СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн 2011 оны төгсөгч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ
ахтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хувь хүнтэй холбоотой:

Өөрийгөө бидэнд танилцуулна уу.
Би 2007 онд СЭЗДС-д элсэж, 2011 онд бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн талаар илүү сонирхож, хувьцаа аваад энэ чиглэлийн карьераа эхлүүлж байсан юм. Хөрөнгийн зах зээл ирээдүйд өсч, хөгжих юм байна гэдэг төсөөлөлтэйгөөр өөрийгөө хөгжүүлж ирсэн. Оюутан байхдаа хөрөнгийн зах зээл дээрх макро эдийн засгийн хамаарал, оновчтой багц сонголт, зан төлөвийн санхүү, компанийн засаглал гэсэн 4 чиглэлээр эрдэм шинжилгээний ажил бичиж нийт 30-аад хуралд оролцсон байдаг. Нэгээс нь ямар ч шагналгүй, бусдад нь ямар нэгэн шагналтай оролцож байлаа. 2011 онд сургуулиа төгссөн цагаас хойш хувьцаа, үнэт цаас, даатгал, банкны салбарт ажиллаж үзлээ. Хамгийн сүүлд 2016 онд Голомт банканд алтны дилерээр ажилд орж, 2020 онд ажлаасаа гарахдаа хэлтсийн захирал болсон байсан. Түүний дараа “Голомт капитал” ҮЦК-д дэд захирлын албан тушаалыг хашсан. Харин одоо хөрөнгийн зах зээл хөгжих бүх талын нөхцөл бүрдсэн байгаа учраас хувийн компаниа байгуулаад явж байна.

Яагаад заавал СЭЗИС-ийн эдийн засагчийн мэргэжлийг сонгосон бэ?
Би арван жилээ төгсөөд Бодо Шефер гэх герман хүний “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэдэг номыг уншиж байлаа. Тэр номонд хувьцаа гэдэг зүйл гарч ирж, би хамгийн анх хувьцааны талаарх ойлголттой болсон юм. Манай ээж хөрөнгийн зах зээл хөгжих ёстой гэж үнэмшдэг хүн. 2007 онд намайг их сургуульд оюутан болж ороход ээж маань надад 50’000 төгрөг өгөөд хувьцаанд анх хөрөнгө оруулалт хийлгэж байлаа. Нэг сонирхолтой түүх ярихад, тухайн үед “Жэнко тур бюро”-гийн хувьцаа 200 төгрөг, “Aпу”-ийн хувьцаа тухайн үеийн ханшаар 13’000 төгрөг байсан юм. Ээжийн өгсөн 50’000 төгрөгөөр “Жэнко тур бюро”-гийн 250 ширхэг хувьцаа авах уу, “Апу”-ийн гурав, дөрвөн ширхэг хувьцаа авах уу гэдгээс сонголт хийх болсон. Тэгээд 250 ширхэг хувьцаатай болвол илүү их мөнгөтэй болж байгаа юм шиг гоё санагдаад “Жэнко тур бюро”-гийн хувьцаа авч байлаа. Дээрээс нь 200 төгрөгийн хувьцаа 100 төгрөгөөр нэмэгдвэл 50 хувиар өснө, 13’000 төгрөгийн хувьцаа 1300 төгрөгөөр нэмэгдэж байж дөнгөж 10 хувь өснө шүү дээ. Гэтэл өнөөдөр “Апу”-ийн хувьцаа тэр үеэс хойш 45 дахин өссөн. “Апу”-ийн хувьцаа хэт өсөөд байсан тул компанийн зүгээс хувьцаагаа 1000 дахин хувааж арилжиж эхэлсэн. Өнөөдрийн ханшаар 1 ширхэг хувьцаа нь 700 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 700’000 төгрөг болсон байна. Харин “Жэнко тур бюро”-ийн хувьцаа одоо 200 төгрөгөөсөө унаад 80 төгрөгтэй болсон. Энэ явдлыг одоо эргээд харахад хөрөнгө оруулалт гэдгийг сайн мэддэггүй, мэргэшээгүй хүн бол өөрийнхөө сэтгэл хөөрлөөрөө асуудалд ингэж ханддаг байх нь гэдгийг ойлгож авсан санагддаг юм. Харин их сургуулиа сонгосон шалтгаан нь гэвэл МУИС илүү онолын тал руугаа, СЭЗИС илүү практик тал руугаа санагдсан юм. Би анх СЭЗИС-ийн санхүүгийн удирдлагын ангийг бодож орж ирсэн хүн л дээ. Тэгээд хоёр жил сурсны дараа Экономиксийн тэнхим илүү сонирхолтой санагдаад эдийн засагчийн мэргэжлээр сурахаар шийдсэн юм. Манай тэнхим зүгээр нэг онол заагаад байх биш, хичээл дээр заасан зүйлс амьдралд хэрхэн хэрэгждэгийг тайлбарлаж өгдөг шүү дээ. Тэр нь их сонирхолтой санагддаг байсан даа.

