Хуучинсаг Кейнсийн эдийн засаг гэж юу вэ?

Кейнсийн эдийн засаг нь эдийн засаг дахь нийт зардал ба түүний гарц, ажил эрхлэлт, инфляцид үзүүлэх нөлөөг судалдаг макро эдийн засгийн онол юм. Кейнсийн эдийн засгийг Их Британийн эдийн засагч Жон Мейнард Кейнс 1930-аад оны үед Их хямралыг ойлгох зорилгоор боловсруулсан.

Харин 1950-иад оны дунд үед Самуэльсон маргаан зогссоныг зарласан бөгөөд тэрээр Америкийн эдийн засагчдын 90 хувь нь өөрийгөө Кейнсийг дэмжигч эсвэл эсэргүүцэгч гэж үзэхээс татгалзан, шинэ сонгодог макроэкономикс, кейнсийн макроэкономиксийг нэгтгэсэн “неоклассик нэгдэл”-ийг дагах боллоо гэв. Неоклассик загвар нь микро эдийн засгийн асуудлууд болон урт хугацааны өсөлтийн шинжилгээг чухалчлан авч үзсэн бол хуучинсаг Кейнсийн макроэкономикс нь богино хугацааны ерөнхий нийлмэл үзэгдлүүдийг шинжлэхэд голлон төвлөрч байв.

Гол санаа:

  1. Эдийн засаг угаасаа тогтворгүй бөгөөд санамсаргүй гэнэтийн өөрчлөлтөд байнга өртөж байдаг. Ийм гэнэтийн өөрчлөлт бизнесийн ирээдүйдээ итгэх итгэлийг өөрчлөх буюу Кейнсийн үзсэнчлэн, хөрөнгө оруулагчдын “зөн
    билэг” –ийг өөрчилснөөр гол нөлөө үзүүлдэг.
  2. Зөнд нь орхисон эдийн засаг ямар нэг өөрчлөлтөд өртсөнийхөө дараа бүрэн ажил эрхлэлтийн түвшиндээ эргэж очихын тулд нэлээд урт хугацаа шаардана. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өөрөө аяндаа тийм ч хурдан
    тэнцвэрждэггүй.
  3. Ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн гарцын нийт түвшин үндсэндээ нийт эрэлтээр тодорхойлогдох ба бүрэн ажил эрхлэлтийг түргэн сэргээхийн тулд эрх баригчид “үр нөлөөтэй” нийт эрэлтийн түвшинд нөлөөлөх замаар
    зах зээлд оролцох боломжтой..
  4. Ерөнхийдөө сангийн бодлогыг мөнгөний бодлогоос илүүтэйгээр тогтворжуулах бодлогын хөтлөгч гэж үздэг. Учир нь сангийн бодлогын арга хэмжээ мөнгөний бодлоготой харьцуулахад нийт эрэлтэд шууд, урьдчилан таамаглаж болохуйц хурдтай нөлөөлдөг.
  5. Үржүүлэгчийн талаарх ойлголтыг оруулсан.
  6. “Хуримтлал нь хөрөнгө оруулалтын шалтгаан” гэсэн Сейгийн хуулийг няцааж, “хөрөнгө оруулалт нь хуримтлалын шалтгаан” болох Кейнсийн хуулийг оруулсан.
  7. Бизнесийн мөчлөгийг нийлмэл эрэлт тодорхойлдог гэж үзсэн.

Кейнсийн эдийн засгийн тухай ойлголт

Шинэ болон хуучин Кейнсчүүд аль аль нь дараах гурван таамаглалыг дэмждэг. Үүнд:

  1. Зарим хугацаанд, ихэвчлэн урт хугацаанд хөдөлмөрийн илүүдэл нийлүүлэлт нь бодит цалингийн давамгайлсан түвшинд оршдог.
  2. Эдийн засгийн үйл ажиллагааны нийт түвшин хүчин чадлын ашиглалт, ДНБ, эсвэл ажилгүйдэл зэргээр хэмжигддэг хэдий ч мэдэгдэхүйц байдлаар хэлбэлздэг. Эдгээр хэлбэлзэл нь технологи, сонирхол, хүн ам зүй зэргийн богино хугацааны өөрчлөлтөөс шалтгаалдаг байж болох юм.
  3. Дийлэнх тохиолдолд мөнгө чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч зарим үед мөнгөний
    бодлого ямар ч үр нөлөөгүй байж болно. (Яг л их хямралын үе шиг)
    Дээрх гурван таамаглалаас нэгэн дүгнэлтийг гаргаж болно. Тухайлбал, хуучин болон шинэ кейнсчүүд бодлогын зөвлөмжийнхөө хэлбэрийн талаар санал зөрөлддөг хэдий ч тэд засгийн газрын оролцоо нь заримдаа эдийн засгийн үйл ажиллагааны түвшинг тогтворжуулахыг хүсдэг гэдэгтэй ерөнхий байдлаар санал нэгддэг байна.

Кейнсийн эдийн засгийн хөгжил

Кейнсийн эдийн засаг нь “Их хямрал”-ын дараа түүний 1936 онд гаргасан “Ажил эрхлэлт, хүү ба мөнгөний ерөнхий онол” номондоо дэвшүүлсэн санаануудаас хойш боловсронгуй болжээ. Кейнсийн хандлага нь өмнөх нийт нийлүүлэлтэд чиглэсэн сонгодог эдийн засагтай харьцуулахад эрс ялгаатай байдлаар түүний номонд
тэмдэглэгдсэн байв. Түүний бүтээлийг тайлбарлах нь маргаантай сэдэв бөгөөд эдийн засгийн сэтгэлгээний хэд хэдэн сургууль түүний гол санааг баримталсаар байдаг. Кейнсийн эдийн засгийг богино хугацаанд эдийн засагт гарч буй өөрчлөлтөд чиглэсэн “эрэлт хэрэгцээний” онол гэж үздэг. Мөн кейнсийн онол нь хувь хүний хүсэл сонирхол дээр суурилсан эдийн засгийн зан байдал, зах зээлийн судалгааг үндэсний эдийн засгийн нийт хувьсагч ба бүтцийг судлахаас эрс салгасан анхны онол байв.

