ЗҮҮДНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТОО ТЭЛЦГЭЭЕ.

Хүн амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрүүлдэг ба унтаж байх явцад бидэнд тохиолддог гайхалтай нэгэн үйл явц бол зүүд юм. Зүүдэндээ зарим хүмүүс өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрдэг бол, зарим нь бүр зүүднийхээ ачаар ирээдүйд тохиолдох зарим зүйлсийг мэддэг. Тэгэхээр зүүд бол таамаглашгүй бөгөөд бүх хүн тодорхой хэмжээгээр зүүдэлдэг байна. Хэдийгээр зүүдний талаар баттай мэдээлэл одоогоор гараагүй ч, судалгаа шинжилгээ хийгдсээр л байгаа бөгөөд олон эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаанд үндэслэн хэд хэдэн зүүдний талаарх ойлголтуудыг нээн илрүүлжээ.

Хүн бүр олон төрлөөр зүүдэлдэг, тухайлбал, хар дарсан зүүд, сайхан аз жаргалтай зүүд гэх мэт. Гэхдээ зүүд нь нийт 50 гаруй төрөл, шинж чанартай гэж судлаачид тогтоосноос бидэнд хамгийн их тохиолддог, нийтлэг 7 төрлийг авч үзье.
Release dreams буюу чөлөөт зүүд:
Ямар ч утга агуулгагүй зүүд. Бид өдрийн турш өөрсдийн оюун ухаан, сэтгэл санаа, бодол, үйл хөдлөл зэргээс цуглуулсан мэдээллийг ялган шүүж хэрэгцээгүй хэсгийг нь энэ зүүдээр гаргаж хаядаг юм. Ерөнхийдөө таний тархи танд эдгээр зүйлсийг бодоод хэрэггүй гэдгийг сануулж байгаа юм.
Message dreams буюу мессэж зүүд:
Танд чухал мэдээллийг ямар нэг зүйлээр дамжуулж хэлэх гэж байгаа зүүд. Энэ зүүд нь олон дахин давтагдах шинжтэй бөгөөд та аль болох санах гэж хичээгээрэй!
Precognitive dreams буюу таамаглалт зүүд:
Таныг унтаж байх үед эсвэл ойрын ирээдүйд тохиолдож болох үйл явдлуудыг харуулдаг. Ирээдүйн таамаглалт мэдээллийг өгдөг зүүд.
Lucid dream буюу ухамсарт зүүд:
Хэрэв та энэ зүүдийг зүүдэлвэл өөрийгөө зүүдэлж буйгаа мэдэн тухайн зүүдээ удирдах боломжтой болдог. Гэхдээ энэ нь маш ховор зүүд бөгөөд хэрэв зүүдлэхийг хүсч байвал дасгал, сургуулилт хэрэгтэй.
Visitation dreams буюу элч зүүд:
Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь элбэг бөгөөд энэ үед та амар амгалан, хайрын тухай мэдрэнэ. Заримдаа танд ямар нэг зүйл сануулах гэж үздэг нууцлаг төрлийн зүүд. Хүмүүс энэ төрлийн зүүдэнд хамгийн их итгэдэг.
Wish dreams буюу мөрөөдлийн зүүд:
Мэдээж cэрүүн үед хүсдэг зүйлсээ энэ зүүдээр дамжуулан харна.

Nightmares буюу хар дарсан зүүд:
Та бидний хамгийн хүсдэггүй зүүд болох хар дарсан зүүд нь стресс, санаа зовнил ихсэх үед тохиолдхоос гадна тархи энгийн үеийн аюул осолд бэлддэг. Угтаа бол энэ зүүд нь тийм ч муу биш бөгөөд зарим сайн талуудтай юм. Тэдгээрээс дурьдахад:
• Тархи сэргэг болдог
• Аюулаас сэргийлдэг
• Стрессээс ангижруулна

Унтсан үед тархи таны хийсвэр айдсыг авдаг. Энэ үйл явц нь хар дарсан зүүд болж хувирдаг гэж энгийнээр ойлгож болно.