Оюутан байх хугацаандаа ангийн найзуудтайгаа бүтээсэн хамгийн дурсамжтай, хөгжилтэй түүхээсээ бидэнтэй хуваалцана уу.
Бид нар 1 билүү 2 дугаар курсд байсан юм. Эдийн засгийн улсын олимпиадыг тухайн үед МУИС зохион байгуулаад, бид нар шударга бус шүүсэн гэж үзээд бөөнөөрөө тэмцээнийг хаяж гарч байлаа. Тэрний толгойлогч танай Өнөр багш шүү дээ. Би 10 жилд байхдаа ч, их сургуульд орсон хойноо ч олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдоггүй байсан. Янз янзын шоу цэнгээн, тоглоом наадгай миний сонирхлыг татаад байдаггүй юм. Тиймээс тэр тэмцээнийг орхиж гарч явсан үе л хамгийн дурсамжтай санагдаж байна.

Таны одоогийн найзууд оюутан байх хугацаандаа танилцсан хүмүүс үү, эсвэл өөр газар танилцсан хүмүүс байдаг уу?
Өмнө нь хэлсэнчлэн би нийтэч хүн биш л дээ. Сурах, боловсролтой болох, хөдөлмөрлөх чухал гэж боддог байсан болохоор урдахаа хийгээд л явдаг байсан. Одоог хүртэл хамтдаа нөхөрлөж байгаа хүмүүсээ харвал оюутан насны найзууд байна. Өнөр, Дашдорж, Бархас бид 4 нэг анги байсан юм. Манай Дашка бизнесийн компанид ажиллаж байна, Өнөрөө маань сургуулиа төгсөөд ирэх гэж байна, Бархас маань сая хөрөнгийн зах зээл рүү орж ирлээ. Мөн хамгийн анх их сургуулийн үүдэнд танилцсанаасаа хойш өнөөдрийг хүртэл хамт байгаа Голомт банкны нөөцийн удирдлагын газрын арилжааны хэлтсийн захирал болох гэж байгаа Содболор найз маань байна. Би оюутан байхдаа “Сэтгэшгүй” клубийг үүсгэн байгуулж байсан юм. Клубийн гишүүдтэйгээ одоо хүртэл найзалж, нөхөрлөсөөр байна. Тухайлбал, “Инвескор” ББСБ-ын нөөцийн удирдлагын газрын захирал Тулгаа, гадаадын хөрөнгө оруулалтын санд санхүүгийн шинжээчээр ажилладаг Түвшинзаяа нартайгаа дотно найзалдаг.

Та урдах зүйлээ хийгээд л явдаг оюутан байсан гэлээ шүү дээ. Таны суралцах арга барил тань юу вэ? Хэрхэн аливаа зүйлийг сурдаг вэ?
Хүн их сургуульд сурч байх хугацаандаа ажил дээр гараад хэрэг болох мэдлэг, ур чадварыг бүрэн мэдээд төгсөж чадна гэж би боддоггүй. Бакалаврын түвшинд бол хүн шинжлэх ухааны ерөнхий чиглэлийн наад захыг судлаад л төгсдөг. Тэгэхээр их сургуульд байхдаа сурч авах хамгийн чухал зүйл бол аливаа юмыг яаж хурдан сурах вэ, хэрхэн чанартай түвшинд мэдлэг эзэмших вэ гэдэг арга барилаа л олох ёстой шиг санагддаг. Дараа нь юу ч мэдэхгүй байсан ч өөрийнхөө арга барилаар хурдан сурч чаддаг. Мэдээж би арга барилаа нэгхэн өдрийн дотор олж чадахгүй шүү дээ, одоо ч гэсэн суралцаад л явж байна. Миний арга барилын тухайд, нэгдүгээрт, аливаа зүйлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. Энэ дэлхий өөрөө асар өндөр хөгжчихсөн байгаа учраас эрдэм шинжилгээний ажил бичихдээ хамгийн түрүүнд тухайн асуудлаар олон улсын эрдэмтэд яаж судалж байсныг сайн эх сурвалжаас уншиж судлах хэрэгтэй. Судалгаануудыг хооронд нь харьцуулан дүгнэлт хийгээд, Монголд түүнийг хэрхэн хэрэглэж, нутагшуулж болох уу гэдгийг судалж үзэх юм бол сайн үр дүн гардаг гэж боддог. Хоёрдугаарт, анхнаасаа зорилгоо маш сайн тодорхойлж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө алхам хийх хэрэгтэй. Зорилгоо сайн тодорхойлолгүйгээр шууд дайраад орчхоор мэдээж хэрэг нэг юм ч гэсэн үзнэ, сурна, ойлгоно, ухаарна. Гэхдээ маш их цаг хугацаа алдана шүү дээ. Тэгэхээр төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй. Гуравдугаарт, өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал. Ихэнх хүүхдүүд эцэг эх, багш нарынхаа зөвлөсний дагуу мэргэжил сонгосон байдаг. Тэр бол тухайн хүний л үзэл бодол. Чи тэр хүн биш, тэр хүн чи биш. Чи юу хийхдээ хамгийн аз жаргалтай, кайфтай байж чадаж байна, түүнийгээ л хийх хэрэгтэй. Илүү томоор яривал, чи энэ хорвоо дээр яах гэж ирсэн утга учраа олох ёстой. Зүгээр л нэг хүн болж төрөөд, сураад, тэгээд ажил хийсээр байгаад үхчих юм уу? Тэгэхээр чи өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадах газартаа байх хэрэгтэй юм. Үүний тулд асар том мөрөөдөл өөртөө тавиад, түүнийхээ төлөө өдөр бүр шаргуу зүтгэ. Би яг ямар авьяастай юм, юуг хийвэл намайг өөр хэнээр ч орлуулж чадахгүй байх вэ гэдгийг сайтар тунгаан бодож, өөрөө өөрийгөө эрэл хайгуул хийж олоорой.