Кейнсийн эдийн засгийн шүүмжлэлүүд

• Зээл авах нь зээлийн хүүний түвшин нэмэгдэж, санхүүгийн дарамтад хүргэдэг. Кейнсчүүд эдийн засгийн уналтын үед төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг дэмжиж байв. Гэсэн хэдий ч энэ нь дараах үндэслэлээр шүүмжлэгдэж байна. Засгийн газар илүү их зээл авахын тулд бондын өндөр хүүтэй тулгардаг. Зээлийн хүү өндөр байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зогсооно.
• Нөөц шавхагдаж байна. Хэрэв засгийн газар өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор зээл авбал засгийн газар хувийн хэвшлээс зээл авна. Ийнхүү хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд хувийн хэвшил бага нөөцтэй болно.
• Инфляци. Төсвийн тэлэлтийн асуудал эдийн засаг сэргэх үед гарч ирдэг ба энэ нь ихэвчлэн хугацааны хоцрогдолтой үүсдэг тул инфляцийг өсгөнө.
• Гарцын зөрүүг урьдчилан таамаглахад бэрхшээлтэй байдаг. Гарцын зөрүүг шийдвэрлэхийн тулд хичнээн их эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг Кейнсийн эдийн засгийн таамаглалаар мэдэх боломжтой юм. Гэхдээ гарцын зөрүү нь янз бүр байж болно. Жишээлбэл, бүтээмжийн гэнэтийн уналт гарвал эдийн засгийн өсөлт бага байсан ч сөрөг гарцын ялгаа маш бага болж магадгүй юм. Энэ нөхцөлд зохих хариу арга хэмжээ нь эрэлтийг нэмэгдүүлэх бус харин бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл байна.
• Рикардогийн эквивалент байдал. Энэ нь засгийн газар зээл авах замаар санхүүжүүлж буй татвараа бууруулах төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлж байгаа бол иргэд татварын хөнгөлөлтийг бий болгохгүй гэсэн утгатай. Учир нь тэд өр төлбөрөө төлөхийн тулд ирээдүйд татвар нэмэгдэнэ гэж итгэдэг тул төсвийн тэлэх бодлого нь ямар ч нөлөө үзүүлэхгүй.
• Илүү том засгийн газрыг дэмжинэ. Эдийн засгийн уналтын үед засгийн газрууд зардлаа нэмэгдүүлдэг боловч эдийн засгийн уналтын дараа засгийн газрын зарлага нь өндөр татвар, зарцуулалтын дэглэмийг дагуулсаар байдаг. Милтон Фридман “засгийн газрын түр зуурын хөтөлбөр шиг юу ч ийм байнгын шинжтэй байсангүй” гэж хэлж байжээ. Засгийн газраас зарцуулах төслүүдийг богино хугацаанд төлөвлөж болох боловч үүнийг хэрэгжүүлж эхэлснээр засгийн газрыг лоббидох хүчтэй улс төрийн дарамт бүлгүүд бий болно.
• Хугацааны хоцрогдол. AD өсөх үед нийт эрэлтийг өөрчлөхөд нэлээд хугацаа шаардагдах бөгөөд хэрэгжүүлэх арга замууд нь оройтсон байх болно. Улмаар өндөр инфляцид хүрч болзошгүй юм.
• Филлипсийн муруйн ацан шалааны уналт. 1950-60-аад онд Кейнсийн эрэлтийн менежмент моодонд орж байсан ба засгийн газрууд ажилгүйдэл ба инфляцийн хооронд сонголт хийх ёстой болсон байв. Гэсэн хэдий ч 1970-аад онд стагфляцийн үе байсан (инфляци өсч, ажилгүйдэл нэмэгдсэн). Кейнсийн эрэлтийн менежментийг шүүмжилж буй хүмүүсийн хувьд эрэлтийг нэмэгдүүлэх бодлого нь инфляцийг улам л хүндрүүлж, урт хугацаанд ажилгүйдлийг бууруулахгүй нөлөөтэй ажээ. Монетарист шүүмжлэгчид, жишээлбэл Милтон Фридманы хувьд хамгийн сайн бодлого бол бага инфляцийг онилох бөгөөд ажилгүйдлийн түр зуурын хугацаа байж болохыг хүлээн зөвшөөрч байв. Фридман болон бусад ‘нийлүүлэлтийн талын эдийн засагчид’ нь зах зээлийн үр
ашгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх төгс бус байдлыг бууруулахын тулд нийлүүлэлтийн талын шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн итгэдэг байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Pettinger, Tejvan. Criticism of Keynesian Economics. Retrieved from:
https://www.economicshelp.org/blog/glossary/criticism-keynesianism/.
INVESTOPEDIA STAFF. 2020. Keynesian Economics. april 30. Retrieved from:
https://www.investopedia.com/terms/k/keynesianeconomics.asp.
Wikipedia. Keynesian economics. Retrieved from:
https://en.wikipedia.org/wiki/Keynesian_economics.
Greenwald, Bruce. 1993. “New and Old Keynesians.” Journal of Economic Perspective 23-44.