Үргэлжүүлээд одоогийн байдлаар эрдэмтэн судлаачид зүүдийг шинжлэх ухаанаар хэрхэн тайлбарласнийг хамтдаа сонирхвол, 1899 онд “Зүүдний тайлал” хэмээх номондоо Сигмунд Фреуд зүүдийг хүмүүний далд сэтгэхүйд буй нууцхан хүсэл хэмээн тайлбарласан байдаг ч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өнөөх үзэл няцаагдаж өдгөө бидний мэдэх “Зүүд” – ний ойлголтууд бий болжээ.1950 онд Чикагогийн их сургуулийн профессорууд болох Юджин Асерински, Натаниэл Клейтман нар анх удаа EEG машиныг ашиглан унтаж байх үед хүний тархинд юу болдог талаар судалжээ. Энэхүү ажиглалтаас REM болон NON REM гэх нэр томъёо төрөн гарч хүний нойрсох бүхий л үйл явц энэхүү хоёр шатыг дамжин, эргэлддэг гэх дүгнэлт гарсан юм. REM буюу нүдний хурдан хөдөлгөөн хэмээн орчуулагдаж буй нойрны үе шатанд хүмүүс ихэвчлэн зүүд зүүдэлдэг бөгөөд тухайн үедээ ямар ч учир утгагүй, холбоо хамааралгүй зүүд зүүдлэхээс гадна ихэнхдээ тус зүүдээ санадаг байна. Мөн зарим хүмүүс унтаж амрах нь хүний биед ямар чухал талаар маш сайн мэддэг хэрнээ зүүдний тухайд тийм ч таатай хүлээн авдаггүй. Гэсэн хэдий ч зүүд нь сэрүүн тархины олж илрүүлэхэд хэцүү аливаа зүйлсийн холбоос, хэв маягийг олоход тусалж
бидний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж өгдөг байна.

Бид дээрх хэсгүүдэд зүүдний төрөл болон зүүдний талаарх шинжлэх ухааны тайлбаруудыг авч үзсэн бол, одоо “Хүмүүс яагаад зүүдэлдэг вэ?” гэдэг асуултын хариултыг олъё. Энэхүү асуултад одоо болтол тогтсон хариултыг олж чадаагүй ч олон эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаа хийсний үндсэнд тодорхой онолуудыг бий болгосон байдаг.
Психоанализ буюу сэтгэл задралын онол: Зүүд судлалын загалмайлсан эцэг гэгдэх Зигмунд Фрейдын боловсруулсан онол ба энэхүү онолд зүүдийг өөрт хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн өмнөх өдрүүдийн үйл явдлын цогц гэж тайлбарласан байдаг.
Идэвхжүүлсэн синтезийн онол: 1977 онд бий болсон “Нейробиологийн онол”-ын энэхүү онол нь харьцангуй шинжлэх ухаанд суурилсан ба “Тархи нь унтаж байхад илүү их ажиллаж, мэдээллүүдийг боловсруулдаг бөгөөд энэ үед үзүүлэх биологийн хариу үйлдэл нь зүүдлэхэд хүргэдэг” гэж үздэг. Зохицолгооны онол: Дээрх хэсэгт дурдсанчлан REM үйл явцад тулгуурлан бий болсон энэ онол нь хүн “REM” нойрны үе буюу зүүдлэх үе шатыг алгаснаар, маргааш орой нь унтахдаа “REM” нойрны шатанд илүү их хугацааг өнгөрүүлж, илүү удаан, тод зүүдэлдэг гэсэн ойлголтыг агуулдаг.
Аюул өдөөгч онол: Өмнөх хоёр онолоос ялгаатай нь хүмүүсийн үзэл бодол, зүй тогтол дээр үндэслэсэн онол ба зүүд нь биднийг айдас, аюулд бэлтгэдэг нэгэн хэрэглүүр хэмээн үздэг онол юм. Нэг ёсондоо зүүд бол бидэнд ирж байгаа дохио гэж ойлгож болохыг энэхүү онолоор баталдаг билээ.
Ихэнх тохиолдолд хүмүүс тодорхой хэмжээгээр зүүдэлдэг боловч заримдаа зүүдлэхгүй байх үе тохиолддог. Тэгвэл яагаад зүүдлэхгүй байгаагийн шалтгаан нь REM үйл явцтай холбоотой. REM нойрны үе буюу зүүдлэх үе шатыг удаа дараа алгассаны улмаас зүүдлэхгүй байх нөхцөл бүрддэг гэж үздэг, нөгөөтэйгүүр зарим судалгаануудад таргалалт, болон мансуурах бодисны хэрэглээ нь зүүдлэхгүй байх шалтгаан болдог хэмээн дурдсан байдаг.
Уг чанартаа зүүд нь стрессийн дааварт нөлөөлж, бухимдлыг багасгадаг бөгөөд тухайн хүний сэтгэл санааг тайтгаруулдаг гэтэл эсрэгээрээ зүүдлэхгүй байх нь сэтгэл санааг тогтворгүй болгож, стресст оруулдаг. Цаашлаад удаан зүүдлэхгүй байвал хүний сэтгэл санаанд ихээр нөлөөлж, сэтгэцийн эмгэгтэй болох аюултай. Зүүд бол зайлшгүй хүний амьдралд байх ёстой зүйл бөгөөд одоог хүртэл зүүдлэх үйл явцын талаар тогтсон, баттай мэдээлэл гараагүй нууцлагдмал хэвээр байна.