Та ямар төрлийн ном унших дуртай вэ? Оюутан залууст хэрэг болохуйц ном санал болгоно уу.
Хүн сэтгэлгээний талаасаа сайн задрах хэрэгтэй гэж боддог. Бид хүссэн үедээ Америк юм уу, Европ руу очоод аливаа зүйлийг мэдэж чадахгүй. Хүн төрөлхтөн өөр газруудад өөр үзэл бодол, өөр санаануудтай явж байгаа. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг нэг өнцгөөс биш, олон өнцгөөс харж чаддаг тийм сэтгэлгээний өргөн цар хүрээтэй болох нь чухал юм. Тиймээс эдийн засгийн сэтгэлгээний цар хүрээг тэлэх зорилгоор эдийн засгийн чиглэлийн ном унших хэрэгтэй. Адам Смит, Карл Маркс, Жон Мейнард Кейнс, Дэвид Рикардо нарын бичсэн номнуудыг уншаад, эдийн засгийн урсгал чиглэлүүдийн ялгааг ойлгох нь чухал. Тэгээд яг аль чиглэл нь чамд илүү таалагдаж байгаагаа тодорхойлоод цаашид гүнзгийрүүлэн судалж болно.

Ажлын байран дээр хэрэг болох, оюутны 4 жилийн хугацаандаа зайлшгүй эзэмших ёстой чадваруудыг та юу гэж хардаг вэ?
Нэгдүгээрт, хулгана ашиглахгүйгээр EXCEL-ийн бүх хэсгийг ашиглаж чаддаг байх ёстой. Мөн мэргэжлийн программууд дээр ажиллаж чаддаг, код бичдэг байх нь сүүлийн үед чухал болоод байна. Хоёрдугаарт, компанийн санхүүгийн тайланг уншиж чаддаг, түүн дээрээ үнэлгээ хийж чаддаг байх ёстой. Гуравдугаарт, хүний нүд рүү хараад өөртөө итгэлтэйгээр ярьж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хэлчихвэл буруудчих юм болов уу, намайг юу гээд бодох болоо гэсэн байдлаар хандах биш өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадах soft skill-д суралцах хэрэгтэй. Ер нь харилцааны чадвар бол хамгийн чухал чадвар. Чи код бичдэг, загвар үнэлдэг байлаа гээд өөрийнхөө юу чаддагийг, юу мэддэгийг харилцаж байгаа хүндээ сайн ойлгуулж чадахгүй бол ажилд орж чадахгүй. Гэтэл чамаас hard skill муутай хэрнээ өөрийгөө илэрхийлж чаддаг хүн чиний орох гэж байсан ажлын байрыг авна шүү дээ. Ажиглаад байхад эдийн засгийн чиглэлээр төгсөж байгаа оюутнуудын ихэнх нь харилцааны ур чадварын тал дээр сул байдаг. Дөрөвдүгээрт, багаар ажиллах, бие биенийгээ хүндэтгэх чадварт суралцах хэрэгтэй. Яагаад бүлэг хүмүүс нэгдээд нэг хамт олон болж ажиллаад байгаа юм бэ? Өөр өөр ур чадвартай хүмүүс нийлээд нэг зорилгын төлөө бие биенийхээ сул талыг нөхөөд явдаг учраас багийн ажиллагаа илүү бүтээмжтэй байдаг. Тавдугаарт, алсын хараатай байх хэрэгтэй. Чиний ажилд орж байгаа компанийн хүрэх гээд байгаа зорилго, алсын хараа, үнэт зүйл нь чиний алсын хараа, зорилго, үнэт зүйлтэй давхцаж чадаж байна уу, үгүй юу гэдэг маш чухал. Хэрэв нэг зүг рүү компани ч тэр, чи ч тэр явж байх юм бол аль аль нь амжилтад хүрнэ. Харин компани чинь өөр зүг рүү, чи өөр зүг рүү явж байгаа бол та хоёр удахгүй хоёр тийшээ болоод, чи ажлаас гарч, цаг хугацаа алдана. Зургаадугаарт, ажлаас зугтдаг, энэ миний ажил биш гээд орхидог, бусдынхаа төлөө өөртөө тодорхой хэмжээний ачаалал авах сонирхолгүй байдаг хандлагыг өөрөөсөө авч хаях хэрэгтэй. Аливаа ажил дээр гарахад ажил үүргийн ялгаа байдаг ч хамтран зүтгэгч чинь өвдчихсөн байхад эсвэл эхнэр нь төрж байхад тэр хүний ажлыг авч, ачаалалтай ажиллах тохиолдол байдаг. Гэхдээ хийж буй ажил бүрээсээ чи юм сурч авдаг. Чиний ойлгоод авсан зүйлийг хэн ч чамаас булаагаад авахгүй. Ийм энгийн зүйлийг хүмүүс тэр болгон хардаггүй юм. Долдугаарт, алдааг өөрөөсөө хайдаг байх хэрэгтэй. Асуудал үүссэн бол ийм асуудал үүсгэхгүйн тулд би юу хийж чадах байсан бэ, би юун дээр алдав гэж өөрийгөө чагнах ёстой юм. Энэ бол өөрөө дотроосоо хөгжих хамгийн чухал хандлага.

