СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн 2020 оны төгсөгч, Хаан банкны дата аналист О.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна

- Яагаад СЭЗИС-ийн эдийн засгийн ангийг сонгосон бэ?
Манай ах СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Хамаатнууд дунд сурлага хамгийн сайтай, толгой цохидог нь ах маань байлаа. 4 хичээлээр ЭЕШ өгөхөд 3 хичээл дээр нь 800 оноо авч байсан. Би байнга ахтайгаа харьцуулагдаж, өрсөлдөгчийн байр сууриас харьцдаг байсан юм. Тийм учраас ахыгаа давна гэсэн зорилготойгоор, мөн нийгэм, математикийн хичээлдээ дуртай байсан учраас сонирхлоо дагаад СЭЗИС-д ахынхаа мэргэжлээр сурахаар шийдсэн. Анх эдийн засгаар сурмаар байгаагаа аав ээждээ хэлэхэд гэрээс 2 санхүүгийн хүн гаргахгүй, заавал нэгийг нь инженер болгоно гээд бөөн юм болж байсан. СЭЗИС-д хамгийн хэцүү, чангалуулдаг, их зүйл сурдаг, сайн хүүхдүүд ордог нь Экономиксийн тэнхим гэж яригддаг. Тиймээс өөрийгөө сориод бас ахынхаа голчийг давна гэсэн зорилготой анх орсон доо. Суралцах явцдаа эдийн засагч хүн юу хийдэг вэ, энэ нь ямар үнэ цэнтэй мэргэжил вэ гэдэг талаас судлаад маш сонирхолтой, дурсамжтай он жилүүдийг өнгөрөөсөн. Эдийн засгийн ангийг сонгосондоо би одоо харамсдаггүй, маш зөв сонголт хийсэн өөрийгөө азтай гэж боддог.
- Эргээд харахад оюутан байх 4 жилийн хугацаанаас тань хамгийн чухал гэж боддог үе аль нь вэ?
Миний хамгийн чухал үе гэвэл өдөр болгоны орой орондоо орох мөч. Би хэдий хуучин сургуульдаа сурлагаар сайн хүүхдийн тоонд ордог байсан ч их сургуульд ороод улсын хэмжээний сайн хүүхдүүдтэй хамт суралцаж эхэлсэн. Энэ нь надад орой болгон “энэ хүүхдүүдээс илүү сурч мэдсэн зүйл өнөөдөр юу байв” гэдэг бодлыг төрүүлдэг байсан юм. Зарим өдрүүдэд хамт олноороо багийн ажлаа маш гоё хийчихсэн байвал маргааш багшдаа магтуулна даа, илтгэхдээ ямар байх бол гээд орой унтаж чаддаггүй байсан.
- Таны оюутан байх үедээ олж авсан хамгийн чухал чадвар, дадал юу вэ?
Хамгийн эхлээд оюутан болоод юу олж мэдэж, сурах шаардлагатай вэ гэвэл би яг юунд дуртай вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Би яг юунд дуртай вэ гэдгээ мэдэхийн тулд маш олон зүйл оролдож үзэхээс өөр аргагүй болдог. Би энэ хичээлд дуртай юм байна, анализ хийх дуртай юм байна эсвэл тоон шинжилгээнд дүгнэлт бичээд хүмүүст хүргэхдээ илүү сонирхолтой юм байна гэдгээ олох хэрэгтэй. Миний оюутан байх хугацаандаа олж авсан хамгийн үнэт зүйл бол код бичих. Би аливаа бие даалт, шалгалтуудыг зүгээр нэг бие даалт, шалгалт гэдэг утгаар биш, энэ бол миний өөрийгөө харуулах, өөрийгөө дээшлүүлэх боломж гэж хардаг байсан. Зүгээр нэг гэрийн даалгавар өглөө гэхэд тухайн ажлыг их сургуулийн оюутны түвшинд биш байгууллагын ажилтны түвшинд хийж, түүнээсээ кайф авч, өөрөө өөрийгөө урамшуулдаг байсан. Энэ л дадал маань намайг Хаан банканд ажилд ороход хамгийн том түлхэц болсон гэж боддог.
- Таны хувьд сонгосон мэргэжилдээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Өөр мэргэжлээр сурах боломжтой байсан бол ямар мэргэжлээр сурах байсан бэ?
