалттай сайн хөгжиж, нэвтэрч чадаагүй л байна л даа.
Би арван жилд байхдаа мэдээлэлзүйн хичээл дээр хөзөр тоглоод л, шалгалтаа аргацаагаад л өгчихдөг байсан. Тиймээс ерөнхийдөө бол програмын талаар сайн мэдэхгүй. Харин их сургуулийн 1-р курст байхдаа Ганболд багшийн ордог хэрэглээний програм хангамжийн хичээлд суугаад, EXCEL-ийн IF функцийг ажиллуулж үзээд “Wow
энэ зүйл дээр чинь ийм юм хийж болдог байсан юм уу?” гэсэн бодол орж ирсэн. Тэгээд л програм гэдэг зүйлийн амтанд орж, дурлаж эхэлсэн дээ. 2-р курсийн 2-р семестр Eviews програмыг эконометрик 1 дээр үзэж, түүн дээр хийдэг зүйлс улам сонирхол татаад илүү амтанд нь орсон байдаг. Бас 3-р курсийн эхний семестр өсөлтийн
экономиксийн хичээлийн семинарыг Мatlab дээр хийж, интернетээс уг програмын талаарх ном татаж аваад уншдаг байлаа. Тэгээд Монголбанканд ажилд ороод EXCEL дээр макро ажиллуулж чадвараа нэмэгдүүлсэн. Үүний дараа Голомт банканд ажилд ороод python, R хоёрыг сурах шаардлагатай болж онлайн хичээл үзэж, өөрөө бие даагаад сурч байсан. Чехд магистраар сурч байх үедээ хичээлүүдээ Matlab дээр хийж, интернэтээс код хайж бичдэг байлаа. Монголд сурч байх үедээ ойлгодоггүй байсан зүйлсээ тэнд ойлгож, ховорхон байдаг номнуудыг олж уншдаг байсан. Дараа нь ажилд ороод ажлын 8 цагийн 7-г нь код бичиж өнгөрүүлж, 2 жил ажилласнаар програмчлалдаа нэлээн сайжирсан гэж боддог.

Та UB machine learning тэмцээнд амжилттай оролцсон шүү дээ. Уг тэмцээнээс хамгийн сайн сурч авсан болон хамгийн их туршлага болсон зүйл тань юу вэ?
Би аливаа зүйлийг аль болох чадах талаас нь хардаг. Тэр ч утгаараа уг тэмцээнд чадна гэсэн байр сууринаас хандаж оролцсон. Надад эконометрик, python, R-ийн мэдлэг мөн хальт гүйлгэж харсан machine learning-ийн алгоритмаас өөр мэдлэг байгаагүй. Би энэ тэмцээнд оролцохдоо эконометрикийн мэдлэгээ түлхүү ашигласан. Тэгээд тэмцээнээс ойлгож авсан зүйл нь эконометрик бол иймэрхүү зүйлийг хийчих юм байна гэдгийг мэдсэн. Машин сургалт өөрөө том, хурдтай хөгжиж байгаа салбар боловч суурь нь бол үргэлж хэвээрээ л байна. Тэр сууринд эконометрикийн мэдлэг асар ач холбогдолтой. Ижил зүйлсийг өөр талбарт өөрөөр нэрлэх тохиолдол их байдаг. Эконометрикийн олон ойлголтууд машин сургалтад ойр байдаг. Мөн өмнө нь би замбараагүй, эмх цэгцгүй олон өгөгдөл дээр ажиллаж үзээгүй байсан юм. Харин тэр тэмцээнд ороод бодит датан дээр тулгуурлаж үр дүн гаргаж болох юм байна гэдгийг ойлгож авсан.

Төгсгөлд нь:

Ирэх арван жилд өөртөө тавьсан хийж гүйцэтгэх ажил, зорилго, зорилт тань юу вэ?
Бакалавраар төгсөж байх үетэйгээ харьцуулахад одоо миний хийж бүтээх үе ирж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн би макро эдийн засгийг илүү сонирхдог. Чех улсад consulting-ийн компанид ажилладаг байсан болохоор энэ чиглэлийн компанийг Монгол улсдаа нээж, хариуцан ажиллана гэж бодож байгаа. Харин банкны салбарт бол одоо ажиллаж байгаа ажилдаа илүү анхаарч ажиллан, сурсан мэдсэнээ Монголдоо хэрэгжүүлмээр байна. Мөн
өөрийн сурч мэдсэн бүх зүйлээ бусдад түгээхийг хүсдэг юм. Тиймээс өөрийн youtube сувгаа цаашид илүү дэс дараатайгаар ашиглаж, хөгжүүлнэ гэж бодож байна.