Оюутан байхдаа хаана, юу хийж ажиллана гэж боддог байсан бэ?
Би оюутан байхаасаа л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, дараагийн шинэ түвшинд гаргая гэж боддог байсан. Тиймдээ ч төгсөөд тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан “Grandline” үнэт цаасны компанид жил хагас ажилласан. Харамсалтай нь тухайн үед хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, бизнесийн хувьд ашиггүй зах зээл байсан учраас тэр компани чиглэлээ өөрчилж, би аргагүйн эрхэнд ажлаасаа гарч байлаа. Тэгээд Мандал даатгалд ажилд орж бас жил хагас ажилласан. Үүний дараа “Гаули” ҮЦК-д ажилд ороод Монгол шуудангийн хувьцаан дээр андеррайтинг хийж 6 тэрбум гаруй төгрөг босгож, мэргэжлийнхээ дагуу анхны том ажлыг хийж байлаа. Тэгээд Голомт банканд ажиллаад одоо бол өөрийн гэсэн компани байгуулаад явж байна. Миний бодлоор хүн нэг зүйлдээ тууштай байх хэрэгтэй санагддаг. Чиний сонирхсон зах зээл ашиггүй байж болно, зах зээл нь хөгжөөгүй байж болно, хүмүүс сонирхохгүй байж болно. Гэхдээ чи нэг зүйлийг барьж аваад цаг хугацаагаа зарцуулж байгаа бол бусад хүмүүс чамайг олж хардаг. Энэ хүн нэг зүйлийнхээ төлөө тууштай явдаг зорилготой, няцашгүй, буцашгүй, цуцашгүй хүн гэж дүгнэнэ. Ингээд чи нийгэмд үнэлэгдэж эхэлдэг. Харин эсрэгээрээ хэн өндөр цалин амласан руу нь хамхуул шиг яваад байх юм бол чи зүгээр нэг ажилтан чигээрээ дуусна. Миний хувьд хувьцаа гэдэг зүйл анхнаасаа л сонирхолтой санагдсан, гэхдээ би зах зээл нь хэзээ хөгжихийг мэдэхгүй л байсан. 2007 оны оюутан залуу 2021 он гэхэд зах зээл хөгжиж эхэлнэ гэдгийг таамаглаж чадахгүй шүү дээ. Надад хөрөнгийн зах зээл хөгжих цаг үе ирнэ гэсэн итгэл үнэмшил байсан, тэр цаг нь болоход би бэлэн байх ёстой гэж өөрийгөө бэлдсэн. Үнэт цаасны компани, даатгал, банк гээд янз бүрийн компанид ажиллаж өөрийгөө бэлдэж байсан юм. Ер нь хүн заавал үнэт цаасны компанид ажилласнаараа тэр зах зээлдээ үнэнч байна гэсэн үг биш. Харин эсрэгээрээ энд тэндээс илүү их мэдээлэл олж, өөрийгөө хөгжүүлээд цаг нь ирэх үед байрлалаа зөв олоод манлайлал үзүүлэх хэмжээний байх ёстой. Тэгж явахын тулд тэвчээр, итгэл үнэмшил, тууштай байдал хэрэгтэй. Эцсийн эцэст чиний сонгосон бизнесийн салбар ашигтай ч бай, ашиггүй ч бай, тухайн салбартаа үнэнч байж, өөрийн гэсэн бодолтой, зорилго зорилттой, итгэл үнэмшилтэй байх шиг чухал зүйл байхгүй шүү.