Би 10 жилдээ эргэж очоод ЭЕШ өгвөл дахиад эдийн засагч мэргэжлийг сонгоно. Яагаад гэвэл эдийн засгийн мэргэжил гэдэг тоон дундаас дүгнэлт гаргаж ирдэг маш гоё мэргэжил. Мөн нийгмийн шинжлэх ухаан болон эконометрик, статистик гэх мэт машин сургалтад ашиглагддаг суурь зүйлсийг сурдаг. Хэдий би одоо технологийн салбарт ажиллаж байгаа ч гэсэн технологийн мэдлэгүүдийг орчин цагт интернэтээр өөрийн сонирхлоор судлаад танин мэдэх боломжтой, харин эдийн засгийн мэргэжил тийм биш шүү дээ.
- Та цаг хугацаагаар аялаад оюутан насандаа очвол юуг шинээр сурах байсан бэ?
Би төгсөхөөсөө өмнө сургуульдаа R-ийн кодны template хийж үлдээх бодолтой байсан. Хэрэв би буцаад их сургуульдаа очвол өөрийнхөө сургуульдаа, мэргэжил нэгт дүү нартаа хэрэгтэй R программын template үлдээх байсан. R-аас гадна Экономиксийн тэнхимдээ макро эдийн засгийн database үүсгэх байсан.
- Таны хамгийн дуртай хичээл юу байсан бэ?
Мэргэжлийн хичээл дундаас хамгийн сонирхол татаж байсан нь Өнөр багшийн заадаг “Орчин үеийн макро эдийн засгийн сэтгэлгээний түүх”. Эдийн засагч хүн “юу хийвэл эдийн засаг сайн сайхан болох вэ, ажилгүйдэл, инфляцийн шалтгаан юу вэ” гэх мэт асуултуудад хариулт өгдөг, нэг талаас лам шиг санагддаг. Учир нь эдийн засагч хүн бүх хүний сайн сайхан байдлын төлөө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахыг зорьдог. Тэр нь амьдралд маш ойр санагдаж, сонирхол татсан. Төгсөөд макро эдийн засгийн чиглэлээр ажиллана гэж төсөөлж, тэр хичээлдээ дурлаж байсан.
- Оюутан насанд тань үлдсэн тод дурсамжаасаа хуваалцаач.
Гансүлд багшийн заадаг “Хөдөлмөрийн экономикс” гэдэг хичээл дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дээр эзэлж буй байр суурь ямар байгаа талаар 10-100 өгүүлбэрт багтсан мэдээлэл цуглуулах даалгавартай байсан юм. Тиймээс би хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн ялгаатай байдлыг илүү дэлгэрүүлэн судлахаар шийдсэн. Хөдөлмөрийн зах зээлийг ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцооны түвшин болон ажиллах хүчин гэсэн 3 үзүүлэлтээр хэмждэг. Энэ 3 үзүүлэлтээр Монгол улсын дундаж хэмжүүрийг олоод бусад улсуудын дундажтай харьцуулахад манай улсын эрэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин маш доогуур болчихсон байгааг олж харсан. Ингээд цуглуулсан мэдээллүүдээ ангийн найзаараа хэвлүүлэхээр болсон юм. Тухайн үед би багшдаа магтуулах байх гээд баярлачихсан байсан. Гэтэл даалгавар шалгах өглөө манай найз хичээлээсээ хоцорчихсон. Би багшид “Багшаа би даалгавраа хэвлүүлээд авчруулж байгаа” гэж хэлэхэд багш “Би чамайг дэвтэр дээрээ бичээд ир гэсэн шүү дээ. Муу!” гэсэн. Би багшаар магтуулна гэж төсөөлчихсөн байсан даалгавар дээрээ ингээд л муу авчихсан. Энэ үйл явдлаас бие даалт, шалгалтуудыг өөртөө зориулж хийх ёстой юм байна, хамгийн гол нь дуртай зүйлээ өөртөө зориулж хийх юм бол заавал бусдад магтуулах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Сүлдээ багшийн дараагийн бие даалт дээр би өөрийгөө улам хурцлаад ppt бэлдэж, номын графикуудыг хуулж аваад англи нэршлүүдийг нь монгол болгож, анализ болон интерактив хөдөлгөөнтэй график хийгээд ёстой алж өгсөн. Тухайн үед багшдаа магтуулаад үнэхээр сайхан байсан.
