Б. Гэрэлмаа: Эдийн засагч хүн нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахын тулд хичээдэг.

” Өөрийгөө битгий голоорой. Даваад л гарчихдаг сорилтуудад битгий шантраарай. Сорилт болгоноос сурах зүйл заавал байдаг шүү. “

Эхний дугаарын зочноор СЭЗИС-ийн 2018 оны төгсөгч Монголбанкны судалгаа статистикийн газрын судалгааны хэлтсийн эдийн засагч Б.Гэрэлмаа-г та бүхэнд танилцуулж байна. Түүнтэй хувь хүн, оюутан нас болон ажлын байртай холбоотой ярилцлага өрнүүллээ.

  • Амжилттай явахад хамгийн чухал зүйл бол тухайн хүний суурь хүмүүжил байдаг. Таныг эцэг, эх тань яаж хүмүүжүүлсэн бэ?

Бусдаас ялгарах гол давуу тал нь намайг маш тууштай болгож өсгөсөн. Хийнэ гэсэн зүйлээ хийгээд, хүрэх ёстой газраа очиж чаддаг. Зорилгодоо хүрэхийн тулд дан ганц хичээлээ хийгээд туйлшраад байдаггүй. Хажуугаар нь хөгжилдөж өөртөө цаг зав гаргахыг хичээдэг. 

  • Эцэг эхийн тань хэлж байсан хамгийн чухал сургаал юу байсан бэ?

Зөв хүн бай! Манай гэрийнхэн зааавал ийм бай, тийм бай гэж шаардаад байдаггүй, өөрсдөө үлгэрлэдэг. Гэрийнхэн хичээнгүй, тууштай байдаг болохоор хүүхэд нь юм чинь би тэднээсээ суралцаад, үлгэр дуурайлал авдаг даа.

  • Таны хамгийн их хүндэлж явдаг хүн хэн бэ?

Ахыгаа их хүндэлдэг. Манай ах их эртэч, хөдөлмөрч хүн байдаг. Тийм болохоор яг ийм нөхөртэй болно доо гэж боддог.

Бас багш нарыгаа их хүндэлж явдаг. Би 6 настайдаа өвөл 1-р ангид орж байсан. Намайг сургуульд ороход ангийнхан аль хэдийнээ үсгээ үзчихсэн би юу ч мэдэхгүй сурагч байлаа. Харин манай бага ангийн багш орой болгон намайг авч үлдээд хичээл давтуулдаг байсан. Тэгээд би хичээлийн хоцрогдлоо нөхөөд 5-р ангиа төгсөхдөө ангийн тэргүүний сурагч болж байсан.

  • Оюутнуудад санал болгох ном дурдана уу.

Би цаг л гарвал ном уншдаг эсвэл сонсдог. Ямар ч хүнд ямар ч үед хэрэг болох ном гэвэл Стэнфордын их сургуулийн багш Kelly McGonigal-ийн бичсэн “The willpower instinct” гээд ном байдаг. Аливаа зүйлийг эхлүүлэхдээ яаж хийх, хэрхэн хүссэн хэмжээндээ хүрэх талаар бичсэн их урам зориг өгдөг шинжлэх ухааны талаас бичсэн ном. Мөн энэ зохиолчийн бичсэн “The upside of stress” номонд стресс юунд хэрэгтэй вэ гэдэг талаас нь тайлбарласан байдаг. 

Цаашлаад “The power of habit” буюу “Зуршлын хүч” гээд номонд хүн яаж зуршилтай болдог, үүнийгээ хэрхэн удирдаж, засч болохыг тайлбарласан байдаг. Ер нь хүн хуучин зуршлаа мартдаггүй, гэхдээ шинэ сайн зуршлаар орлуулах бүрэн боломжтой байдгийг харуулдаг ном. 

  • Үзэх дуртай киноныхоо талаар бидэнтэй хуваалцана уу.

Би адал явдалтай, хэрэг илрүүлдэг хэрнээ хүнд урам зориг өгдөг кино үзэх дуртай. Хамгийн сүүлд “911” гээд цагдаа, гал сөнөөгч нарын амьдралын талаар гардаг цуврал үзсэн. Хүний амийг аварч эрсдэл гаргадаг хэрнээ энэ ажлаараа бахархдаг хүмүүсийн талаар болохоор их таалагдсан. 