Ажлын байртай холбоотой:

Та оюутан байх үеэсээ хөрөнгийн зах зээлийг сонирхсон гэлээ шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн юу нь таныг татсан бэ?
Шинэ зүйл гарч ирж, хуучин зүйл алга болж, зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа нь надад маш их таалагддаг. Бид нарыг унтаж байх үед Америкт зах зээл нээгдэж байдаг шүү дээ. Энэ бол зогсолтгүй байдал. Үүнийг дагаад чи өөрийгөө шинэчилж, хөгжүүлж, сайжруулах зайлшгүй шаардлагатай тулгарна. Энэ нь шинийг эрэлхийлж, өөрийгөө байнга сорьж явдаг хүний зан чанартай давхцдаг юм. Одоогоос 100 жилийн өмнө 200 тэрбум долларын үнэлгээтэй банк болон газрын тосны компаниуд хөрөнгийн зах зээл дээр хамгийн том компаниуд байсан. Харин өнөөдөр 21-р зуунд хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд технологийн компаниуд болж хувирсан. Интернет 1995 оны үед л үүссэн шүү дээ. Тэгтэл өнөөдөр онлайн худалдаа гэдэг зүйл маш хурдан хөгжиж байна.
Дэлхийн тренд хаашаа чиглэж байгааг хамгийн түрүүнд мэдээллэдэг зах зээл бол хөрөнгийн зах зээл. Жишээлбэл, Томас Эдисон 10’000 туршилт хийгээд гэрлийг олчихсон гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Тэр хүний цаана санхүүжилт яригдах ёстой. Тэр их туршилтыг хийхэд санхүү мөнгө хэрэгтэй. Тэгэхээр ард нь хөрөнгийн зах зээл байгаа гэсэн үг. Дайны цаана мөн л санхүүжилт явж байдаг. Дайны бонд гэж байдаг, дайнд ялагдсан улсын бонд default зарлаж, дайнд ялсан улсын бонд хүүгээ төлөөд, бондод санхүүжилт оруулсан хүмүүс нь мөнгөө авдаг. Элон Маск төрөл бүрийн юм хийгээд байгаа нь маш их мөнгөтэйдөө л хийгээд байгаа юм биш. Хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөрөө л туршилт хийж байгаа. Тэгэхээр энэ дэлхийг хурдасгаж, хөгжүүлж байгаа зүйл нь мөнгө, харин банк, санхүүгийн байгууллагууд тэр мөнгийг санхүүжүүлж байж хүмүүс шинэ бүтээлийг бий болгодог. Хөрөнгийн зах зээлийн энэхүү тасралтгүй өөрчлөгдөн хөгжиж байгаа нь шинэ зүйлийг сонирхож, өөрийгөө байнга хөгжүүлэх гэсэн миний хүсэл эрмэлзэлтэй таардаг.
Нэмж хэлэхэд, Монгол улсад нэг том алтны уурхай олдсон гэж бодъё. Чи тэр алтны уурхайг ухаж чадах уу? Чадахгүй, учир нь чамд тоног төхөөрөмж, ур чадвар хэрэгтэй. Ямар нэгэн аргаар ухаад алтаа гаргаад ирлээ гэе. Тэгвэл чи тэр алтаа Улаанбаатар хотод аюулгүй авч ирээд, Монголбанканд тушааж чадах уу? Чадахгүй, учир нь дээрэмдүүлэх аюултай шүү дээ. Тэгэхээр чи нэгэнт л алт ухаж чадахгүй юм бол алтыг нь гаргаад Монголбанканд тушааж чадах компанийн хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй. Тэгж чадвал тэр хүмүүс чиний оронд ажлыг чинь хийж, чи баяжих боломжтой. Өнөөдөр чи дэлхийн онлайн худалдааны зах зээл дээр Amazon, Alibaba-тай өрсөлдөөд ажиллаж чадахгүй ч гэлээ тэр зах зээл өснө гэдгийг мэдэж байгаа бол зүгээр л тэр компаниудын
хувьцааг нь худалдаж ав. Тэгвэл чи Америкийн эдийн засгийн өсөлт, Хятадын хүн амын өсөлтөөс мөнгө олно гэсэн үг. Чи дэлхийн хаана ч байсан хамаагүй утсан дээрээ нэг application татаад дэлхий дээр байгаа бүх жижиг, том компанийн хувьцааг худалдаж авах боломжтой. Хөрөнгийн зах зээлийн гайхамшиг нь энэ. Монголчууд бид 3 сая гаруй байж дотроо маргалдаад л, бие биенийгээ доош нь татаж амьдраад л байна. Үүний оронд дэлхийд хөрөнгө оруулалт хийж, дэлхийгээс мөнгө олмоор байна. Үүнийг бий болгохын төлөө би явж байгаа. Энэ хүсэл мөрөөдлийг минь бий болгоход хөрөнгийн зах зээл тусалдаг болохоор би энэ зах зээлд дуртай.