- Хэдий танд гоё дурсамжууд байгаа ч гэсэн сэтгэлзүйн асуудалд орж байсан болов уу? Хэрвээ орж байсан бол түүнийгээ хэрхэн даван туулж байсан бэ?
Мэдээж сэтгэлзүйн асуудалд орсон. Хамгийн наад захын жишээ гэх юм бол багийн ажил. Манай эдийн засгийн ангийнхан болон хамтарсан хөтөлбөрийнхөн бие биенийгээ сайн танина. Тэд нартайгаа нэг баг болчихвол хэн хэнийгээ мэддэг мундаг хүүхдүүд байдаг болохоор бие даалтууд хийхэд ч амар байдаг. Харин бусад мэргэжлийн хүүхдүүдтэй баг болоод бие даалт хийх их хэцүү. Хэрэв тэдэнтэй баг болчихвол надад 2 сонголт бий болдог. Нэг бол даалгавруудыг нь хуваарилж өгөөд захиргаадалтын шинжтэйгээр багийн ажлаа хийнэ, эсвэл би ганцаараа бүгдийг нь хийнэ. Хэрвээ эхнийхийг сонговол орой болгон багийнхныгаа яаж ажлыг нь хийлгэх үү гэж бодоод байнгын шаналгаатай явдаг байсан. Үүнийг даван туулахын тулд Өнөр багшаас “Яаж багийнхныгаа удирддаг байсан юм бэ, бие даалтаа яаж хийдэг байсан бэ, яагаад заавал бид нарыг багт хуваарилаад зовоогоод байгаа юм бэ?” гэж асуухад, энэ бүхэн ирээдүйд минь хэрэгтэй гэж хэлж байсан.
- Анх Хаан банканд ажилд ороход ямар байсан бэ?
Анхнаасаа л адал явдалтай эхэлж байлаа. Хаан банкны ажлын анкет дээр дипломын дугаар гэсэн хэсэг байдаг. Тухайн үед би сургуулиа төгсөөгүй байсан болохоор тэр хэсгийг хоосон явуулчихсан. Тэгээд ажилд орж чадаагүй. Дараа нь сургуулиа төгссөний дараа дахиад Хаан банк ажлын байр зарлахад нь дипломын кодтой анкет явуулаад, дараагийн шатанд нь тэнцэж байсан. Тэр үед манай хэлтсийн ахлах “Чи эхнийх дээрээ яагаад дипломын кодоо бичээгүй юм бэ, ямар тэнэг юм бэ” гэж хэлж байсан.
Эхлээд ажилд орох их стресстэй, бараг л “шинэ ажилд орохын синдром” гэж нэрлэмээр нөхцөл байдал руу шилждэг юм билээ. Би чинь эдийн засагч гээд онгирчихсон, улс эх орныхоо ажилгүйдэл, эдийн засгийн чухал шийдвэрүүдэд нөлөөлнө, би үнэ цэнтэй зүйл бүтээнэ гээд төсөөлөөд түүгээрээ омогшиж, хурцлагдаж байсан хүн чинь огт мэдэхгүй ажлаа хийж эхэлсэн. R программын талаар мэдэх ч гэсэн вэбийн түвшинд JavaScript гэдэг мэдэхгүй хэл гарч ирсэн. Анхандаа ажил олигтой ч урагшаа явдаггүй байлаа. Би энэ хүмүүст гай болж байна даа гэж өөрийгөө голоод л. “Яагаад гараас нь ажил гардаггүй хүнийг байлгаад байгаа юм бол” гэж бодоод ахлахтайгаа ярилцаж үзсэн чинь угаасаа анх ажилд ороход ийм л байдаг гэсэн. Тухайн үед би өөрийгөө буруу газар ажиллаад байна гэж бодсон. Гэхдээ манай хамт олон, менежер, ахлах гээд бүгд надтай ярилцаад юу болохгүй байгааг минь асууж, үргэлж дэмжиж байсан учраас одоо ажлаа сайн хийж, ахиц дэвшилтэй болж байна.
- Ажилд ороод хамгийн анхны дааж авсан ажил нь юу байсан бэ? Тэр ажил нь танд ямар санагдаж байсан бэ?