Тэгээд F.R.I.E.N.D.S үзэж англи хэлний ярианы чадвараа сайжруулсан болохоор их дуртай. Тууштай үзээд байхаар яриаг нь улам их ойлгоод, түүндээ урамшаад үзээд л баймаар санагддаг болчихдог.

  • Дуртай хамтлаг, дуучин, дууныхаа талаар ярина уу.

Надад таалагдах л юм бол бүх л улс орны, ямар ч төрлийн дууг сонсчихдог. Ойрын үед Camila Cabello-гийн “Romance” гээд албумыг их сонсож байгаа. Хичээл хийж төвлөрөх үедээ төгөлдөр хуурын ая сонсдог. Ер нь хамгийн дуртай дуучин гэвэл Camila Cabello, Shawn Mendes 2 юм уу даа. 

  • Ямар үед сэтгэлээр унаж, хэрхэн тайтгардаг вэ?

Би хичээл ном, хайр дурлалаас болж сэтгэлээр унадаггүй. Гарц үргэлж байдаг болохоор “би хийж чадна” гэсэн итгэлээр гуяа алгадаад л орчихдог. Харин гэр бүлийн хэн нэгэн нь өвдөх үед төвлөрөх чадваргүй болоод байдаг. Тийм үед 15 минутын бясалгал хийж тайтгардаг.

  • Дэлхий нийтээрээ сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах болсон байна. Та өөрийнхөө сэтгэлзүйг эрүүл байлгахын тулд юу хийдэг вэ?

Ном уншиж, эсвэл сонсож, түүнийгээ хэрэгжүүлэх дуртай. Ерөнхийдөө би бүх юманд хэтэрхий их анхаарал хандуулаад байдаг талтай. Энэ зангаа засахын тулд “The subtle art of not giving a fuck” буюу “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гээд номыг уншиж байсан. Энэ номны агуулга нь их содон, хараалын үг их ашигладаг (инээв). Энэ нөхцөл байдал миний хянаж чадах зүйл мөн үү, биш үү гэдгийг бодоход хүргэдэг. Тиймээс ч энэ номыг уншиж, сонсохдоо сэтгэлзүйгээ эрүүл байлгаж байна гэж боддог.

Ер нь сэтгэлзүйг эрүүл байлгах хамгийн чухал алхам бол хоббитой болох! Хүн дуртай зүйлээ хийж стрессээ тайлдаг, бухимдлаа гаргадаг, бас тайвширдаг. Миний хувьд гэвэл, би дэвтрэнд их дуртай. Гоё дэвтэрнүүд цуглуулаад тэрэн дээрээ бичиж тайтгардаг. Заримдаа хэтэрхий гоё дэвтэр авчихвал юм бичихээсээ ч хайрлаад байдаг. Харин биеийн хүчний хобби гэвэл балетад явж үзээд их таалагдсан. Карентин дуусахаар үргэлжлүүлээд хичээллэнэ гэж бодож байгаа даа.

  • Карентиний үеэр өөрчлөгдсөн амьдралын хэв маяг байна уу?

Би уг нь дандаа өглөө 5 цагт босдог. Карентиний үеэр 7 цагт босоод байгаа нь хамгийн том өөрчлөлт байна даа. 7 цагт босохоор өдөр хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байгаа.

  • Өөрөө их эртэч бололтой.

Манайх угаасаа их эртэч айл. Гэхдээ өглөө эрт босох нь чухал ч гэлээ хамгийн чухал зүйл бол нойр шүү дээ. Шөнө 1 цагт унтаад өглөө 5 цагт босвол бүтээмж буурч, эрч хүчгүй болно. Хүн 7-8 цагийн нойроо бүтэн авч байж л өглөө 5 цагт босч, эрүүл дадалтай болно л доо. Өглөө босохын давуу тал нь сатаарах зүйлгүй, бас их чимээгүй байдаг. Энэ үед өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргах боломжтой. 

  • Яагаад эдийн засагч мэргэжлийг сонгосон бэ?

