СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн 2020 оны төгсөгч, дата аналист Г.Төгсбилэг
ахтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Таны бодлоор байгууллагын уур амьсгал илүү чухал уу, эсвэл хүссэн ажлаа хийх нь илүү чухал уу?

Байгууллагын уур амьсгал илүү чухал. Муу уур амьсгалтай орчинд очсон хүн хүссэн ажлаа хийсэн ч 1-2 сарын дараа залхаж эхэлнэ, эргээд бүр хүссэн ажлаа үзэн ядаж эхлэх эрсдэл өндөртэй байдаг. Баг хамт олны уур амьсгал ямар байна, удирдлагаас ирж байгаа уур амьсгал ямар байна, нэг нэгнийгээ ойлгож чадаж байна уу, ямар нэгэн хорсол эсвэл муу энерги байна уу гэдэг асар чухал. Өөрийнхөө зүгээс хэлэхэд, Голомт банкны дотоод уур амьсгал, миний ажилладаг хэлтсийн уур амьсгал, нэг гэр бүл шиг байдаг мэдээлэл технологийн газрынхны уур амьсгал гээд бүгд л асар гоё, дулаан энергитэй санагддаг. Ажлынхаа анхны гарааг ийм гоё уур амьсгалтай газраас эхлүүлсэндээ өөрийгөө маш азтай гэж боддог.

Таны хувьд эдийн засагч мэргэжлийн давуу тал, хөрвөх чадвар хэр байдаг гэж хардаг вэ? Мөн эдийн засагч мэргэжилтэй хослох мэргэжлийн талаар өөрийн бодлоо хуваалцвал?

Хөрвөх чадварын хувьд хамгийн ойрын жишээ бол, миний хийж буй ажил болох “дата аналист”. Дата аналистийн ихэнх ажил R программ дээр хийгддэг. Нэг программын хэл сурчихсан байхад бусад программын хэл сурахад анхлан суралцагчидтай харьцуулахад хялбар байдлаар хөрвүүлж сурах боломжтой. Жишээ нь, R программыг сурчихсан байхад Phyton, C+ гэх мэтчилэн бусад программын хэлийг сурахад асар хялбар байдаг. Сургуулиа төгсөөд эдийн засагчаар ажилламааргүй байвал, дата аналистийн ажил руу хөрвөөд ажиллаж болно. Эцсийн эцэст хүний амьдралын зорилгуудын нэг бол өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ сурч, хүссэн зүйлээ хийж ажиллах шүү дээ. Тэгэхээр нэгэнт л эдийн засгаар төгссөн юм чинь цаашдаа энэ ажлыг л хийх ёстой гэж өөрийгөө хашиж болохгүй. 

Их сургуулиа 3,9 голчтой төгссөн хүний хувьд цагаа хэрхэн зохицуулдаг байсан тань ихэд сонирхол татаж байна. Цагийн менежменттэй байхын тулд ямар ямар чадварыг өөртөө суулгасан байх шаардлагатай вэ?

“Үр дүнтэй цаг төлөвлөлт бол амжилтын томоохон нэгэн шалгуур” гэж сонсож байсан байх. Тэгэхээр хэрвээ цаг төлөвлөдөггүй бол төлөвлөж эхлээрэй гэж зөвлөе. Цагийн менежмент бол ямар ч зорилгоор ашиглагдаж болох амьдралд асар хэрэгтэй ур чадвар. Жишээ нь, шалгалт, бие даалт, цаашлаад гадаад руу сурахаар бол хэлний онооны шалгалт, ажил гэх мэтчилэн бүхий л зүйл дээр зөв цагийн менежменттэй байснаар амжилт гаргана. Тиймээс оюутнууд одооноос цаг төлөвлөх ур чадварыг эзэмших хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Зарим хүмүүс өдөрт хийх ёстой ажлуудаа бичээд л болчихно гэж их амархнаар хараад байдаг. Гэвч бодит байдал дээр цаг төлөвлөхөд маш олон асуудлууд урган гарч ирдэг. Тэдгээр асуудлуудтай хэрхэн тэмцэх талаар товчхон хариулъя.