Хамгийн анхны ажил хэцүү л дээ, сайн мэдэхгүй шүү дээ. Манай менежер надад болон өмнө нь Phyton дээр ажилладаг байсан ах бид хоёрт шууд вэбсайт хийх даалгавар өгч байсан. Тэр ах надаас нэг сарын өмнө ажилд орсон болохоор хоёулаа юу ч мэдэхгүй байв. Ахлах маань нэг сарын хугацаатай ээлжийн амралтаа авч таарсан учраас тэр хугацаанд вэбсайтын нэвтрэх хуудсыг хийх даалгавар өгсөн. Вэбийн түвшинд back-end болон front-end гэдэг 2 ойлголт байдаг. Front-end дээр нь вэбсайтын урд харагдаж байгаа хэсгийг хийдэг. Би тэр хэсэг дээр хуваарилагдсан байсан. Харин нөгөө ах back-end хэсэг буюу баазтай холбодог ажлыг хийхээр болсон. Товчоор хэлбэл бид 2-ын хийх ёстой ажил нь хүн нэвтрэх нэр болон нууц үгээ оруулахад түүнийг нь баазаас шалгаад “Нууц үг нь зөв байна, тиймээс амжилттай нэвтэрлээ” гэсэн хүсэлт явуулах юм. Энэ ажлыг бид 2 нэг сарын хугацаанд нухаад ч дуусгаж чадаагүй. Тухайн үед ахлахдаа загнуулах байхдаа гэж бодсон ч манай ахлах “Зүгээр зүгээр, та 2 юу хийсэн юм, явц чинь хэр байна” гэж асуусан. Энэ ажлыг хийх явцдаа маш их зүйл сурч, мэдлэгийг цуглуулсан. Бид 2 бие биенийхээ ажлыг мэдэхгүй учраас маргалдах юм их гарна, ойлголцох гэж нэлээн юм болно. Гэхдээ үүний ачаар л олон зүйлийг сураад нөгөө хүнээ ч сайн мэддэг болсон.
- R программ бусад программаас юугаараа давуу талтай вэ? Дөнгөж сурч байгаа хүмүүс юуг чухалчилбал зүгээр вэ?
Ямар ч программын хэлд нэг үндсэн ойлголт гэж байгаа. Нэг программын хэл сурчихвал өөр хэл рүү хөрвүүлж ашиглах боломжтой. Алгоритм талаасаа яривал нэг программ дээр ажилладаг функц бусад программ дээр ч ажиллана. Анхлан суралцаж байгаа хүмүүст хэлэхэд программын хэл сурахын тулд эхлээд оролдож үзэх хэрэгтэй. Интернэтээс R программын талаар хичээл үзэхээс илүүтэйгээр яг өнөөдөр хийж байгаа зүйлдээ R программыг хэрхэн ашиглах вэ, яаж илүү бүтээлч бие даалт хийж болох вэ гэдэг талаас нь хэрэглээндээ оруулах хэрэгтэй.
- Эхэндээ ойлгож байсан кодоо дараа нь эргүүлж хараад санах гэхээр ойлгохгүй байвал яах ёстой вэ?
Хүний тархи аливаа зүйлийг дахин дахин давтаж байж өөрийн болгож авдаг. Эхлээд онолоо үзээд түүнийгээ 1 цагийн дараа харна, 2 цагийн дараа бас дахиад харна, маргааш нь дахиад харна, тэгж байж тархинд үлддэг. Бид нарын хувьд сарын өмнө бичсэн кодоо ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тиймээс кодоо анх бичиж байх үедээ комментууд сайн биччихвэл дараа нь эргүүлж харахад ойлгоход дөхөм болдог. Нэг сайт дээр “Ямар ч хүн машин ойлгохоор код бичиж чадна, харин жинхэнэ мэргэжилтнүүд хүн ойлгохоор код бичдэг” гэж дурдсан байсан. Яг үүн шиг дараа нь эргээд харахад өөрөө ойлгохуйц код бичих хэрэгтэй.
- Data scientist болохын давуу тал юу вэ? Мөн та яагаад энэ мэргэжлийг эзэмших хэрэгтэй гэж үзсэн бэ?