Би арван жилд байхдаа нэг бол дуучин, эсвэл эдийн засагч болно гэж боддог байсан. Математик, нийгмийн хичээлдээ их дуртай, тэр тусмаа нийгмийн хичээл дээр “хүний хязгааргүй хүслийг хязгаарлагдмал нөөцөөр хангахыг эдийн засаг гэнэ” гэсэн үг их таалагддаг байсан. Манай гэрийнхэн эдийн засаг, санхүүгийн хүмүүс байдаг болохоор эдийн засагч болохоор шийдсэн. Гэхдээ эхлээд 1 жил сураад болохооргүй бол өөр мэргэжил сонгоно гэж бодож байсан юм. Тэгээд 1-р курсэд байхдаа микроэкономиксийн хичээл бусад хичээлүүдээс илүү challenge шиг байсан учраас таалагдаад эдийн засагчаараа үргэлжлүүлэн сурахаар шийдсэн дээ.

  • Яагаад СЭЗИС-ийн эдийн засгийг сонгосон бэ?

Би арван жилд байхдаа СЭЗИС-ийн олимпиадуудад оролцдог байсан. Тийм болохоор илүү дотно санагдаг байсан байх. Бас манай ах, эгч 2 СЭЗИС-ийг төгссөн, Батсүх багшийг байнга магтдаг байсан болохоор СЭЗИС-ийг сонгосон. Хэдийгээр МУИС-аас төлбөрийн хувьд өндөр ч гэлээ онц сураад ректорын нэрэмжит тэтгэлэг авна гэж зориод орсон доо.

  • Мэргэжил сонголтдоо эргэлзэж байсан уу?

Би ёстой эргэлзэж байгаагүй гэдгээ бахархалтайгаар хэлнэ. Оюутан байх хугацааны 4 жил, ажил хийсэн 3 жилийн хугацаанд “ингэдэг байж дээ” гэсэн бодол нэг ч удаа толгойд орж ирж байгаагүй.

  • Таныг ЭЗО-г хамгийн өндөр голчтой төгссөн гэж сонссон. Та суралцах арга барилынхаа талаар хуваалцана уу?
  1. Хамгийн түрүүнд өөрөө бүгдийг хийж үзэх! Өөрөө номоо сайн уншина, өөрөө интернэтээс хайна, өөрөө оролдож үзнэ. Хүмүүс хамгийн эхэнд хүнээс асуугаад байдаг. Ойлгохгүй байгаа зүйл гарсан л бол эхлээд өөрөө маш их эрэл хайгуул хийж, нэг бодлого байсан ч өөрөө бодож үзэх хэрэгтэй. Тэгвэл ямар ч зүйл өөрт чинь тогтдог. Хамгийн эцсийн сонголт нь “хүнээс асуух” байх хэрэгтэй гэж боддог. 
  2. Хүнд зааж өгнө гэсэн сэтгэлээр хичээлээ сурах! Тэгээд хэн нэгэнд тэр сурсан зүйлээ зааж өгвөл өөрт чинь их зүйл үлддэг. Хэн хэндээ ашигтай арга барил гэж ойлгож болно. Бусдыг өрсөлдөгч гэж харахаас илүүтэйгээр хамтын сэтгэлтэй байх хэрэгтэй. Би чадахгүй бол чи надад зааж өгнө, чи чадахгүй бол би чамд зааж өгнө гэсэн сэтгэлээр хамтын уур амьсгалыг бүрдүүлэх нь дээр санагддаг.
  3. Цагийн менежмент сайн хийх! Би оюутан байхдаа нэг ч удаа нойргүй хонож үзээгүй. Юуны түрүүнд хичээлийн цаг дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн цагуудыг хэмнэж, хийх зүйлээ амжуулж чаддаг. Тэгээд байнгын хичээлээ хийгээд л байх биш дундуур нь амралтын цаг гаргах нь чухал. Харин хичээлээ хийгээд суусан л бол үүндээ өөрийгөө бүрэн зориулах нь үр дүнтэй. Бүтээмж ч нэмэгдэж, цаг ч хэмнэгддэг.
  • Оюутан насны тань хамгийн гоё дурсамж юу байсан бэ?

