Сонгодог эдийн засаг гэж юу вэ?

Сонгодог эдийн засаг гэдэг нь 18-19-р зуунд эдийн засгийн чиг хандлагыг давамгайлж байсан сургууль юм. Дийлэнх эрдэмтэд Шотланд улсын эдийн засагч Адам Смитийг сонгодог эдийн засгийн сургуулийн өвөг дээдэс гэдэг. Гэсэн хэдий ч Испанийн Схоластикууд болон Францын физиократын хүмүүс урьд өмнө нь тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Гол санаа:

  • Сонгодог сургуулийн эдийн засгийн онол нь улс орнуудыг цөөнхийн засаглалаас
    капиталист ардчилсан засаглалд шилжихэд тусалсан.
  • Адам Смит 1776 онд “Үндэстний Баялаг”-ийг гаргасан нь сонгодог эдийн засгийн
    хөгжилд томоохон хувь нэмэр оруулжээ.
  • Төрийн оролцоог эрс үгүйсгэдэг бөгөөд зах зээл үл үзэгдэх гарын тусламжтайгаар
    байнга тэнцвэржиж байдаг.
  • Сонгодог эдийн засгийн онолын байр суурийг сүүлд нь төрийн оролцоог дэмжсэн
    Кейнсийн сургуулийн эдийн засгийн санаагаар сольсон юм.

Сонгодог сургуулийн эдийн засгийн тухай ойлголт:
Өөрөө өөрийгөө зохицуулдаг ардчилал ба капиталист зах зээлийн хөгжил нь сонгодог эдийн засгийн хөрс болж байв. Сонгодог эдийн засгийн сэргэн мандалтын өмнө ихэнх үндэстнүүд доороос дээшээ чиглэсэн босоо монарх улс төрийн тогтолцоотой байв. Аажмаар сонгодог сургуулийн онол нь эдийн засаг болон улс төрийн чөлөөт байдалтай нягт холбоотой болж хөгжжээ.

Сонгодог эдийн засгийн хөгжил
Сонгодог эдийн засгийн онол нь аж үйлдвэрийн хувьсгал болон барууны капитализмын дараа боловсруулагдсан ба сонгодог эдийн засагчид капитализмын үйл ажиллагааг тайлбарлах оролдлогуудыг хийдэг байжээ. Хамгийн анхны сонгодог эдийн засагчид төрийн эдийн засгийг үгүйсгэсэн эрэлт нийлүүлэлтийн онолыг боловсруулж байв. Зах зээл дэх төрийн оролцоог үгүйсгэсэн чөлөөт зах зээлийн стратеги нь “Лайсез Фейр (Laissez Faire)” буюу “чөлөөтэй байлгах” гэх нэрээр олонд танигдсан.
Сонгодог сэтгэгчид өөрсдийн итгэл үнэмшил, зах зээлийн талаарх ойлголтоо бүрэн нэгтгэж чадаагүй ч ихэнх сонгодог бүтээлүүдэд нийтлэг санаа агуулагдаж байсан. Ихэнх сонгодгууд чөлөөт худалдаа болон ажилчид, пүүсүүд дунд дахь өрсөлдөөнийг чухалчлан авч үздэг байв. Сонгодог эдийн засагчид анги дээр суурилсан нийгмийн бүтцийг халж, эдийн засаг болон улс төрийн эрх мэдлийг авьяас чадвар, амжилттай сэхээтэн хүмүүст даалгасан меритокраци руу шилжихийг хүсэмжилж байв.

Сонгодог эдийн засгийн уналт

Адам Смитийн сонгодог эдийн засаг нь 1880 ба 1890-ээд онуудад хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байсан ч гол цөм нь хэвээр үлдсэн юм. Энэ хугацааны агшинд сонгодог эдийн засгийн онолыг сорьсон Германий философич Карл Марксийн бүтээлүүд гарч ирж, сонгодог эдийн засгийн бодлогын зааврыг эрс эсэргүүцэв.

Сонгодог эдийн засагт илүү хүчтэй сорилт гарч ирсэн нь 1930-1940 онд бичсэн Британи математикч Жон Мейнард Кейнсийн бүтээлүүд байв. Кейнс нь Томас Мальтус ба Алфред Маршалл нарын шавь байсан бөгөөд зөнд нь хаясан чөлөөт эдийн засаг хэрэглээний хомс байдалд хүргэдэг гэж үзсэн. Хэрэглээний хомс байдал нь эдийн засгийн уналтын шалтгаан болж, уг зогсонги байдал нь нийлүүлэгчийн үйлдвэрлэсэн хэмжээтэй харьцуулахад хэрэглэгчийн хангалтгүй эрэлтээс үүсдэг гэж Кейнс үзэж байв. Эдийн засаг дахь төрийн оролцоог дэмжиж байсан нь Кейнсийг Америк болон Британийн улс төрчдийн дунд нэр хүндтэй болгосон. Их хямралын дараа Кейнсизм нь дэлхий дахины стандарт болж сонгодог онолын байр суурийг эзэлж давамгай болжээ.

Дэлхий дахин дахь жишээ
Адам Смитийн 1776 онд гаргасан “Үндэстний баялаг” ном нь сонгодог эдийн засгийн ач холбогдлыг онцолж, орчин үеийн макроэкономиксийн хөгжлийн суурийг тавьсан. Түүний чөлөөт эдийн засаг болон “үл үзэгдэгч гар”-ын ойлголтод үндэслэсэн онол нь эрэлт, нийлүүлэлтийн эхэн үеийн тайлбар болж байв. Энэхүү онол нь эрэлт болон нийлүүлэлтийн талын өрсөлдөөн нь зах зээлийг байнга тэнцвэр лүү хөтөлдөг гэж үздэг. Смитийн судалгаа нь дотоод ба гадаад худалдааны хөгжил болон эрэлт нийлүүлэлтэд суурилсан үр ашигтай, рационал үнэ тогтооход тусалдаг.

Ашигласан материал
Adamsmith. (2021, April 21). The Wealth of Nations. Retrieved from Adamsmith:
https://www.adamsmith.org/the-wealth-of-nations
Britannica. (2021, March 2). Laissez-faire. Retrieved from Britannica:
https://www.britannica.com/topic/laissez-faire
Investopedia. (2020, November 25). Classical Economics. Retrieved from Investopedia:
https://www.investopedia.com/terms/c/classicaleconomics.asp
Wikipedia. (2021, February 21). Classical Economics. Retrieved from Wikipedia:
https://en.wikipedia.org/wiki/Classical_economics