Намайг оюутан байх хугацаанд хүн болгон data scientist-ийн талаар сонирхож, шуугьж байсан. Одоо хүмүүс тодорхой ойлголттой болоод, хуучирсан сэдэв болсон байна. Data science мэргэжлийг яагаад сонирхох болсон талаар ярихаас өмнө энэ мэргэжлийн давуу талыг ярья. Data scientist гэх хүн маань программчлалын хэлийг ашиглаад аливаа асуудлыг шийддэг хүн гэж би боддог. Эрт дээр үед хүмүүс технологийн ачаар тариалан хураах, жимс түүх гэх мэт механик ажлыг хийж чаддаг байсан бол харин орчин үед хүн зайлшгүй оролцож байж хийдэг оюуны хөдөлмөрийг дата удирдлага болон машин сургалтаар орлуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тархиа ашиглаж хийдэг ажлаа машинд даатгаж хийлгэж эхэлж байна. Энэ бол ирээдүй. Одооноос бүхий л талбарт хиймэл оюун ухаан ашиглагдана. Улмаар маш олон ажлын байр машин сургалтаар солигдох учраас заавал сурах ёстой гэж бодсон. Энэ бол data scientist хүний давуу тал. Мөн миний хувьд өмнө нь R программ дээр маш олон зүйл хийдэг байсан болохоор надад арай ойрхон байсан. Ер нь машин сургалт гэдэг нь бид нарын энгийн хийж байгаа эконометрик буюу шугаман регрессийг сүртэйгээр машин сургалт гээд л нэрлэчихсэн зүйл. Тиймээс бид нараас тийм ч хол ойлголт биш. Бид эдийн засгаар сурч байгаа ч машин сургалт хийдэг юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс би ирээдүйд макро эдийн засгаар явахгүй бол хоёр дахь сонголт нь data scientist байх болно гэж боддог.
- Ажлын байран дээр гарахад хамгийн хэрэгтэй soft skill юу вэ?
Миний хувьд ажлын байран дээр гараад soft skill муудаж байгааг анзаарсан. Учир нь миний хийх ажлууд манай менежерээр дамжаад над дээр ирдэг, тиймээс багийнхаа гишүүдээс бусад хүмүүстэй харьцаж чадахаа байчихсан. Код бичдэг хүн өөрийнхөө хийсэн ажлыг бусдад энгийнээр тайлбарлахдаа тааруу байдаг. Иймд эхлээд өөрийнхөө бичсэн кодыг энгийн хүнд тайлбарлах чадвартай болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Оюутан байх хугацаандаа хийж байгаа бие даалт бүрээсээ ямар дүгнэлт гарч байгааг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж сурах хэрэгтэй санагдаж байна.
- Хэрвээ та ажилд хүн авахаар болбол тэр хүн ямар чадвар эзэмшсэн байгаасай гэж хүсэх вэ?
Саяхан манай баг дата инженерийн ажлын байр зарласан. Манай тэнхимийн төгсөгчдөөс 2 хүүхэд шалгаруулалтад оролцсон ч тааруу үр дүнтэй байсан болохоор сэтгэл дундуур байгаа. Эдийн засагч хүн нэг тоо хараад тухайн тооноосоо дүгнэлт хийж, бусдад эвтэйхэн байдлаар багцлаад ойлгомжтой харагдуулдаг байх хэрэгтэй. Гэтэл тэр хүүхдүүдэд энэ чадвар байгаагүй, зүгээр л хүснэгт зурчихсан байсан. Тиймээс тоог ойлгомжтой байдлаар илэрхийлж чаддаг, мөн программын болон эконометрикийн чадвартай байвал зүгээр гэж бодож байна.
- Хувь хүн талаасаа баримталдаг ажлын зарчим тань юу вэ?
Ажлын байран дээр 2 зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, санаачилгатай байх хэрэгтэй. Хаан банканд манай баг том компанид харьяалагдаж байгаа старт-ап шиг байр суурьтай явдаг. Тэгэхээр захирлын өгсөн даалгавраар хязгаарлагдахгүйгээр өөрсдөө шинийг сэтгэж, маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй болдог. Анхандаа бид нар төсөл хөтөлбөр хэрхэн явагддаг, код нь бизнесд хэрхэн нэвтэрдэг зэргийг мэддэггүй байсан учраас менежер энэ ажлыг туршаад үзээч гэх маягаар ажлууд санал болгодог байсан. Харин одоо бол заавал менежерээс даалгавар авахгүйгээр өөрсдөө санаачилгатай байх ёстой гэж манай багийнхан бие биенийгээ хурцалдаг. Хоёрдугаарт, багийн ажиллагаа маш чухал. Ямар ч газар ажилласан багийнхантайгаа ойлголцож, ойр дотно байх хэрэгтэй. Оюутан байх хугацаандаа тэнхимийнхээ хүүхдүүдтэй л дотно нөхөрлөж, зөвхөн хичээлээ хийдэг хүүхэд байсан. Тэр үед даалгавруудыг ганцаараа хийхэд асуудалгүй байсан бол ажлын байран дээр ажлыг ганцаараа хийх боломжгүй. Олуулаа хамтарч, богино хугацаанд өндөр бүтээмж, үр дүнд хүрэх шаардлагатай учраас багийн ажилд суралцах хэрэгтэй болдог.