Манай ангийнхан коллектив сайтай байсан. Орой болтол хичээлээ давтана, нэгнийдээ хонож эрдэм шинжилгээний хуралд бэлддэг байсан. “Эрдмийн шувуу” гээд ШУТИС-ийн ЭШХ-д 3-р курсдээ найзтайгаа хамт ороод 10 байрнаас 9-д орж байсан. 4-р курсэд байхдаа дахин оролцоод 1-р байранд ороход их гоё байсан. Бас Эконометрикийн олимпиадад 3-р курсдээ ороод шилдэг 7 багт үлдсэн ч гэсэн 5-р байранд орж байсан. Тэгээд төгсөх курстээ дахиж ороод 1-р байранд орсон. Найзуудтайгаа хамтдаа хөдөлмөрлөөд, үр шимийг нь хүртэх үнэхээр сайхан, бас сэтгэлд дотно байдаг даа.

  • ЭШХ-д оролцоход юу юунд анхаарах хэрэгтэй вэ?
  1. Хамгийн чухал зүйл нь санаа! Хэчнээн мундаг эконометрикийн аргазүй ашиглалаа гээд ямар нэгэн чухал санаагүй бол онц биш. Улиг болсон сэдвээр судалгаа хийсэн ч өмнө нь судлагдсан зүйлсээс юугаараа илүү онцлог бөгөөд шинэлэг болохыг тусгаж өгөх хэрэгтэй. 
  2. Оршил болон дүгнэлтээ сайн бичих! Шүүгчид нь завгүй хүмүүс байдаг болохоор гол санааг чинь ойлгохын тулд оршил, дүгнэлтийг л анхааралтай уншдаг. 
  3. Зөв үед нь зөв арга хэрэгслээ ашиглах! Сэдэвдээ тохирсон зөв эконометрикийн аргазүй ашигласнаар судалгаа чинь сайн болдог. Тэрнээс биш ялааг их буугаар буудаж байгаа юм шиг оновчгүй аргазүй ашиглаж болохгүй.
  • Оюутан байх хугацаандаа зайлшгүй өөрийн болгох ёстой чадвар юу вэ?

Ямар ч зүйлийг сэтгэлээсээ л хийдэг байх хэрэгтэй. Хийж л байгаа бол чи юм сурч байгаа л гэсэн үг. Хэнээс ч хуулдаггүй, өөрийгөө хуурдаггүй байх нь чухал. Дараа нь ажлын байран дээр гарахад чадахгүй, мэдэхгүй зүйл зөндөө тохиолддог. Тэр үед эрэл хайгуул хийж, хүнээс ичиж зоволгүйгээр асууж, сэтгэлээсээ оролдоод байвал бүтдэг. Тэрнээс биш оюутан байхад заавал эзэмших ёстой, ажлын байранд заавал хэрэг болдог гэсэн онцгой ур чадвар байдаггүй. Өөрөө л оролдож үздэг, уйгагүй байх хэрэгтэй. Нэмж зөвлөхөд, edX, IMF дээр төрөл бүрийн сургалтууд байдаг. Тэднийг үзээд өөрийгөө хөгжүүлэхэд гэмгүй шүү.

  • Эдийн засагч мэргэжлийн хувьд бусад мэргэжлээс ялгарах онцлогийг юу гэж боддог вэ?

Эдийн засагч хүн нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахын тулд хичээдэг. Хүний хувьсаж байдаг зан төлөвийг математик загвар луу оруулаад, таамаглал дэвшүүлж, шийдвэр гаргалтад ашигладаг нь маш сонирхолтой. 

  • Төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн магистртаа сурсан нь дээр үү, эсвэл ажилласан нь дээр үү?

100 хувь өөртөө итгэлтэй болсон хойноо магистртаа сурсан нь дээр гэж зөвлөх байна. Миний хувьд эхлээд ажилласан нь дээр гэж боддог. Ажлын байран дээр эдийн засгийн загварын талаар илүү ойлголттой болж, практикт яаж ажилладгийг мэдэж авдаг. Тэгээд онолын мэдлэгээ бодит байдал дээр ашигласныхаа дараа илүү мэргэшиж сурсан нь дээр юм уу гэж харсан.

  • Эдийн засгийн мэргэжилтэй хосолж болохуйц мэргэжлүүдийг дурдана уу?

