Юуг, яаж, хэнд гэх асуултуудад хариулт өгөх зорилготой байдаг эдийн засгийн шинжлэх ухаан нь 2 төрөлд хуваагддаг. Эдгээр нь микроэкономикс болон макроэкономикс юм.

Микроэкономикс гэдэг нь хувь хүн, агент, үйлдвэрлэгч, зах зээл гэх мэт эдийн засгийн анхдагч нэгжүүдийн үйл хөдлөлд илүү анхааран судалдаг эдийн засгийн төрөл юм.

Микроэкономиксоор хариулт өгөх боломжтой зарим асуултуудаас дурдъя.

  • Монгол улсад махны үнэ яагаад нэмэгдээд байна вэ?
  • Хүмүүс яагаад Хятад хүнснээс илүү Монголын хөрсөнд ургасан ногоог илүүд үздэг вэ?
  • Монопол пүүс үр ашигтай ажиллаж чаддаг уу? гэх мэт.

Харин макроэкономикс нь ажилгүйдэл, инфляци, дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад худалдаа зэрэг улс орны хэмжээнд яригдах асуудлуудыг гүнзгийрүүлэн судалдаг эдийн засгийн төрөл юм.

Макроэкономиксоор хариулт өгөх боломжтой зарим асуултуудаас дурдъя.

  • Валютын ханш яагаад хурдацтайгаар өсч байна вэ?
  • Засгийн газрын зүгээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээг авч болох вэ?
  • Хятад улс дахь түүхий эдийн үнийн савлагаа Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? гэх мэт.

Эдгээрээс дүгнээд хэлбэл, макроэкономиксийг бид нэг бүтэн бялуу хэмээн сэтгэвэл микроэкономикс нь уг бялууны нэг зүсэм ажээ.