Нэн тэргүүнд төлөвлөгөө бол шорон биш. Ихэнх хүмүүс төлөвлөгөөнд баригдах дургүй гэж ярьдаг нь маш өрөөсгөл ойлголт юм. Хэтэрхий баригдмал төлөвлөгөө гаргаж, түүндээ өөрийгөө хорьж, амьсгалах зай өгөхгүй байхаар ямар хүн төлөвлөгөөнд дуртай байх билээ. Тиймээс өөрийн хүсч байгаа өдрүүдээ л зөвхөн төлөвлө гэж хэлмээр байна. Тухайн төлөвлөсөн өдөр дуусахад өглөө боссоноосоо харьцангуй дээр нөхцөл байдал бий болсон бол төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэлээ гэж бодох хэрэгтэй. Төлөвлөсөн өдөр чинь зугаа цэнгэлээр дүүрэн байж болохгүй, тодорхой хэмжээний хариуцлагыг үүрэх нь чухал. Хариуцлага байхгүй л бол амьдрал ямар ч утгагүй болж эхэлнэ. Өдрийн төлөвлөгөөнийхөө 20-30 хувийг үүрэг хариуцлага болгож хэвших хэрэгтэй. Мэдээж ачааалал ихтэй өдрүүддээ үүрэг хариуцлагынхаа хувийг нэмэх замаар уян хатан байлгаж болно. Эхний алхмын хамгийн гол зүйл бол шагнал урамшуулал ба хариуцлагын харьцаагаа зөв тодорхойлох юм.

Төлөвлөгөө бол шорон биш. Тохиролцооны үр дүнд суурилсан төлөвлөгөө нь дарангуйллын үр дүнд суурилсан төлөвлөгөөнөөс хамаагүй илүү биелэлттэй болдог. 

Үүнээс төлөвлөгөөний 2 дахь чухал зүйл гарч ирж байгаа юм. Энэ нь өөрийгөө танин мэдэхүй! Хүн чинь байгалиасаа их сониуч амьтан шүү дээ. Өөрийгөө ямар өнгөнд дуртайг, сэрүүлэггүйгээр хэд хүртэл унтаж чадахаа гэх мэтчилэн энгийн зүйлээс эхлээд өөрийгөө танин мэдэх нь чухал. Жишээ нь, сэрүүлэггүйгээр 11 цаг хүртэл унтаж чаддаг хүн өглөө 9 цагт ажил төлөвлөвөл тийм ч үр бүтээлтэй байхгүй. Төлөвлөгөөгөө бодит байдалдаа нийцүүлэхгүй бол төлөвлөгөөнөөсөө ухарч, буцах тохиолдол их гардаг. Оюутнуудын хувьд хамгийн чухал өөрийгөө танин мэдэхүй бол чи ямар орчинд байхдаа хамгийн өндөр бүтээмжтэй байж чаддагаа олох хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт, ажлаа амжуулах цагийг хэмнэнэ, хоёрдугаарт, тархиндаа ачаалал үүсгэхгүйгээр аливаа зүйлийн хариултыг олж авах арга болно. 

Хувийн сахилга батгүй, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чадваргүй бол хэчнээн сайхан төлөвлөгөө гаргасан ч үр дүн гарахгүй.

Амжилттай төлөвлөлт хийх гурав дахь алхам бол мэдээж өөрийгөө хянаж чаддаг байх хэрэгтэй. Гоё сайхан төлөвлөгөө гаргасан ч түүндээ хүрч чадахгүй бол төлөвлөлт хийж яах юм бэ? Тиймээс хувийн сахилга бат гэдэг зүйлийг зайлшгүй дурдах ёстой болно. Сахилга батыг хүмүүс шийтгэл гэж хараад байдаг. Миний хувьд сахилга бат гэдэг нь одоогийн зугаа цэнгэлийн оронд хийх ёстой зүйлээ хийгээд суух чадвар. Өөрөөр хэлбэл, сахилга батыг өөрийгөө хайрлаж буй хэлбэр гэж үздэг. Өнөөдөр найзуудтайгаа уулзмаар байсан ч шалгалт дөхсөн учраас шалгалтдаа бэлдээд суух нь сахилга бат. Өөрөө өөртөө “үгүй” гэж хэлж сур, ямар нэгэн зүйлийг золиосол. Гэхдээ юуг золиослох вэ гэдгээ маш зөв сонгох хэрэгтэй. 