Data science их сонирхолтой. Big data-ны талаар мэдээлэл ихтэй “Everybody lies” гээд ном уншихыг санал болгож байна. Бас сэтгэл судлал болон эдийн засгийн хослол дээр хөгжиж байгаа зан төлөвийн экономикс (behavioral economics)-ийн чиглэл их зүгээр санагддаг. Хүн яагаад сонголт хийдгийг судалдгаараа ач холбогдол өндөртэй. Тэгээд мэдээж хамгийн чухал нь өөрийнхөө дуртай салбараа л сонгож үргэжлүүлэн сурч, ажиллах хэрэгтэй. Туйлын төгс хосолдог мэргэжлүүд гэж байхгүй болохоор өөрийнхөө сонирхож байгаа салбараа л сонгох хэрэгтэй гэж зөвлөх байна.

  • Эдийн засгийн мэргэжлийг илүүдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Гэтэл бодит байдал дээр эдийн засагч хүн их цөөн байдаг. Та өөрийн байр сууриа илэрхийлэнэ үү?

Санхүүч, нябо гээд бүх л хүнийг эдийн засагч гэж бодоод байдаг юм шиг санагддаг. Мэдээллийн ялгаатай байдлаас болоод тэгж боддог байх. Бид нар тэр бодлыг өөрчилж чадах хүмүүс. Эргэн тойрныхондоо мэргэжлүүдийн ялгааг хэлж, зөв бодлыг эерэгээр түгээх хэрэгтэй.

  • Голч дүн ажилд ороход хэр их нөлөөтэй вэ? Зарим хүмүүс голч чухал биш, чадвар чухал гэж ярьдаг. Зарим хүн голч өндөртэй байж л сайн ажлын байртай болно гэдэг. Таны бодол?

Голч дүн ажилд ороход мэдээж нөлөөтэй. Голч зүгээр нэг дүн биш, харин 4 жилийн хугацаанд хэр их хичээл зүтгэл гаргаж, ямар хандлагаар сурсан бэ гэдгийг илэрхийлдэг зүйл. Гэхдээ мэдээж ажил олгогчид харьцуулалт хийдэг. Чанаргүй сургуулийн 4.0, чанартай сургуулийн 3.2 голчийн хооронд маш их зөрүү байгаа гэдгийг хүн бүр л мэддэг учраас харьцуулалт хийж байж ажилд авдаг. 

Голч дүнгээс гадна ажил олгогчдын чамайг үнэлэх олон шалгуур байгаа. Чи тэнцэхийн тулд ур чадварын шалгалтыг нь сайн өгөх, CV-гээ сайн бичих, туршилтын 1 сарын хугацаанд хандлагаа зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. 

  • Монголбанкинд ажилласны давуу тал юу вэ?

Өөр газарт ажиллаж үзээгүй болохоор бусад байгууллагатай харьцуулагдах давуу талыг нь сайн мэдэхгүй байна. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл, хэрэгжүүлэх арга зам зэрэг макро түвшний асуудлыг судалж, өргөн хүрээний ойлголттой болдог нь хамгийн том давуу тал байх. 

Бас нэгэн давуу тал нь хүмүүсийн хандлага болон уур амьсгал. Бүгд гадаад, дотоодын мундаг их сургуулиуд төгсчихсөн, цаашид өсч дэвших хүсэлтэй хүмүүс байдаг болохоор илүү их урамшиж, тэднээс үлгэр дуурайлал авдаг. 

  • Ажлын байранд харилцааны тал дээр анхаарах зүйл юу байдаг вэ?

Бусдыг сайн сонсдог байх хэрэгтэй. Тухайн хүн буруу зүйл ярьж байсан ч эхлээд үзэл бодлыг нь маш сайн сонсоод, дараа нь өөрийнхөө үзэл бодлыг хэлэх нь зөв. Зарим хүмүүс шууд яриа таслаад өөрийнхөө үзлийг тулгаад байдаг нь ажлын байрны уур амьсгалыг таагүй болгоод байдаг. 

  • Монголбанкинд ажилд орох хүсэлтэй олон хүүхэд байдаг. Юу юун дээр анхаарах ёстойг хэлж өгөөч.

Юуны түрүүнд Монголбанкийг сонгоорой гэж уриалъя. 