Олон газарт ажиллаж үзсэний үр дүнд ойлгож авсан зүйлс юу байсан бэ?
Би юу ухаарч ойлгосон бэ, мөн юу сурч мэдсэн бэ гэдэг хоёр түвшинд хариулъя. Хэрэв чи жижиг компанид ажилд орвол чиний нуруун дээр бүх ачаалал ирдэг. Нэг ёсондоо маш хурдтайгаар, идэвх зүтгэлтэйгээр өөрөө бүх зүйлийг хийж, босгодог. Энэ нь хамгийн гоё зүйл. Жишээлбэл, би “Гаули” ҮЦК-д ажиллаж байхдаа санхүүгийн шинжээч хийдэг байсан. Үндсэн ажлаасаа гадна хүмүүстэй шууд харилцаж, тэд нарт хийсэн зүйлээ танилцуулдаг байлаа. Харин том компанид бол бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг учраас чи нэг л зүйлээ хийнэ. Бусад хүмүүс хэр хурдан байгаагаас чиний амжилт гаргах эсэх чинь шалтгаалж байдаг. Гэхдээ том компанид ажилд орсноороо ажил хэрэг ямар үйл явцыг дамжиж бүтдэгийг, захирах захирагдах ёс гэж юу байдгийг, хүмүүстэй яаж
харилцаж, хэрхэн хамт олонтойгоо нэг баг болж ажиллах ёстойг сурдаг. Миний туршлагаас харахад том, жижиг ямар ч компанид ажилд орсон хамаагүй, чамд юм зааж өгч чаддаг, чамайг зөв тийш чиглүүлдэг тийм л хүний дор ажиллах хэрэгтэй.
Олон газар ажилласнаар тал талын мэдлэг хуримтлуулах боломжтой. Ажил бүрээсээ дахин давтагдашгүй олон зүйлийг ойлгож, ухаардаг. Мөн тухайн ажлыг хийх явцдаа чи өөрийгөө олох боломжтой. Өдөржин EXCEL нүдэж ажиллахдаа чи жаргалтай байна уу, эсвэл борлуулалт хийж гадуур явах нь чамайг жаргалтай болгоод байна уу гэдгийг чи олон ажил хийж үзэж байж олж мэднэ. Тийнхүү цаашид чи өөрийнхөө сонирхсон салбараа хөөгөөд ажиллах боломжтой болно шүү дээ.

Та хөрөнгө оруулалт хийхдээ ямар арга барил, тактик ашигладаг вэ? Мөн эрсдэлээ хэрхэн тооцоолдог вэ?
Эрсдэлийн тухайд “risk reward ratio” гэх ойлголтыг ашигладаг. Алдах үедээ алдаж, онох үедээ онож туршлагаждаг. Харин хөрөнгө оруулалтын тухайд гэвэл мэдээлэл дээр тулгуурлаж, урт хугацаанд, тогтмол хөрөнгө оруулалт хийдэг.

Ажлын байран дээр анх гарахад хүлээлт болон бодит байдлын зөрүү хэр байсан бэ?
Би анхнаасаа хөрөнгийн зах зээл талаа бариад явчихсан учраас надад хийж чадахгүй айхтар хэцүү зүйл байгаагүй. Тодорхой хугацаанд өөрийгөө байнга хөгжүүлж байсан болохоор хүлээлт болон бодит байдлын зөрүү үүсч байгаагүй. Гэхдээ ихэнх хүмүүст зөрүүтэй санагдана. Харин тэр зөрүүг хэр том, жижиг байлгах нь чи оюутан байхдаа өөрийгөө хэр бэлдсэнээс хамаарна. Хэрэв оюутан байхдаа зүгээр л дөрвөн хананы дунд суугаад, тестээ хийгээд, оноогоо аваад явсан бол чи хүлээлт, бодит байдлын хоорондох зөрүүний маш том ангалд унана. Харин чи өөртөө хүрээлэл үүсгээд, хүмүүстэй харилцаад, бизнесийн компаниуд дээр дадлагаа чанартай хийсэн бол асуудал шал өөрөөр яригдана. Ажиглаад байхад ихэнх оюутнууд сургуулиа төгсөөд ажил дээр гарсны дараа 6 сар манардаг. Тэгээд ганц үг хэлэхэд л үг даахгүй, уйлна. Тэгэхээр наад зах нь хүний үг сонсож, үг даадаг байх хэрэгтэй. Үүнд өөрийгөө бэлдээд ажилд орох хэрэгтэй санагддаг.