Одоогийн Монголын эдийн засгийг товч хэдэн өгүүлбэрээр дүрслэн хэлнэ үү.
Чехд ажилладаг байхдаа 20, 30-н хөгжиж байгаа орнуудын эдийн засгийг судалж, төсөөлөл хийдэг байсан. Тэдгээр улс орнуудын тухай судалж байх үед улс төрийн нөлөө маш их байдгийг анзаарсан. Харамсалтай хэдий ч Монгол улсад ч мөн улс төрийн нөлөө маш их байдаг. Жишээлбэл, мөнгөний бодлого дээр улс төрийн нөлөө их ажиглагддаг. Эдийн засгийн гоё загвар ажиллуулъя гэсэн ч ажиллахгүй байх магадлалтай гэсэн үг. Улс төрийн нөлөө ихтэй байвал ирээдүйд юу болохыг таахад бэрх. Маргааш ерөнхий сайд гадаад валют шилжүүлэхийг хориглоно гэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Үүнээс болоод маш олон хүн хохироод үлдэж болно. Тэгэхээр улс төрийн нөлөөг багасгах хэрэгтэй. Монгол улсын одоогийн эдийн засгийн тухайд гэвэл улсын эдийн засаг маш хүнд байна. Манай эдийн засгийн гол тулгуур нь нүүрс, зэс. Гэтэл ковидоос болоод уул уурхайн салбар уналтын байдалтай байна. Уул уурхайн салбар зогсчихвол үржүүлэгчийн нөлөөгөөр Монгол улсын эдийн засгийн 50-60 хувь уналтад орно. Эдийн засаг унавал ажилгүйдэл ихэснэ, өрхүүд орлогогүй болно, хүмүүс боломжоо алдана. Жишээлбэл, нэг аав ажлын байраа алдчихлаа гэж бодъё. Тэгвэл ирэх жил их сургуульд сурах байсан хүүхэд төлбөр төлөх боломжгүйн улмаас дээд боловсрол эзэмшиж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр эдийн засгийн уналтаас болж хэмжиж болшгүй хохирол үүсч болзошгүй юм. Тиймээс уул уурхайн салбараа ковидоос салгаж, эрчимтэйгээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Монгол улсын эдийн засгийн аврал уул уурхайн
салбар байсан, одоо ч мөн манай улсын эдийн засгийн аврал байсаар байна. Олон улсын байгууллагын шинжээчид манай улсыг уул уурхайн салбараасаа хэт хараат байна, өөр бүтээгдэхүүнээр төрөлжих хэрэгтэйг сануулдаг. Гэхдээ энэ нь маш их цаг хугацааг шаарддаг учраас одоогийн нөхцөлд уул уурхайн салбартаа найдахаас өөр сонголтгүй болж байна даа.

Их сургуулиа төгсөж байгаа дүү нартаа захих зүйл байна уу?
Миний захих гэж юу байх вэ. Би адилхан л амьдрах гээд явж байгаа залуу хүн. Зөвлөгөө гэхээс илүүтэйгээр зүгээр л өөрийн бодлоо л ярина гэж хэлбэл зүгээр байх. Бид нар хамтдаа ажиллаж, хамтдаа нэг нийгмийг бүтээлцэх хүмүүс. Тэгэхээр бүгдээрээ ажилсаг, хөдөлмөрч байцгаая. Энэ зан чанарыг л өөртөө суулгачихвал бүх зүйлийг чадна гэсэн итгэлтэй болно байх. Мэдээж хүний л амьдрал юм чинь шантрах, сэтгэлээр унах асуудал
зөндөө болно. Гэхдээ зорилгоо бат тодорхойлж чадсан бол түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж чадна гэж боддог. Мөн залуу байгаа дээрээ програмчлалын хэл сураад, өөрийгөө хөгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.