- Та зорилготой байх талаар юу гэж боддог вэ?
Хүн зорилготой байх хэрэгтэй. Зорилгогүй хүн яг л тогтоол ус шиг байна. Амжилттай явж байгаа хүмүүсийн амжилтыг 100 хувь гэж үзвэл тэд үүнийхээ 1 хувийг л ярьж байгаа. Үлдсэн 99 хувийн бүтэлгүйтлээ хэзээ ч ярьдаггүй. Тэдгээр хүмүүсийн хувьд энгийн хүмүүсээс ялгарах ганц ялгаа нь зорилгоо маш өндөр тавьдаг. Би “Үр бүтээмжтэй хүний 7 хэвшил” гэх номыг уншсанаас хойш зорилго ямар чухлыг ойлгосон. Тэр номонд дурддаг 2-р зуршил дээр “Өөрийгөө нас барах үед яг юу хийж бүтээсэн байх ёстой гэж боддог вэ? Тэр зүйлээ өөрийн амьдралын жанжин шугам болгох хэрэгтэй” гэж бичсэн байдаг. Амьдралын нэг зарчимтай, нэг харах өнцөгтэй байснаар түүнийхээ дагуу төлөвлөж чадна. Одоо үед цагийн менежментийг их ярьдаг ч зорилгогүй хүнд утгагүй шүү дээ. Харин амьдралын зарчмаа мэддэг, хол, ойрын зорилгоо тодорхойлдог хүнд цаг төлөвлөлт гэх зүйл амжилтын гүүр болж өгнө.
- Та хэрхэн цагаа төлөвлөдөг вэ? Мөн хэрхэн өгөгдсөн үүрэг даалгаврыг цагтаа багтаан сайн гүйцэтгэлтэй хийдэг вэ?
Цаг төлөвлөлтийн хувьд сая дурдсан “Үр бүтээмжтэй хүний 7 хэвшил” номыг уншиж цагийн менежментийн талаарх ойлголтыг авсан. Тухайн номд дурдсанаар цаг төлөвлөлтийн нэг матриц байх бөгөөд ажлуудаа 4 хэсэгт ангилна. Яаралтай чухал, яаралтай чухал биш, яаралтай биш чухал, яаралтай биш чухал биш гэж хийх ёстой бүх ажлуудаа ангилалд оруулна. Хамгийн сүүлийн буюу яаралтай биш, чухал биш ажлуудыг хаяж, харин яаралтай, чухал ажлууд дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би цаг цагаар нь төлөвлөдөг хүн биш. Мэдээж гадны нөлөө буюу мэргэжлийн хэллэгээр шок орж ирнэ. Найзуудтайгаа уулзах, төлөвлөсөн ажлуудаа нэг өдөр алгасах гэх мэт. Тэдгээр гаднаас нөлөөлөх хүчин зүйлсийг өөрийн зорилготойгоо уяж шийдвэр гаргадаг. Хэрэв миний амьдралын зорилго сайхан дурсамж бүтээх гэвэл найзуудтайгаа уулзана, харин зөвхөн ажиллах зорилготой бол ажлаа хийгээд явна.
- Та хандлагыг илүү чухалчилдаг уу, эсвэл ур чадварыг илүү чухалчилдаг уу?
Гоё асуулт байна. Би бол хандлагыг илүү чухалчилдаг. Хандлага зөв байгаа хүн ур чадвартай болно. Хэрхэн зөв хандлагатай болох вэ гэвэл ерөөсөө л харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв чи аливаа асуудлыг ял гэж хүлээж авах юм бол тэр зүйл ял болж хувирна. Харин ирээдүйд чамд хэрэг болох боломж юм байна гэж хүлээж авбал тэр зүйл боломж болох болно. Өнөр багш нэг подкаст дээр хэлж байсан юм. “Өвдөлт бол гарцаагүй, зовлон бол сонголт” гэж… Өвдөлт ирэх нь үнэн, харин тэр өвдөлтийг зовлон гэж харах уу, боломж гэж харах уу гэдэг нь хувь хүний сонголт байдаг.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.