Сайхан уур амьсгалтай хамт олноос шалтгаалан ажлаасаа гарч чадахгүй байх, эсвэл хамт байхад хэцүү ажлынхантайгаа хүссэн ажлаа хийх хоёрын алийг нь илүүд үзэх вэ?
Олон жил ажилласан хүнийх шиг асуулт байна даа (инээв). Миний хувьд хүмүүс хамт олон дундаа чөлөөтэй байх хэрэгтэй гэж боддог. Үг хэлэх болгондоо нэгнээсээ айж, санаа зовдог байвал нэг хамт олон болох хэцүү. Аль болох нээлттэй, бие биенээсээ суралцдаг, нэгэндээ зааж өгдөг, хамтдаа урагшилдаг хамт олонтой байх хэрэгтэй. Гэхдээ аливаа зүйлд тодорхой хязгаар байх ёстой. Тэр хязгаарыг даваад, дахин дахин хүнээс юм асуугаад ядаргаа болоод байж болохгүй шүү дээ. Дээрээс нь хамт олон тогтмол хөгждөг байх ёстой. Сурах зүйл маш их учир хүн үхэн үхтлээ суралцдаг. Тэгэхээр тасралтгүй, зогсолтгүй хөгждөг тийм баг л хэрэгтэй гэж бодож байна. Нэмж хэлэхэд би өөрийгөө харьцангуй дайчин гэж боддог. Хэрэв манай хамт олны уур амьсгал таагүй бол би тухайн хамт олны дотоод уур амьсгалыг өөрчлөхийн төлөө тэмцэх болно. Гэхдээ удирдлага маань үүнийг ойлгохгүй байвал би хүссэн ажлынхаа ижил чиглэлийн компанид ажилд орно.

Та оюутан байхдаа СУТ-д сурч байгаад Экономиксийн тэнхим рүү шилжсэн гэсэн шүү дээ. Санхүүгийн удирдлагаар төгсөх, эдийн засгаар төгсөх 2-ын хооронд ямар нэгэн зөрүү үүсэх байсан гэж та боддог уу?
Өмнө нь хэлсэнчлэн хүн сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх хэрэгтэй. Эдийн засгийн анги энэхүү сэтгэлгээг илүү тэлж өгдөг гэж би боддог. Эдийн засгийн сургууль, урсгалуудын талаар “орчин үеийн макроэкономиксийн сэтгэлгээний түүх” хичээлээр зааж, хоорондын ялгааг нь богино хугацаанд тайлбарлаж өгдөг. Мөн Монгол яагаад хөгжиж чаддаггүйг “институцийн экономикс”-ийн хичээлээр заадаг. Түүнчлэн ажлын байран дээр ашиглагддаг эконометрикийн чухал арга зүйнүүдийг, жишээ баримттай нь хэлдэг. Тэгэхээр санхүүгийн удирдлагаар төгсөх, эдийн засгаар төгсөх 2-ын хооронд маш том ялгаа бий. Хамгийн гол нь уг ялгааны хэргийг бодит амьдрал дээрээ гаргаж, учир утгатай болгох хэрэгтэй.

Дөнгөж их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарах гэж байгаа Мөнх-Эрдэнэд юу гэж хэлж, зөвлөх байсан бэ?
Аль болох эртхэн гадаадын зах зээл рүү орох хэрэгтэй гэж хэлэх байсан. Би 2016 оноос эхлээд л гадаадын зах зээлийг сонирхож эхэлсэн. Тэрнээс өмнө дотоодын зах зээл дээрээ тоглолт хийх нь илүү сонирхолтой санагддаг байсан юм. Үүнээс болоод цаг хугацаа их алдсан гэж боддог. Хүн өөрийнхөө өнцгөөс харчхаад үүнээс өөр өнцөг байхгүй гэж өөрийгөө хайрцаглаж болдоггүй юм билээ. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсоод өөр боломжууд ч мөн байдаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь хүн чих онгорхойтой байх ёстой санагдсан. Өөрөөр хэлбэл, хүний хэлсэн үгийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш, харин тухайн хүн юу хэлэх гээд байгааг хүлээн авч, тунгаан боддог нээлттэй сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд би их хаалттай байсан санагддаг. Хүн хэчнээн мундаг байлаа гээд төгс биш шүү дээ. Тэгэхээр бусдын санаа бодлыг үргэлж сонсож байгаарай.

Төгсгөлд нь:

Ирэх 10 жилд өөртөө тавьсан зорилгоо бидэнтэй хуваалцана уу.
3 жилийн дотор өөрийнхөө байгуулсан үнэт цаасны компанийг топ түвшинд аваачна гэж боддог. 5 жилийн дараа Монголын хамгийн том хамтын санг байгуулна гэж төсөөлж байна. 10 жилийн дараа төгсөж байгаа оюутнуудын эзэмших ёстой санхүүгийн чиглэлийн ур чадварыг заадаг сургалтын төв байгуулна. Мөн хотын ойролцоох нэг уулын аманд арилжаа хийдэг цогцолбор (trading house) байгуулна гэж мөрөөддөг. Тэнд залуучууд арилжаа хийгээд суудаг, хүмүүс ирээд уулздаг байх юм. Харин 10 жилийн дараагаас тэтгэвэртээ гаръя гэж боддог. Тэтгэвэртээ гарна гэдэг нь өөрийн байгуулсан компаниа дараа дараагийн CEO нарт даатгаж үлдээгээд, би өөрөө хүнийг соён гэгээрүүлдэг ажил хийхийг хүсч байгаа хэрэг. Миний бодлоор хүмүүс мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгж байж сүлжээний бизнест мөнгөө алдахгүй, гадаадын сайтуудад луйвардуулахгүй, 20’000 төгрөгөөр сонгуулийн саналаа худалдахгүй болно. Иргэд нь мэдлэг боловсролтой болоод ирэхээр нийгмийн тэгш бус байдал арилна, хүмүүс гудамжинд хогоо хаяхаа болино, жолооч нар машинаа явган хүний зам дээр гаргаж тавихаа зогсооно. Тэгэхээр хүмүүсийг санхүүгийн хувьд мэдлэгтэй болгох үйлсэд хувь нэмрээ оруулмаар санагддаг.

