Эдийн засгийн ухаан нь зөвхөн мөнгө л судалдаг, эсвэл нягтлан бодол бүртгэл байх гэж ярих хүмүүстэй цөөнгүй тааралдана. Гэвч үнэн хэрэгтээ бол ховор хомс байдалтай тулгарсан хувь хүн, бизнес, төр засаг хийгээд нийгэм ямар сонголт хийж байгааг болон уг сонголтод нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар судалдаг нийгмийн шинжлэх ухааныг эдийн засгийн ухаан гэдэг.  Хүн төрөлхтний материаллаг хэрэглээ, тэдгээрийг олж авах гэсэн хүсэл хэзээ ч барагдашгүй байхад, жингийн нөгөө талд орших дэлхий ертөнц хязгаарлагдмал нөөцтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин энэхүү хязгааргүй их хэрэгцээг хэрхэн хязгаарлагдмал нөөцөөр хангах вэ? гэдгийг эдийн засгийн ухаан шийдэж өгнө. Үүний тулд Юуг? Яаж? Хэнд? гэсэн асуултуудтай нүүр тулна.

Юуг?   Бүтээгдэхүүн, үйлчилгээг…

Яаж?   Эдийн засгийн 4 нөөцийг ашиглан…

  • Газар
  • Хөдөлмөр
  • Капитал
  • Аж ахуй эрхлэх ур чадвар

Хэнд? Эдийн засгийн нөөцтэй хүн л орлоготой байдаг ба орлоготой хүн л худалдан авалт хийдэг.

Ийнхүү эдийн засгийн ухаан нь нийгмийг бүхэлд нь хамруулан судалдаг тул дотроо олон салбартай байх бөгөөд бидний сайн мэдэхээр макро эдийн засаг болон микро эдийн засаг гэж үндсэн 2 төрөлд хуваагддаг.