Монголбанкинд ажиллахын тулд эхлээд шалгалт өгч, дараа нь ярилцлагад ордог.  Мэдээж хэрэг шалгалтан дээрээ 1-р байранд орвол маш том давуу тал болно. Хэлтэс хэлтсээс шалтгаалаад шалгалтууд нь өөр байдаг. Миний хувьд санхүүгийн хэлтэст ажилд орохын тулд макро эдийн засаг, эконометрик, статистик, санхүү, англи хэл зэрэг шалгалтууд өгч, мөн эсээ бичиж байсан. Англиас Монгол руу, Монголоос Англи руу орчуулах шалгалт өгч, мөн “Яагаад Монголбанкинд орох хүсэлтэй байгаа” талаараа эсээ бичиж байсан. Хэдийгээр гадаад хэлний мэдлэг сайн байсан ч Монголоор сайн бичдэг байх нь Монголбанкны хувьд маш чухал. Хамгийн гол нь товч тодорхой эсээ бичиж, түүгээрээ хэлэх гэсэн санаагаа бүрэн гүйцэд илэрхийлдэг байх хэрэгтэй. 

Шалгалтад эхний 5 юм уу 6-д орсон хүүхдүүдийг дараагийн шатны ярилцлагад дууддаг. Ярилцлагад орохдоо чин сэтгэлээсээ хариулах хэрэгтэй. Зарим хүмүүс ярилцлагад маш их бэлдээд, асуулт асуухад шууд цээжилсэн хариултаа хэлээд уначихдаг. Тэрний оронд өөрийнхөөрөө хариулвал ажил олгогчдод таалагддаг гэж боддог. Бас Монголбанкинд тогтвор суурьшилтай ажиллах эсэхийг асууж байж ажилд авдаг. Тиймээс Монголбанкинд ажилд оръё гэж бодож байвал дор хаяж 2 жил ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаарай гэж хэлэх байна.

  • Та алсын харааныхаа талаар бидэнтэй хуваалцана уу?

Мэргэжлийн хувьд эдийн засгаараа PhD хамгаална. Ажлын хувьд хэн нэгэнд хэрэгтэй судалгаа хийх юмсан гэж хүсдэг. Хүн ер нь том зүйлийг мөрөөдөж, түүнийхээ төлөө тасралтгүй хичээдэг байх ёстой шүү дээ.

  • 21-р зуунд нийцсэн орчин үеийн эдийн засагч хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?

1950,60-аад онтой харьцуулахад одоогийн нийгэм хүнээс их зүйлийг шаардах болсон. Тиймээс заавал эдийн засагч гэлгүй, орчин үеийн мэргэжилтэн хүн тал талын мэдлэгтэй, өөрийгөө сорьсон, асуудлыг олон талаас хардаг хүн байх хэрэгтэй гэж боддог. 

  • Та өөрөө алдаж байсан, гэхдээ доод үеийнхнээ алдааг минь битгий давтаасай гэж хүсдэг тийм зүйл байдаг уу?

Ажлын байран дээр гарахад бичих чадвар их хэрэг болдог. Би оюутан байхдаа бие даалтыг дор хаяж 40, 50 хуудас хийж, маш дэлгэрэнгүй бичдэг байсан. Гэхдээ миний бичсэн зүйлийг уншиж байгаа хүний цаг хомс учраас аливаа зүйлийг бичихдээ товч бөгөөд тодорхой байлгах хэрэгтэй шүү дээ. Тодорхойгоос гадна товч бичнэ гэдэг бол их чадвар шаардсан асуудал байдаг. Тиймээс бичгийн чадвараа сайжруулаарай гэж зөвлөх байна. 

Бас маш олон зүйлийг зэрэг амжуулах гэж улайрах хэрэггүй байдаг. Ажлын байранд олон хүн нэг дор их даалгавар өгдөг. Тэр үед хийх зүйлсээ эрэмбэлээд хугацаа нь тулсан, яаралтай ажлаас эхлээд хурдан хурдан хийгээд явах нь ачааллыг бууруулдаг. Ер нь ямар ч ажил байсан гэсэн “би энэ хугацаанд юуг хийж амжуулж чадах вэ” гэдгийг бодитойгоор тооцоолж, түүндээ хүрдэг байх хэрэгтэй. 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.