Таны амьдралдаа баримталдаг 3 зарчим юу вэ?
Нэгт, худлаа ярьж болохгүй. Чаддаг бол чаддаг, чаддаггүй бол чаддаггүй гэдгээ хэлдэг байх хэрэгтэй. Хоёрт, ёс ёуртахуунтай байх ёстой. Энэ буруу зүйл гэдгийг мэдсээр байж хүмүүсийг уриалан дуудаж, түүнээсээ ашиг олж болохгүй. Гуравт, тасралтгүй хөгжих хэрэгтэй. “Биднийг унтаж байхад дэлхий эргэж байдаг.” Маргааш чамайг босоод ирэхэд дэлхий өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ хугацаанд юу болсныг чи олж мэдэж, өөрийгөө update хийх хэрэгтэй. Хэрэв update хийхгүй бол өнөөдөр унтахдаа мэдэж байсан тэр л мэдлэгтэйгээрээ амьдрах болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр чигтээ үхсэнээс ялгаагүй болно. Тиймээс тасралтгүй хөгжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг байх нь чухал.

Та өнөөгийн Монгол улсыг товчоор дүрсэлж хэлнэ үү.
Монголын эдийн засаг гэхээр миний толгойд “утсан чинээ амь” гэдэг үг санаанд ороод байдаг юм. Тийм л хэврэг, дархлаагүй эдийн засагтай гэсэн үг. Монгол улсын нийт экспортын 40 хувийг нүүрс эзэлдэг. Үүний 50 хувь нь Тавантолгойгоос Гашуунсухайт орох авто зам. Би тэр зам дээр очиж үзэж байсан. Тэр үед надад “энэ зам ямар үнэ цэнтэй авто зам бэ” гэсэн бодол төрж байсан юм. Хэрэв тэр зам үерт автаад, эсвэл газар хөдлөөд явах аргагүй болвол Монголын эдийн засагт юу болох бол? Долларын ханш өснө, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ, компаниудын зардал өсч ашиггүй ажиллана, банкны чанаргүй зээл нэмэгдэнэ. Ингээд л Монголын эдийн засаг унаж эхэлнэ шүү дээ. Тиймээс энэхүү утсан чинээ амийг ядаж тросс болгомоор байна. 2, 3 талаас нь татсан ч тасардаггүй болгохын төлөө эдийн засагчаар төгсөж байгаа хүмүүс ажиллах ёстой. Харин миний сонгосон зам бол Монгол улс нүүрс гаргаж байна уу, үгүй юу гэдэгтэй огт хамааралгүй. Би дэлхийд хөрөнгө оруулж, санхүүгийн хувьд тогтвортой байж чадна. Хэрэв нэг сая хөрөнгө оруулагчтай хамтын сан бий болоод, тэр нь олон улсад хөрөнгө оруулдаг болчихвол Монгол улсын жирийн иргэний амьдрал хэцүүдэхгүй болох боломжтой. Ийм л өөрчлөлтийн төлөө явж байна.

Оюутан дүү нартаа хандаж зөвлөгөө хэлнэ үү.
4 жил зовоод 40 жил жаргах уу, 4 жил жаргаад 40 жил зовох уу гэдэг сонголтыг та нар их сургуулийн 4 жилийн хугацаанд хийдэг. Суурь муутай байшин дээр олон давхар барилга барьж болдоггүйтэй адил оюутны 4 жил гэдэг амьдралын хамгийн чухал цаг хугацаа байдаг юм билээ. 4 жил сайхан тоглож наадаад, ажил дээр гарсан хойноо юу ч чадахгүй, мэдэхгүй гэдгээ ухаарч, цаашдын 40 жил зовж болно. Эсвэл 4 жилийн хугацаанд өөрийгөө сайн зовоогоод, сурч хөгжиж, бусдаас ялгарал үүсгэж чадсан бол дараагийн 40 жилийн чинь амьдрал ямар ч асуудалгүй, карьер өндөртэй байх болно. Тэгэхээр өөрийгөө эргэн нэг дүгнээд аль замаар нь явсан байна гэдгээ хараарай. Хэрвээ цаг хугацааг жаргаад өнгөрөөчихсөн бол одоо нөхөж хөдөлмөрлөх хэрэгтэй шүү гэдгийг хэлье.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.