Төгсгөлд нь хэлэхэд, ихэнх оюутнууд нойргүй хонох үзэгдлийг энгийн норм болгож хүлээж авдаг юм шиг харагддаг. Нойргүй хоносон гэдгээ бараг л нэгэндээ гайхуулж яриад байх шиг. Би үүнийг эрүүл биш гэж боддог. Нойргүй хоносны маргааш тархи ямар ч мэдээллийг хүлээж авахаа больсон байдаг шүү дээ. Аливаа ажлыг сайн гүйцэтгэлтэй хийхийн тулд нойроо хангалттай авах хэрэгтэй. Би оюутан байхдаа нэг ч шөнө нойргүй хонож үзээгүй. 12 цагаас хойш ямар ч хичээл бодолгүйгээр тайван амардаг, харин өглөө 6:40-д босоод хичээлдээ анхаарч эхэлдэг байсан. Харьцангуй өндөр голчтой төгссөн хүний хувьд хэлэхэд нойргүй хонож байж онц сурдаггүй шүү. Төлөвлөлтөө сайн хийж сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Хүний амьдралд шантрах үе байдаг. Та шантарсан үедээ асуудлаа хэрхэн даван туулдаг вэ?

Хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээний шантрах үе байдаг, байхаас ч өөр аргагүй. Гол нь тухайн нөхцөлд юу хийх вэ гэдэг л чухал. Нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд бууж өгөх үү, эсвэл улам тэмцээд түүнээсээ урам зориг аваад цааш зүтгэх үү гэдэг нь хувь хүний шийдвэр. Миний хувьд хоёуланг нь үзсэн. Бууж өгөх ч тохиолдол байна. Бууж өгөх бол амархан сонголт шүү дээ. Хэрвээ хэтэрхий шантраад байгаа бол ганц алхам ухраад асуудлаа том зургаар, өнцгөө өөрчилж харах нь зөв сонголт гэж боддог.

Та өөрийн биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд хэр их анхаардаг вэ?

Жилийн өмнөөс эхлээд сэтгэл судлалыг ихэд сонирхон судлах болсон. Тиймээс ч сэтгэлзүйн эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг. Надад ямар нэгэн асуудал тулгарвал өөрөө өөртэйгөө ярих замаар шийдлийг олдог. Миний ажигласнаар ихэнх хүмүүс өөртэйгөө ярилцахаас цааргалдаг. Гэтэл хоногийн 24 цаг чамтай хамт байгаа хүн бол чи өөрөө шүү дээ. Тиймээс өөртэйгөө ярилцаад өөрийнхөө юу болж, юу бүтэхгүй байгаагаа ойлгох хэрэгтэй. Тэгж байж сэтгэлзүй тогтвортой байж, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулна. Харин биеийн эрүүл мэндийн хувьд зөв хооллолт, арьс арчилгаа зэргийг өөртөө дадал болгосон. Одоо бол өөрийн гэсэн дэглэмтэй, түүнийхээ дагуу хооллож, арьсаа арчилдаг. Мөн хавар, зуны улиралд өглөө бүр гүйдэг. Ингэснээр бие махбод эрүүл чийрэг болохоос гадна сэтгэлзүй хүртэл давхар эрүүлжиж байдаг. Сүүлийн үед би өөртэйгөө ярихаа багасгасан. Учир нь миний хэрэгжүүлж буй дэглэмүүд ач тусаа өгч, сэтгэлзүйн ямарваа нэгэн асуудлууд гарах нь багасч байна.